УИХ 2018 оны төсвийг 14 хоногт хэлэлцэн баталлаа

Eagle.mn


УИХ өнөөдөр 2018 оны төсвийг баталлаа. ОУВС-гаас тавьсан болзлын хүрээнд батлагдсан, богино хугацаад хэлэлцсэн, шинээр байгуулагдсан Засгийн газрын анхны төсөв гээд олон тодотголтой төсөв батлагдав. Төсөв батлагдсаны дараа УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хуульд заасан хугацаанд нь багтаан баталлаа. Засгийн газраас хоёр долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж УИХ, Байнгын хороод, ажлын хэсэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд олон талаас нь авч үзэж, хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, ирэх оны төсвийг баталж байна” гэсэн юм. Өмнөх жилүүдэд төсвийн төслийг 45 хоногт арай ядан багтаан хэлэлцдэг байсан бол энэ удаад ердөө хоёрхон долоо хоногийн хугацаанд баталчихлаа. Энэ нь төсвийн төсвийг хамгийн богино хугацаанд баталсан анхны тохиолдол болов. Ингэж богино хугацаанд баталсан нь ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу төсвийн зарлагыг нэмэгдүүлэх боломжгүй байсантай холбоотой. ОУВС-гаас ийм шаардлага тавиагүй бол УИХ-ын гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт хийх санал гаргаж хэлэлцүүлгийг удаашруулах байв. Гэвч ийм боломжгүй учраас ирэх оны төсвийн төслийг ийнхүү богино хугацаанд баталсан нь энэ. Гэхдээ бүх зүйл шулуун, дардан байсангүй. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр УИХ-д 65 суудалтай МАН-ынхан төсвөө батлахын даваан дээр үл ойлголцож Төсвийн байнгын хороог ирцээр бойкотолсон. Энэ нь Засгийн газар саяхан солигдсонтой холбоотой. Өмнөх Засгийн газарт ажилласан, тууштай ажиллуулахыг хүсч байсан гишүүд янз бүрийн санал гаргаж шинэ Засгийн газрын анхны төсвийг гацаах оролдлого хийсэн. Харин УИХ-ын дарга М.Энхболд ангийнхнаа зөвшилцүүлж, загнах байж төсвийг хугацаанд нь батлууллаа. Хугацаанд нь амжуулж байгаа нь энэ гээд халтуурдсангүй. ОУВС-тай тохирсон зарчмынхаа дагуу чамбай гэж хэлж болохоор төсөв баталлаа. Гэхдээ үнэхээр сайн төсөв болсон эсэхийг нь цаг хугацаа харуулна. Хэрэв үнэхээр сайн төсөв болсон бол тодотгох шаардлага гарахгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)