Гурван олимпод “түрүүлсэн” монгол аварга

Х.Батсайхан


Олимпийн аварга Найдангийн Түвшинбаярыг би олимпийн наадамд гурван удаа түрүүлсний дайтай хүндэлдэг. Яагаад гэвэл тэр олимпийн наадамд ялагдаж үзээгүй бөх. 2012 онд Тагир Хайбуллаевт ялагдсан ч өвдөгний шөрмөс нь тасарсан байсан учраас шударга ялагдал биш. Хожим Тагир Хайбуллаев аваргыг Монголд бэлтгэл хийхээр ирээд байх үед нь уулзаж ярилцахад “Н.Түвшинбаяр гэмтээгүй байсан бол яах байсныг хэлж мэдэхгүй”, “Би өмнө нь Найданд ялагдаж байсан” хэмээн ярьж байсан юм.

Харин “Рио 2016” олимпийн тухайд, Кубын бөх Хосе Арментерост шүүгч үнэлгээ өгөх ёсгүй байсан, Монголын бөх үнэлгээ алдаагүй гэдгийг Олон улсын жүдо бөхийн холбоо шүүгчдийн семинар дээрээ жишээ татан тайлбарлаж байсныг мэдэх нэг нь мэдэх биз. Монголчуудынхаа нэгэн адил аваргадаа итгэдэг болхоор “Хэрвээ шүүгч будилуулаагүй бол дахиад нэг удаа аваргаа батлахаар зүтгэх л байсан даа” гэсэн харуусал төрж байсныг нуух юун. Ингээд бодохоор манай аварга яах ч аргагүй гурван олимпийн циклд барилдаж, гурвууланд нь түрүүлэх хэмжээнд оролцсон аргагүй л олимпийн одтой бөх юм. 

Дэлхийн дэвжээнд хоёр аравныг дамжин дээд түвшинд барилдаж, тив, дэлхий, олимпийн наадмаас медаль хүртсээр яваа аваргаараа бахархахгүй байхын аргагүй. 

   

Их Монгол Улсын гурав дахь хаан Хубилайн цэцэн зөвлөх Лю Би Лянь нэгэнтээ “Мориноос буулгүй дэлхийн талыг эз­лэх амар. Харин мориноос буу­гаад төрийг төвхнүүлэх хэ­цүү” хэмээн сургасан. Тэг­вэл энэ алдарт үгтэй утга нэг “Аварга болох амархан, авар­гаа хамгаалах хэцүү” гэсэн үг спортын ертөнцөд туйлын үнэнд тооцогдсоор өнөөг хүр­чээ. Үүнийг заавал аварга болох, алтан медаль авах биш, “Али­ваа амжилтыг гаргахад амархан, давтахад хэцүү” гэж ойлгож ч болно.

Үнэндээ сүүлийн үйл нь эхнийхээсээ үлэмж хэцүү гэдгийг харуулахын тулд л “амархан” гэдэг үг хэрэглэсэн болохоос амархан юм гэж юу байх вэ. Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх нь агуу үйл хэрэг, анх удаа аварга болох нь ч хэцүү даваа. Тиймээс дээрх үгийг заримдаа “Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх маш хэцүү, мориноос буугаад төрийг төвхнүүлэх түүнээс ч хэцүү” гэх юм уу, “Аварга болох хэцүү, аваргаа хамгаалах түүнээс хэцүү” гээд засчихмаар санагддаг юм. Энэ утгаараа Н.Түвшинбаярын ам­жилт үнэхээр том.

“Лондон 2012” олим­пийн наадмын жүдо бөхийн тө­рөлд “Бээжин 2008” олимпийн аваргуудаас 48 кг-ын жинд Румыны Али­на Думитру, эрэгтэй 81 кг-д хүч үзсэн Германы Оле Би­шоф, манай Н.Түвшинбаяр нар л шигшээ барилдаанд шал­гарч чадсан, нэг нь ч алт авч чадаагүй. Харин Ардчилсан Солонгосын Ан Кум Аэ, БНСУ-ын Ким Жаэ Бум нар Бээ­жингийн мөнгөн медалиа алт болгож чанаржуулсан. Хүн төрөлхтний их баяр цэнгэл олимпийн наадамд хоёр удаа аваргын төлөө шалгарна гэдэг бол домогт бөх боллоо гэсэн үг. 

До­могт бөхчүүдийн тоонд нэр төртэйгөөр алхан орсон эд­гээр бөх­чүүдээс манай Н.Түвшин­баяр Лондон хүртлээ маш хүнд хэцүү замыг туулсан, аваргаа батлах барилдаанд бэртэлтэй орсон гэдгээрээ ялгарна. Энэ баримт түүний мөнгөн медалийг алттай дүйцүүлэх үнэ цэнэтэй болгож байгаа юм. Товчхондоо, аваргаа баталсан нь Н.Түвшинбаярын гол гавьяа байсан  юм. Н.Түвшинбаярын бас нэгэн гавьяа бол 2008 оны сонгуулийн дараа улс төрийн талцалаас болж эв эвдэрсэн монголчуудыг буцаан эвлэрүүлж, уур амьсгалыг зөөллөсөн явдал. Хэрвээ Н.Түвшинбаяр олимпийн алтан медаль хүртэж, монголчуудын магнайг тэнийлгээгүй бол юу ч болох байсан юм билээ.  

