Австраличууд ижил хүйстний гэрлэлтийг дэмжлээ

Л.Эрдэнэжаргал


Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд эхэлж аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бүх нийтийн санал асуулгын дүнд Австраличуудын 61.6 хувь нь  ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжлээ. Австралийн Статистикийн хорооноос өнөөдөр энэ тухай мэдээлсэн бөгөөд  санал асуулгад оролцогсдын 38 хувь нь татгалзсан аж.

Уг мэдээ цацагдснаас хойш Мельбурн-д олон зуун иргэд солонгон утаа гаргаж, дуулж, бүжиглэн баярлаж байна. Санал асуулгад нийт хүн амын 79.5 хувь буюу 12,7 сая хүн оролцжээ. Австралийн Ерөнхий сайд Мальколм Тюрнбулл санал асуулгын дүн гарсны дараа “Зул сарын баярын өмнө ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар батална. Манай иргэд шударга ёс, итгэл үнэмшил, хайрынхаа төлөө саналаа өглөө. Одоо Парламентаас иргэдийнхээ саналыг дэмжих л үлдлээ” гэж  хэлэв. Улс төрчид одоо энэ долоо хоногтоо ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хэрхэн хуульчлах, ямар заалтууд оруулах тухай хэлэлцэнэ.

Австрали улс гэрлэлтийн тэгш эрхийг дэмжих тухай олон жил ярьж  Ерөнхий сайд асан Тони Абботт энэ талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар 2 удаа санал оруулсан хэдий ч Австралийн сенатын танхим зөвшөөрөөгүй төдийгүй санхүүжилтийг нь шийдэж өгөхгүй байсан юм.

Харин шинэ Ерөнхий сайд Тюрнбулл өнгөрсөн наймдугаар сард шуудангийн санал асуулга явуулахаар зарласнаар санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн байна. Ингэснээр Парламентийн зөвшөөрлийг авах шаардлагагүй болж санал хураалтаа саадгүй явуулах боломж бүрдсэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)