Б.Эрдэнэбулган: Зүүн өмнөд Азийн намуудтай харьцуулахад бидэнд ололт, дэвшилттэй тал олон байна

Eagle.mn


Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэр-Сан залуусын улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудын улс төрийн намыг институцийнх нь хувьд төлөвшүүлэх, улс төрч, улс төрийн намын тогтолцоог ил тод байлгах, дотоод ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намын гишүүнчлэлийн стратеги, сонгуулийн кампанит ажил, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо намтай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсээр иржээ. Эдгээрийн нэг болох KASYP /Konrad Adenauer School for Young Politician/ хөтөлбөрт хамрагдаад ирсэн залуу улстөрч, улс төр судлаач Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Азийн хэчнээн орны залуус таны хамрагдсан хөтөлбөрт оролцож байна вэ. Энэ хөтөлбөрийн ач холбогдлын талаар ярихгүй юу. Өмнө нь Монголоос хүн хамрагдаж байсан уу?

-ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо намын дэргэдэх тинк-танк судалгааны байгууллага Конрад-Анденауэр-Сан нь 2010 оноос эхлэн KASYP /Konrad Adenauer School for Young Politician/ хөтөлбөрийг Азийн орнуудын ардчилсан чиг баримжаатай намуудын залуу улстөрчдийг чадавхжуулах зорилгоор хэрэгжүүлж ирсэн юм билээ. Ардчилсан нийгэм, улс төрийн тогтолцооны гол элемент нь улс төрийн нам. Тэр утгаараа улс төрийн нам иргэдийг төртэй холбох гол гүүр болдог учраас хүчтэй, чадвартай байх ёстой. Зүүн болон Зүүн өмнөд Азийн ардчилсан чиг баримжаатай намуудын 24-35 насны залуусаар дамжуулан энэ талаарх мэдлэгийг өгөхөд хөтөлбөрийн гол агуулга чиглэгддэг юм байна. Улс төрийн намын дотоод хүчин чадлыг нэмэгдүүлэх, институцийнх нь хувьд төлөвшүүлэх, улс төрч, улс төрийн намын тогтолцоог ил тод байлгах, дотоод ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намын гишүүнчлэлийн стратеги, сонгуулийн кампанит ажил, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх, намын сонгуулийн үйл явц зэргээр залуусыг чадавхжуулахад анхаардаг юм байна. Энэ хөтөлбөрт Монголоос анх удаа хоёр залуу улстөрчийг шалгаруулж оролцуулсан. Надтай хамт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал асан, АЗХ-ны нарийн бичгийн дарга  Х.Номингэрэл хөтөлбөрт хамрагдаж байна. Хөтөлбөр маань дөрвөн үе шаттай. Дөрвөн шатлал бүхий сургалтын эхний гурвыг нь Азийн гурван улсад 3-5 хоногийн хугацаатай сургалт хэлбэрээр зохион байгуулах юм. Хамгийн сүүлийн сургалтыг ХБНГУ-д хийж, барууны ардчиллын хэв загвар, улстөрийн тогтолцоотой танилцахаар хөтөлбөр тусгасан байсан.

-Хэчнээн орны залуус хамрагдаж байна вэ. Хоёр удаагийн сургалтад хамрагдаад байгаа гэсэн. Ямар сэдвээр өрнөв?

