Н.Сувдмаа: Томуугийн тархалт өмнөх жилүүдийнхээс буурсан

Eagle.mn


Жилийн энэ үед бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт дэгддэг. Томуу, томуу төст өвчний 200 гаруй төрлийн вирус агаар дуслын замаар халдварлан өвчин үүсгэдэг бөгөөд вирус бүр өөрийн гэсэн онцлог бүхий эмчилгээтэй.

Томуу үүсгэдэг вирус жил бүр өөрчлөгддөг бөгөөд гадуур тархаад буй томуугийн вирусийн онцлог, тархалт болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурвалжиллаа.

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төв зарим тохиолдолд дүүргийн эмнэлэг жилийн энэ үед ханиад, хатгалгаа туссан хүүхдээр дүүрч ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс нөхцөл байдалтай танилцахаар БЗД-ийн нэгдүгээр хорооны “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвөөр очлоо. Үд хэрд очиход ханиадны зовиуртай ирсэн өвчтөн байхгүй, А витаминд хүүхдээ хамруулах гэсэн хоёр ээж зогсож байлаа. Тус витаминжуулалтад зургаан сараас таван настай хүүхдүүд хамрагдах ёстой бөгөөд тав болон арваннэгдүгээр сард өрхийн эмнэлэг дээрээ очин үнэгүй хамрагдах юм.

 -Нэг өвчилсөн вирусээр ахин халдварлаж өвчилдөггүй-

Ханиад, томууны улирал эхэлсэн ч халдвар аван ирж үзүүлэх, дуудлага өгөх, ханиад нь хүндэрсэн тохиолдол урд урьдын жилүүдээс харьцангуй багассан,  гэдгийг тус төвийн эмч Д.Хоролсүрэн хэллээ. Ингээд түүнээс томуу, томуу төст өвчинтэй холбоотой зарим зүйлийг асуулаа.

-Хүйтний улирал ирж байгаа учраас бага насны хүүхдүүд ханиад, томуу төст өвчнөөр өвчлөх нь ихсэж байгаа байх.

-Энэ жилийн хувьд ханиадны тархалт харьцангуй бага байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ханиадны вакцин хийсэн. Мөн 0-2 настай хүүхдүүдийг хатгалгааны вакцинд хамруулсан нь томуу, томуу төст өвчний гаралт буурах, хүндрэл гарахгүй байхад нөлөөлсөн байх. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ төрлийн өвчлөл өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад хоёр хувиар бага байна. Зонхилох тархалт нь 0-9 насны хүүхдүүдийн дунд байна гэсэн судалгаа гарсан байна.

-Ханиадны улирал эхэлж байгаатай холбоотойгоор 0-5 насны хүүхдэд үнэгүй эм олгодог. Үнэгүй эм олгож байгаа юу?

- Хөтөлбөр энэ жил ч гэсэн хэрэгжинэ. Эмийн жагсаалтад өөрчлөлт ороод бэлтгэл ажил хангагдааж  явж байгаа гэсэн. Одоогоор хүүхдүүдэд үнэгүй эм олгож эхлээгүй байгаа.

-Бага насны хүүхдүүд ханиад хүрээд эмчийн заавраар эмчилгээ хийлгэсэн ч бүрэн эдгэлгүй даамжирсаар зарим хүүхэд өвөлжин ханиадтай байлдаг. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?

-Ханиад олон төрлийн вирусээр халдварладаг. Эмчилгээ хийлгээд байхад ханиад даамжраад байна гэдэг маань тухайн хүүхэд өөр төрлийн вирусээр ахин халдварлаад байна гэсэн үг. Тиймээс тухай бүрд нь эмчид хандан тохирсон эмчилгээг хийлгэж байх хэрэгтэй.

Харин нэг өвчилсөн вирусээрээ ахин халдварлаж өвчилдөггүй.

