Эмгэнэлт түүхтэй ч ирээдүйг бүтээсэн нислэгүүд

Л.Эрдэнэжаргал


Ан амьтдын эсрэг хийсэн аймшигт хэргүүд дэлхийн түүхэнд олон. Ор мөргүй болтол нь устгаж, олноор нь хоморголон агнаж, идэш ууш, өмсгөл зүүсгэл, эдэлгээ уналга, эм тан болгон байж болох бүх талаар амьтдыг ашигладаг хүмүүс бид хорвоогийн хамгийн төрөлтөн ч эсрэгээрээ хамгийн ухаантай нь гэдэгтэй маргах хүмүүс нь амьтны эрхийн төлөө тэмцэгчид байж мэднэ.

Хүн төрөлхтөний сайн сайхан, ирээдүй, амжилтын төлөө золиослогдсон амьтдаас түүхэнд нэрээ мөнхөлж чадсан нь харин хэд бол.

Лайка нохой

Амьтны эрхийг хамгаалах байгууллагынхны өнөөг хүртэл эсэргүүцдэг, амьтны эсрэг хийсэн хүн төрөлхтөний хамгийн том гэмт хэрэг болсон уг явдал Лайкагийн амьдралд цэг тавьсан ч сансарт гарах хүний хүслийн ирээдүйг нээсэн юм.

ЗХУ-ын анхны хиймэл дагуул сансар огторгуйд хөөрч дэлхий дахиныг гайхуулснаас нэг сарын дараа удирдагч Никита Хрущев Хувьсгалын яруу алдарт 40 жилийн ойгоор амьд биет сансар нисгэн тэмдэглэхийг хүссэн гэдэг. Москва хотын гудамжнаас олдсон, тэнүүлч жингэр олон зуун эзэнгүй амьтдаас тэвчээр, эсэргүүцэх чадвараараа шалгарчээ. Лайка хэмээн нэрлэсэн түүнийг хэдэн хоног бэлдсэний эцэст Спутник-2 сансрын хөлөгт суулган сансрын уудамд үдсэн гэдэг. Амьтны эрхийг хамгаалах байгууллагынхны өнөөг хүртэл эсэргүүцдэг, амьтны эсрэг хийсэн хүн төрөлхтөний хамгийн том гэмт хэрэг болсон уг явдал Лайкагийн амьдралд цэг тавьсан ч сансарт гарах хүний хүслийн ирээдүйг нээсэн юм.

1957 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр. Лайкаг суулгасан Спутник-2 хөлөг дэлхийн татах хүчний нөлөөллөөс гарч, тойрог замд оров. Ердөө ганц сарын дотор бүтээсэн Лайкагийн суух хөлөгт түүнийг дэлхийн татах хүчнээс тасрах үед барьж байх төмөр бүсээр бэхэлж, хөлгын бүхээгийг нүүрс хүчлийн исэл, хүчилтөрөгчөөр цэнэглэн, бүхээг доторх хэм 15 хэмээс давах үед ажиллахаар тохируулсан салхивчтай байжээ.

Цоо шинэ, содон уг аялал 5-7 цагийн дараа халуун агаар, балмагдалд орсон Лайкагийн үхлээр төгсгөл болов. Тухайн үед Лайкаг суулгасан хөлөг 7 хоног сансраар аялсан гэж Зөвлөлтийн удирдагчид мэдэгдэж байлаа. Лайкагийн үхлийн шалтгаан бүр сүүлд буюу 2002 онд л тодорхой болсон нь хэт халуун агаар, балмагдалд орсон явдал гэж судлаачид тайлбарласан байдаг. Амьд бие организм дэлхийн татах хүчний дутагдлыг удаан хугацаанд тэвчиж чадахын баталгаа болсон уг явдлын 60 жилийн ой энэ онд тохиосон. Хүн төрөлхтөн сансрын тойрог замд хөлгөө хүргэж, хүнийг сансарт хөөргөн эсэн мэнд буцаан авчрах зорилготой хийсэн энэхүү туршилт сансар судлалын түүхэнд онцгой хувь нэмэртэй болжээ. Лайкаг гудамжнаас олж, тэжээн бэлдсэн Зөвлөлтийн биологич Адилья Котовска “Дэлхийг 9 удаа тойрсон Лайкагийн нислэг сансар судлалын ирээдүйг эхлүүлсэн” хэмээхийн зэрэгцээ жингэр нохой сонгосон шалтгаанаа “Шээхдээ хөлөө өргөдөггүй нь сансрын хөлөгт бага зай эзлэх онцлогоороо эрэгчин нохойноос давуу талтай байлаа” гэж дурсчээ.

Спутник-2 хөлөг 1985 оны дөрөвдүгээр сарын 4-нд дэлхийн агаар мандалд орж ирэн бутарч унахдаа дэлхийг нийт 2570 удаа тойрсон байжээ.