-Эхнийх нь “Ардчилсан тогтолцоон дахь улс төрийн намын үүрэг, зохион байгуулалт” сэдвээр өнгөрсөн хоёрдугаар сард Камбож улсад болж, найман улсын 19 залуу улстөрч оролцсон. Тодруулбал, Энэтхэг, Камбож, Малайз, Индонез, Филиппин, Мянмар, Монгол, Шри-Ланк зэрэг улсаас шалгаран оролцлоо. Хоёр дахь сургалт өнгөрсөн наймдугаар сард Малайз улсад “Орон нутгийн удирдлага ба хөгжил” сэдвээр болсон. Дараагийн сургалт  ирэх оны дөрөвдүгээр сарын эхээр сонгуулийн кампанит ажилтай холбоотой сэдвээр болно. Сургалт хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Академик сургалт буюу Азийн тэргүүлэх сургууль, судалгааны байгууллагуудаас тухайн сэдвийн дагуу хүмүүс ирж лекц уншдаг. Сая Малайзад болж өнгөрсөн сургалтад Сингапурын Ерөнхий сайдын нэрэмжит Төрийн удирдлагын сургуулиас багш эрдэмтэд ирж, лекц уншсан. Практик уулзалтууд бас хийдэг. Камбожид болоход бид тус улсын парламентын залуу гишүүдтэй уулзаж, туршлага солилцсон. Өнгөрсөн наймдугаар сарын уулзалт орон нутгийн хөгжил, засаг захиргаатай холбоотой сэдвээр явагдсан. Малайз нь холбооны улс, ер нь холбооны улсын төрийн тогтолцоо ямар зарчмаар явдаг, хаана, яаж шийдвэрээ гаргадаг зэргийг туршлага солилцож мэдэж авлаа. Товчоор хэлэхэд, орон нутгийн удирдлага, хот, дүүргийн, муж, улсын түвшний гүйцэтгэх байгууллагууд ямар асуудал эрхэлдэг талаар судаллаа.

-Судалсан туршлагаа Монголд хэрэгжүүлэх боломж байна уу. Залуу улстөрчдийг чадавхжуулах тал дээр хөтөлбөр хэрэгжүүлэх үү?

-Энэхүү хөтөлбөрт шалгаран оролцохдоо бид АН-ыг төлөөлөн оролцож буйн хувьд намдаа тулгарч байгаа үе хоорондын үл ойлголцол, ахмад залуу үе нь биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлыг харилцан ярилцаж, тодорхой хэмжээнд шийдвэрлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тиймээс АН-ын үе үеийн улс төрчдийн төлөөллүүд харилцан ярилцах, ойлголцох уулзалтыг энэ оны тавдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Энэ уулзалтад Ардчилсан Хувьсгалын анхдагчийн нэг Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, дунд үеийг төлөөлж Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн С.Одонтуяа, залуу үеэс АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч О.Эрдэнэ-Өрнөх, АЗХ-ны Ерөнхий нарийн бичиг М.Амгаланбаатар нар оролцож хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ дөрвөн хүнийг зэрэгцүүлж суулгаад ардчиллын үнэт зүйл, үзэл санаа нь юу юм, АН-ын үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулаад ярихад бие биенийгээ мэддэггүй, өмнө нь мэдэх боломж олдож байгаагүй мэт зүйл ажиглагдсан. Зэрэгцэж суугаад асуудлуудаа ярихаар ижил болоод ялгаатай талууд тодорхой харагдаж, илүү биенээ ойлгож хүлээн зөвшөөрч буй уур амьсгалд бүрдэж байлаа. Тиймээс дараагийн энэ хэлбэрийн үе хоорондын хэлэлцүүлэг, уулзалтыг ирэх оны эхээр Х.Номингэрэлийн хамт хийхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь энэ уулзалт АН-ын залгамж чанарыг хадгалах, залуу гишүүдэд түгээх зорилго агуулж байгаа юм.   