-Мэдээж хүмүүс хүүхдээ ханиад хүргээд эмээр хооллоод байхыг хүсэхгүй шүү дээ. Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Томуу төст өвчин агаар дуслаар болон ахуйн хавьтлаар халдварладаг. Тиймээс амны хаалт хэрэглэх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх, орчныхоо агаарыг хоёр цаг тутамд сэлгэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах, найтаахдаа амны алчуур хэрэглэх, дархлаа дэмжих хүнс хэрэглэж байх хэрэгтэй. Томуу төст өвчний вирус нь халуун тэсвэргүй байдаг тул өөрийн биеийн дулаанаа алдалгүй халуун хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй.

-Ханиадны эхний шинж тэмдэг илрэхэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Антибиотик огт хэрэглэхгүйгээр халуун чацаргана, аньс, аарц зэргийг өгч, жамц давсны уусмалаар зайлах хэрэгтэй. Цаашлаад ханиадны шинж тэмдэг илэрсэн үед заавал эмчид хандан, эмчилгээг нь эмчийн зааврын дагуу дуустал нь үргэлжлүүлж дур мэдэн эмчилгээ хийхээс зайлсхийх ёстой.

-Дараагийн дархлаажуулалтад багш нарыг хамруулна-

Томуугийн тархалтын талаар  ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Томуу, томуу төст өвчний тархалт ямар байна вэ?

-Нийслэлийн нийт өвчлөлийн 3.6 хувийг томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь сүүлийн гурван жилийн дунджаас хоёр хувиар багассан үзүүлэлт юм.  Томуу төст өвчнөөр өвчлөгсөдийн 70 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна.

-Гадуур тархаад байгаа ханиад ихэвчлэн ямар вирусээр үүсгэгдэж байна вэ? энэ вирусээр өвчлөхөд ямар шинж тэмдэг илэрч байна вэ? Даамжирвал ямар хүндрэл үүсч болзошгүй вэ?

-Нийт сорьцод хийсэн шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй. Томуу төст өвчний хувьд иж вирус, рино вирус, митапинамо вирус, энтэро вирусын дэгдэлт өндөртэй байна. Эдгээр нь бүгд вирусын халдвар учир томуу томуу төст өвчний шинж илэрдэг. Тодорхой хугацааны дараа нүд улайх, хоолой өвдөх, амьсгал ширүүсэх, хатгалгаа өгөх гэх мэт халдварласан вирусын онцлог бүхий шинж тэмдэг илэрнэ.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Томуу төст өвчний вирусээр ихэвчлэн бага насны хүүхэд өвчилж байгаа учраас асаргаа сувилгаа сайн байх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдээ дулаан хувцаслах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, эмчийн заавраар тохирсон эмчилгээг хийх, халуун бүлээн, илчлэг сайтай хоол тэжээл өгөх, цэгэн массаж хийж өгөн вируст халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

-Улирлын томуугийн дархлаажуулалтын вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Улирлын томуугийн вакцин хийлгэснээр 14 хоногийн дотор дархлаа тогтож, вакцины найрлагад байгаа вирусээр нэг жилийн хугацаанд өвчлөхгүй хамгаалагддаг. Энэ жил улирлын томуугийн эсрэг 210 мянга гаруй вакцин захиалсан. Өнгөрсөн сарын 16-наас эхлэн томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Үүнд зорилтот бүлэг болох жирэмсэн эхчүүд, өндөр настан, 0-5 хүртэлх насны хүүхэд, амьсгалын замын архаг хууч өвчтэй иргэдийг үнэ төлбөргүйгээр хамруулсан. Иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулахад ХӨСҮТ-д гурван кабинет, уртасгасан цагаар ажиллаж байгаа.  Сайн дураар вакцинд хамрагдах иргэдийг аравдугаар сарын 23-аас эхлэн дархлаажуулж эхэлсэн. Ээлжит вакцин удахгүй ирнэ. Одоо ирэх вакцинд багш нарыг хамруулахаар төлөвлөсөн. Сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд 10000 төгрөгөөр вакцин хийлгэж болох бөгөөд томуугийн вакцины талаарх мэдээллийг 455388 дугаараас авч болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)