Зул

Eagle.mn


ЦЭРЭННАДМИДЫН БАДАМСЭРЭЭЖИД

(1925 - 2017)

Бид бүхний хайрт, халамжит, эрхэм хүндэт, хамгаас нандин аав, Монгол Улсын хурц арслан, Соёлын гавъяат зүтгэлтэн бөхийн нэрт тайлбарлагч, домогт их бөх Цэрэннадмидын Бадамсэрээжид 2017 оны 11 сарын 13-ны өдөр таалал өргөж Монгол бөхийн  өв соёл, ахан дүүс, үр хүүхдэд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Аав минь Монголын хоймор нутгийн хийморьт эрсийн нэгэн болж  1925 оны хөхөгчин модон үхэр жилийн өвөл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Уйлган голын эх, Хайрхан уулын өвөрт төрсөн билээ. Уйлган голын их аваргуудыг залгаж арслангуудын тод манлай болж олон жил монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэж, монгол бөхийн уран мэх, уран тайлбарын давтагдашгүй өв санг буй болгосон нь үр хүүхэд бидний бахархал болж байна

Аав минь 1939 – 1940 онд сүү тосны заводод ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1945 онд цэргийн албанд татагдан дотоод явдлын яамны харъяанд офицер болж хязгаарын цэргийн арын албаны хангалт хариуцсан төлөөлөгчөөр 33 жил, цэргийн албанд нийтдээ 40 жил ажиллаж дотоод явдлын яамнаас тэтгэвэрт гарсан билээ. Мөн 1980 оноос Улсын төлөвлөгөөний комисс, Худалдаа бэлтгэлийн яам зэрэгт хориод жил ажилласан юм.

Аав минь идэр залуу нас, эрч хүч, эрхэм сайхан бүхнээ монгол бөхийн хөгжилд зориулсан юм. 1946 онд улсын баяр наадмын торгон дэвжээнд  анх удаа зодоглож, 1950 онд Улсын заан, 1954 онд Улсын арслан, 1959 онд арслан цолоо баталж “хурц арслан” цол чимэг хүртэж улсын баяр наадамд 16 жил зодоглож 11 удаа шөвгөрсөн бөгөөд бөхийн ёс зүй, уламжлалыг чанд сахидаг, шударга ёсыг эрхэмлэдэг саруул сайхан ухаант Монгол улсын хүчтэн бөхчүүдийн нэг байсан юм.

Монгол бөхийн түүхэнд аавын минь оруулсан үнэт хувь нэмрийн нэг бол бөхийн тайлбарлагчийн уран чадвар, өв соёл билээ. 1963-1998 онд Улсын баяр наадмын бөхийн барилдааныг ард олны нүдэнд нь харагдтал, сэтгэлийг нь огштол уран сайхнаар яруу тансаг тайлбарладаг байсан нь эдүгээ бөхийн тайлбарын дэг сургууль болон өвлөгдсөн тул 1997 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн  цол хүртсэн билээ.

Энхрий хайрт аавын маань хүнлэг, энэрэнгүй өгөөмөр сэтгэл, цэвэрч нямбай, хүүхдүүд гэр бүлийнхээ төлөө гэсэн чинь сэтгэл, үнэнч шударга байдал, ажлынхаа төлөө бүрэн зүтгэх хөдөлмөрч зан, нөхөрсөг даруу, сэтгэлийн тэнхээтэй олон сайхан зан чанар бид нарын сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж хүршгүй гавъяаг тань үеийн үед хүндлэн дээдлэн оройн магнагт өргөх болноо хүүхдүүд тань.

ТАЛИЙГААЧИЙН ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД

Ум сайн амгалан болтугай

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та нар Б.Шарав гуайн "Сэтгэлийн эгшиг" гэдэг энэ сайхан аялгууг эмгэнэлийн ард дэвсэхээ болиоч ээ . Хайрт гэргийдээ зориулж зохиосон гэж Б.Шарав гуай хэлж байсан удаатай. Найруулга гэдэг чинь зүгээр л хэдэн дүрс тэкстний овоолго биш юм шүү

    0 2 Хариу бичих
    • Хайрлаж.хүндэлж явдаг хамгаас эрхэм хэнд ч хамаарна,

      1 0