-Танай нам шинэчлэгдэж байгаа. Шинэчлэлийн үйл явцад хувь нэмрээ оруулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Зүүн өмнөд Азийн улс төрийн намуудын залуустай ярилцаж байхад яг өнөөдөр бидэнд тулгарч байгаа бүх асуудал тэдэнд ч бас байна. Улс бүр өөр өөрсдийн арга замаар шийдэхээр чармайж байгаа юм билээ. Улс төрийн нам дотор үл ойлголцол зонхилох, шийдвэр гаргах явц удаан байх гэх мэт бүх асуудлууд тэндэнд ч мөн байна. Бид өнгөрсөн хугацаанд явж ирсэн ардчилсан тогтолцоогоо ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулаад болохгүй, бүтэхгүй байгаа мэтээр яриад байдаг. Бусад ардчилсан улс төрийн тогтолцоотой улсуудын намуудад тохиолддог зовлонг бид ч мөн туулаад явж байгаа. Бидэнд ардчилсан тогтолцооны хувьд ололт, дэвшилттэй тал олон байгааг Зүүн өмнөд Азийн улс төрийн намуудтай хийсэн харьцуулалтаас олж харсан. Харин одоо бид тэр ардчилсан чиг баримжаатай намуудтай харилцан хамтарч, туршлага судлан ажиллах нь чухал юм. Манайх сонгуулиас сонгуулийн хооронд тайван замаар төрийн эрхийг намууд хоорондоо шилжүүлж сурсан байна. Гэтэл ардчилсан тогтолцоотой ч Азийн зарим оронд сонгуулиар нэг нам нь ялагдахгүй байхын тулд цэрэг хүчний байгууллага ашигладаг явдал байна. Өөрөөр хэлбэл, эвлэлдэн нэгдэх эрхийг нь боодог, эмэгтэйчүүдийг жендерийн хувьд хязгаарладаг, шашин шүтлэг, яс үндсээр нь ялгадаг зовлон бэрхшээл байна.

-ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо нам, Конрад-Аденауэр-Сан нь улсдаа хэр нөлөөтэй байдаг юм бэ?

-Конрэд-Аденауэр-Сан нь Христийн Ардчилсан Холбоо намын анхны даргын нэрээр нэрлэгдсэн Германы төрөөс санхүүждэг олон улсын судалгааны, улс төрийн тинк-танк байгууллага юм. Монгол суурин төлөөлөгч нь 1992 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Христийн Ардчилсан Холбоо нам Дэлхийн II дайны дараа буюу 1945 онд байгуулагдсан. Үүнээс хойш ХБНГУ-ын төрийн эрхийг голлон барьж байгаа нам, өнөөдрийн ХБНГУ-ын Канселарь Ангела Меркелийн нам гэсэн үг л дээ.

Хөтөлбөрийн гуравдахь сургалт Непал улсад “Сонгуулийн тогтолцоо, кампанит ажил” сэдвийн хүрээнд явагдана. Зүүн Өмнөд Азийн улсуудаас Камбож, Инденез, Малайз улсад 2018 онд улс төрийн сонгуулиуд болно. Хөтөлбөрийн хамгийн сүүлийн сургалт нь ХБНГУ-д болох юм. Тус улсын улс төрийн тогтолцоо, Христийн Ардчилсан Холбоо намтай танилцах юм.

-Та Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Энэ сургалтаар дамжуулаад дүүрэг дээрээ хэрэгжүүлэх ажил байгаа юу?

-Сургалт болгоныхоо дараа өөрийн нөлөөлж болох хүрээндээ юу сурсан мэдсэн талаараа товч танилцуулсан. Тодруулбал, дүүргийн намын хороо, үүрийн гишүүддээ уулзалт яриа хийсэн. Энд онолын талаар илүү баталгаажуулж, мэдэхээс гадна амьдралд хэрэгжүүлж болох сайн туршлагуудыг судалж ирсэн. Жишээ нь, Малайзад “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих корпораци” гээд төрийн бус байгууллага байдаг юм байна. Энэ нь иргэдийн оролцоогоор дамжуулж амьдрах орчиндоо ээлтэй, хүртээмжтэй төсвийг хэрхэн төлөвлөх, батлах, зарцуулах, хянах үйл явцын сайн туршлагыг судалсан. Үүнийг сонгогдсон тойрогтоо хэрэгжүүлэх бодолтой байна. Улс төрч болохын тулд ямар мэдлэг мэдээлэл, чадвар чадавхийг өөртөө шингээсэн байх талаар энэ хөтөлбөрөөс их зүйлийг суралцаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. маш том асуудал хөндсөн боловч шалихгүй хариулт өгчжээ. Номингэрэл нь юу гэх юм бол...

    0 0 Хариу бичих