Өдгөө сансрын нисгэгчдийг бид татах хүчгүй нөхцөлд үсээ хэрхэн угааж, нулимс нь хацар даган урсах бус нүднийхээ аяганд бөнжигнөн буйг байдаг л зүйл мэтээр хүлээн авахын өмнө дэндүү олон туршилт хийж, тэр бүртээ амьтдыг золиослож байсан гашуун түүх бий.

Сансарт ниссэн амьтад

Хамгийн анх, Лайкагаас ч өмнө нацистууд V-2 пуужинд нэг төрлийн ялаануудыг хийн 110 км-ийн өндөрт хөөргөж байжээ. Үүнээс хэдэн жилийн дараа НАСА-гаас Алберт I, II, III, IV нэртэй сармагчингуудыг пуужинд суулган хөөргөж туршсан ч тэдний хэн нь ч амьд үлдээгүй аж. Нийт 10 орчим жилийн турш хийсэн Зөвлөлт, америкчуудын хийсэн амьтдыг пуужин, сансрын хөлөгт суулган хөөргөсөн туршилтууд бүгд бүтэлгүйтсэн гэдэг.

1951 оны есдүгээр сар, Ёрик хэмээх бичийг сансарт хөөргөсөн нь эх дэлхийд амьд буцаж ирсэн анхны амжилттай тохиолдол болжээ. Энэ туршилтын дараа эрдэмтэд хүн дүрст амьтныг сансарт хөөргөн эсэн мэнд буцаан авчирч чадах болсноо дэлхий дахинд зарлав.

Харин Лайкагийн дараа 1960 оны наймдугаар сарын 19-нд Белка, Стрелка хэмээх хоёр нохойг анх удаа тойрог замд хүргэн нэг өдрийн дараа эсэн мэнд буцаан газардуулав. Белка, Стрелкагийн нислэг амжилттай болсны үр дүнд 1961 онд анх удаа хүн сансарт хөөрсөн нь Юрий Гагарин байлаа.

Хүн сансарт нисэхээс өмнө зурвасхан тохиолдсон нэг явдал нь өөр зорилгоор сургаж байсан анхны (хүнтэй төстэй амьтан) Хэм сармагчин НАСА-гийн сонголтоор 1961 оны 1-р сарын 31-нд сансарт тун амжилттай хөөрч буцаж ирснийг олон жилийн туршилтын үр дүн байсан гэж эрдэмтэд дүгнэдэг.  Дэлхийн тойрог замаас гарсан даруйдаа хүчилтөрөгчийн дутагдлын улмаас саатсан ч гурван цагийн сансрын аялалын дараа төрөлх гарагтаа эрүүл саруул буцаж ирсэн Хэм газардсаныхаа дараа нэг алим, тал жүрж идсэн гэдэг. Хэм сансрын аялалынхаа дараа Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд 17 жил гаруйн хугацаанд амьдарсан нь сансраас эсэн мэнд ирж, дэлхий дээр хамгийн удаан амьдарсан цор ганц амьтан гэх цолыг түүнд авчирсан билээ.



1968 он гэхэд ЗХУ-ын сансар судлаачид сансрын тойрог зам, сар луу чиглүүлэн хөөргөсөн амьтдын жагсаалт 2 яст мэлхий, ялаа, цох хорхойг хүртэл илгээжээ. Тэдний араас мэлхий, муур, аалз хүртэл сансарт хөөрөв. 1969 онд хүн төрөлхтөн саран дээр мөрөө үлдээхэд сансар тийш илгээсэн амьтдын цуваа нэг юм төгсөв.

Өдгөө хүн төрөлхтөн дэлхийн татах хүчнээс гарахаар мөрөөдөж, судлаж байсантай адилаар Ангараг гарагийг эзэгнэхээр зэхэж байгаа билээ. Гэхдээ Ангарагт эзэн суухаасаа  өмнө ямар нэг амьтан илгээж тэндэхийн агаар, орчинг турших тухай санаа яригдаж эхэлжээ. Гэхдээ амьтдын эрхийг хамгаалагчдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан НАСА сансрын аялалд амьтан турших төлөвлөгөөгөө түр хойш тавиад байна. Харин Европын Сансар судлалын агентлаг болон Оросууд хүн дүрст сармагчинг ийм төрлийн туршилтанд илгээхээр нэгэнт шийдсэн гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Ямартаа ч хүн төрөлхтний өөрсдийн ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө гартаа оруулж эрхшээлдээ байлгаж чадсан амьтад дээр хийх туршилт эмгэнэлтэй төгсгөлтэй хэдий ч үргэлж сайн сайхны төлөө байдаг ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. munhnaran eej

    0 0 Хариу бичих