ЗТХ-ийн сайд Гашуунсухайтын нүүрсний тээвэрлэлттэй танилцлаа

А.Санчир


Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспорт гол нөлөө үзүүлдэг. Манай улс урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьдаг бөгөөд энэ жилийн хувьд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөжээ. Гэвч өнөөдрийн байдлаар 20-иод сая тонн нүүрс гаргаад байна.

Өмнөд хөрш БНХАУ хилийн хяналт шалгалтаа чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж, тээвэрлэлтийн хурд удааширч байгаа юм. Үүнэжэс болж хилийн наана 85-аас 110 орчим км-т машины цуваа үргэлжлэх болжээ. Жолооч нар 13-15 хоногт нэг удаа тээвэр хийж байгаагаас цаг хожихын тулд хоорондоо уралдах, осол аваар гаргах явдал цөөнгүй гардаг байна. Мөн цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан осгож хөлдөх зэрэг хүний эрүүл мэнд, амь нас, эдийн засагтай холбоотой нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 7000 шахам  тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс 3000 гаруй нь тээвэрт явж байна. “Энержи ресурс” ХХК-ийн хувьд худалдан авагчдаа шууд хүргэж өгдөг бол “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Таван толгой” ХК-ийн хувьд аман дээрээсээ нүүрсээ шууд борлуулж, тээврийн асуудалд хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой дээр дурдсан хүндрэлтэй асуудлууд үүсдэг байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлжээ. Сайд нар энэ сарын 11-13-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж уурхайн нөхцөл байдалтай танилцан, тээвэрлэлттэй холбоотой хүндрэлүүд, жолооч нарын асуудлыг юун түрүүнд шийдэхээр болжээ.

Сайд нар “Энержи ресурс”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Таван толгой” ХК болон гааль, боомтын үйл ажиллагаа, тээвэрлэлттэй танилцан, Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсч холбогдох албаны удирдлагуудын хүрээнд шуурхай хуралдаан хийж үүрэг даалгаврыг өгчээ. Тухайлбал, юуны өмнө Монгол Улсын хууль тогтоомжийн хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаардаггүй, засвар, үйлчилгээний төвгүй  тээврийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх, тээврийн хэрэгслийг тоог бууруулах  нь зөв гэж үзжээ. Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргах, Засгийн газрын хурлаар зарим өөрчлөлтийн асуудлыг яаралтай оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалсан түр болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэдгээ Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолсон байна.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Санхүүгийн зовнилоо дуусга Бид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодог бага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл, ипотекийн зээл. үл хөдлөх хөрөнгийн зээл. дэлгэрэнгүй мэдээллийг авна уу Бидэнтэй холбоо бариарай: ([email protected])

    0 0 Хариу бичих
  2. Сайн байна, 8,9 сарынх нь цалинг олго гэж үүрэгдэх хэрэгтэй, хөдөлмөрийн гэрээгүй хугацаандаа хөдөлмөр ийн хөлсөө авдаггүй байдалд анхаараал тавьж шийдэж ажиллавал жинхэнэ сайд мөндөө

    0 0 Хариу бичих