Ханиадтай хүүхдийг хөдөлгөөн, биеийн тамираар эмчлэх аргууд

Х.Батсайхан


Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч, ханиад томууны дэгдэлтийн оргил үе эхэлээ. Бид энэ удаа ханиад томууг биеийн тамир, хөдөлгөөний аргаар хэрхэн эмчлэх, эдгэрэлтээ түргэсгэх аргыг уншигчиддаа хүргэхээр бэлдлээ. Спорт хөдөлгөөний идэвхитэй дасгал болоод зогсохгүй, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэх чадалтай билээ.

Хүүхэд насанд хамгийн ихээр тохиолддог өвчлөлийн тоонд амьсгалын замын вирусын хурц халдвар, улаан эсэргэнэ, гахай хавдар, салхин цэцэг, улаанууд орно. Эдгээр өвчнүүд нь агаар дуслын замаар болон тоглоомоор дамжин халдварладаг. Түүнчлэн өвчин бүр тодорхой хурц үе шатыг дамждаг. Үүнд: улаан эсэргэнэ 2-7 хоног, гахай хавдар 11-23 хоног, салхин цэцэг 10-21 хоног улаанууд 16-21 хоног гэх мэт. Аль ч өвчний үед биеийн ерөнхий байдал сулрахаас гадна улаан эсэргэний үед хоолой хөндүүрлэх, огих, бөөлжих, гахай хавдрын үед толгой их өвдөх, хоолны дуршил буурах, чихний орчмын шүлсний булчирхай үрэвсэх, улаануудын үед тууралт гарах, зэрэг өвөрмөц шинж илэрдэг. Нас биеийн онцлогоос шалтгаалж бие султай өвчлөмтгий хүүхдэд зарим нэг хүндрэлийг өгч болно. Үүнд: улаануудын үед дунд чихний үрэвсэл, хатгаа, хоолой боох, улаан эсэргэний үед хавагнах, уушгины хатгаа, зүрхний булчингийн үрэвсэл, гахай хавдрын үед төмсөг ба өндгөвч, хөхний булчирхайн үрэвсэл, мененгит, энцефалит гэх мэт.

Ямар хүүхдийг өвчлөмтгий гэх вэ

Жилийн дотор дөрвөөс олон удаа амьсгалын дээд замын вирусын цочмог халдвараар өвчилсөн хүүхдийг өвчлөмтгий гэж тооцно. Судалгаанаас үзэхэд нас ахих тусам өвчлөмтгий байдал буурдаг.

Эмчилгээний биеийн тамир

Нөхөн сэргээлтийг өвчтөний биеийн байдал дээрдэж, халуун буурсны дараа эхлүүлнэ. Ингэхдээ амьсгалын дасгалаас эхэлнэ. Хүүхдийн сэтгэл хөдлөлийн байдлыг нэмэгдүүлэх удаан хэмнэлтэй ачааллыг аажмаар нэмэгдүүлсэн, тоглоомын хэлбэртэй байна. Бие султай өвчлөмтгий хүүхдэд дасгалыг 2-4, хэвийн бол 6-8 удаа давтаж хийлгэнэ. 8-т, 16-т дасгалаас гадна ямар ч хөдөлгөөн хийлгэж болох бөгөөд бөмбөг, тоглоом ашиглавал илүү үр дүнтэй.

Байрлалын эмчилгээ

Өвчин хүндэрсэн үедд байрлалын эмчилгээ хэрэглэнэ. Хүүхдийн толгойг 20-50 градус өндөрлөсөн дэрэн дээр хэвтүүлэх ба амьсгалын замд байгаа цэрийг чөлөөлөхөд хүндрэлтэй үед биеийг урсгуурын байрлалд толгой цээжийг хэвтээ шугамаас дор байлган цэр урсаж гарах нөхцлийг бүрдүүлнэ.  Мөн хүүхдийн гэдсэн дор томоохон ивүүр хийж доош харуулж хэвтүүлнэ. Энэ байрлалд хүүхдийг өдөрт 2-3 удаа 2-5 минутаар байлгаж, энэ үед цээжинд нь илэлт, базалт, нухалт доргиолтыг хийж өгнө. Мөн суугаа байрлалд өвчүүнээс нуруу чиглүүлэн хавирга дагуу хийнэ. Хүүхдийг амьсгалаа гаргах үед дэмжиж, авах үед нь гараа зайтай байлгана. Ханиалгах хөдөлгөөнийг дэмжинэ.

Дээрх аргуудыг хэрэглэснээр өвчний бүрэн эдгэрэх хугацааг 30 хувь багасгаж болно. Эцэст нь, өвчинг нэгэнт туссан хойно нь эмчлэх бус урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай гэдгийг сануулья.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)