Бээжинд тэр алдарт бөх болсон, харин Лондонд “амьд домог” болсон юм.

Үүнээс гадна бас нэгэн онцлог түүхийг Н.Түвшинбаяр бий болгосон учрыг дороос уншина уу.

Жүдо бөхийн спортод “олим­пийн бөх”, хөлбөмбөгийн спор­тод “тэмцээний баг” гэсэн ойл­голт бий. Олимпийн гурван удаа­гийн аварга Японы домогт бөх Тадахиро Номура ДАШТ-д таа­руухан оролцдог, тэр ч бай­тугай заримдаа улсынхаа авар­гад ялагдан ДАШТ-д оролцож ч чаддаггүй байсан атлаа олимпийн жилд гэнэт цоордог байснаараа “Олимпийн бөх” гэсэн ойлголтыг бий бол­госон.

Ийм жишээ хөлбөмбөгт ч бий. Германы шигшээ баг 2000 оноос хойш хурц “од” тоглогч цөөтөй болж, нөхөрсөг тоглолтуудад муухан тоглодог ч ДАШТ, ЕАШТ-ээс үргэлж медаль хүрт­сээр ирснээрээ “Тэмцээний баг” гэдэг нэрийг авсан. Тэгвэл ма­най Н.Түвшинбаяр мөн л олон алтан медаль аваагүй, тэр ч байтугай Бээжингийн олимпоос хойших дөрвөн жилийн хагаст нь барилдаагүй. Ази тивийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Зүүн өмнөд Азийн аваргаас мөн хүрэлтэй. Олон улсын тэмцээнээс ч голдуу мөнгө, хүрэл медаль хүртэж байсныг нь спорт сонирхогчид мэдэх биз. Гэвч тэр “Олимпийн бөх” байжээ.

Бээжингийн олим­пийн алтан медаль түүний хувьд олон улсын чанартай тэмцээнд түрүүлсэн анхны тохиолдол нь байсан бол үүнээс хойших олон улсын тэм­цээний анхны медалиа хаа байсан хоёр жилийн дараа, нутагтаа болсон “Чингис хаан-2010” дэлхийн цомын тэмцээнд аваргалж авч байлаа. Энэ алт ирэх хүртэл тэр олон удаа ялагдаж, шүүмжлэлийн бай болж байсныг бүгд мэднэ. Тэр үед шүүмжилж байсан хүмүүс харин түүнийг “олимпийн бөх” байсныг нь мэдээгүй байж дээ.  

Н.Түвшинбаярын амжилтын цаана Мон­гол Улсын нэр хүнд яваа. Тийм ч учраас монголчууд бүгдээрээ баяр талархлаа илэрхийлэн хүн­дэлцгээж байна. Харин энэ хайр та­лархлын эзэд болсон жүдочид маань төр засгаас гадна, Монгол Улсын Ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Х.Баттулгад баярлаж явдгаа байнга илэрхийлдэг. Учир нь, энэ эрхэм өөрийн үүс­гэн байгуулсан “Женко” ком­панийнхаа орлогын бага­гүй хэсгийг жүдо бөхийн хөг­жилд зарцуулсны хүчээр Монгол хүн хүчтэй, монголчууд чадвартай гэдэг ойлголтыг жүдогоор дамжуулан дэлхий нийтэд түгээж байна.  

“Али­ваа амжилтыг гаргахад амар­хан, давтахад хэцүү” гэ­сэн зүйр үгийг “Нэр хүндийг оло­ход амархан, хадгалж явах хэ­цүү” гэж хэлж бас болно. Түү­нийг алсын хараатай нэгэн гэдгийг монголчууд андахгүй. Гэхдээ үнэхээр энэ тодотголд тохирох нэгэн гэдгийг жүдогийн шигшээ баг “Будапешт 2017” ДАШТ-ээс меда­лийн хур буулгаж, дахин нэг нотоллоо. Аливаа улсын хөгж­лийг олимпод хэрхэн оролц­со­ноор нь шинждэг гэдэг үг бий. Тэгвэл Х.Баттулгын алсын ха­рааны ачаар Монгол Улс Бээжинд олж авсан “Хөгжиж байгаа улс” гэсэн тодотголоо Лон­дон, Рио де Жанейрод баталгаажуулсан. Ингээд хам­гийн хэ­цүү бүхнийг давж, амжил­таа давтсан түүхэн цаг мөчүүд үргэл­жилж, “Токио 2020”-оос чи­хэнд чимэгтэй мэдээ ирэх биз ээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. 3 дах хааныхаа нэрийг д анпуурч бусад нь бол үнээн

    0 0 Хариу бичих
  2. Баянхонгороос тэгээд дэвшихгүй яагаа вэ Төвшөө?

    0 0 Хариу бичих
  3. Ymar chi bish dee

    2 0 Хариу бичих
  4. ЖЕНКОГИЙН ХАЛААСНЫ УЛС ТӨРЧ ХУДЛАА ПЕПСИГЭЭ Л УУЖ БАЙНА.

    1 4 Хариу бичих
    • тэнэгтээрэй, новшоо. Дэлхийд танигдсан хүнийг чи яах юм.

      0 0