Бидний мэдэхгүй аюул?

Ш.Самбуу


Ханиад томуугийн дэгдэлт идэвхижихтэй зэрэгцэн эмч нар вирусын шинэ өсвөрийн талаар анхааруулдаг. Томуугийн вирус нь хурдан хувирдаг төдийгүй шинэ өсвөрүүд нь байнга гарч ирж байдаг нь генийн мэдээллийн хурдан мутаци гэх өөрчлөлттэй нь холбоотой ажээ. Эдгээр мутаци нь вирусыг бидний организм эргэн танихад тусалдаг гэж болно. Хувирлын мастер хэмээн нэрлэж болох томуугийн вирустай тэмцэхийн тулд бид түүний талаар мэдээлэл сайтай байж, урьдчилсан арга хэмжээндээ илүү анхаарах хэрэгтэй юм. Жил бүр томуугийн улирал эхлэхээс ойролцоогоор зургаан сарын өмнө ДЭМБ-аас бөмбөрцөгийн өмнөд ба хойд хэсэгт томуугийн эсрэг ямар вакцин бэлтгэх тухай зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудад өгдөг. “ДЭМБ-ын дүгнэлт ирмэгц бид шинэ вакцин бэлтгэж эхэлдэг. Заримдаа зөвлөмж ирэх үеэр бид өсвөрийг аль хэдийнэ бэлтгэсэн байх нь ч бий. Өнөөдөр бөмбөрцөгийн өмнөд хэсэгт буюу Австрали, Шинэ Зеланд, Хонгконгт томуу өвчний идэвхитэй үе үргэлжилж байгаа учраас бид эдгээр улсын мэргэжлийн хүмүүстэй холбогдож юунд бэлтгэлтэй байхаа шийдээд байна” хэмээн ОХУ-ын вирус судлаачид тайлбарлажээ.

Томуу ба амьсгалын замын хурц халдварт өвчнүүд нь бүх халдварт өвчнүүдийн 95 хувийг эзэлдэг гэдэг тоо энэ өвчин хэр аюултайг илтгэх биз.

ТОМУУ ГЭЖ ЮУ ВЭ?

Цочмог эхэлж 38 хэм хүрч халуурах, ханиалгах, толгой, хоолой, үе мөч, булчингаар шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу өвчин гэнэ. 2013 оноос хойш дэлхийн ихэнх улс, орнуудад томуугийн А хүрээний (H3N2), (H1N1), В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуу өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Ханиадны аюулыг бид дутуу үнэлдэг бөгөөд вирусын халдварт өвчний дотор хамгийн ноцтой нийтийн өвчин нь томуу юм. ДЭМБ-ын мэдээгээр улирлын шинжтэй ханиад томуугийн хүндрэлийн 3-5 сая тохиолдлыг жил бүр бүртгэдгийн 250-500 мянга нь үхэлд хүргэдэг гэсэн аймшигтай тоо бий. Томуугийн вирус нь орчинд байнга орших учраас жилийн аль ч улиралд хүнээс хүнд дамждаг. Вирус ямар нэг “хадгаламжийн сав”-нд байж, тэндээсээ тархан дэгддэг. Томууг өдөөгч вирус гэх уураг ба нуклеидын хүчлээс (ДНК ба РНК) бүрэлдэх бичил хэсэг бол организм ч, нян ч биш. Томуугийн вирус нь ортомиксовирусын (лат. Ortomyxoviridae) бүлд багтах бөгөөд А, В, С гэсэн гурван төрлийг агуулсан байдаг. Цаашдын хуваагдал нь гемагглютинин ба нейраминидазе гэх гадаргын уургийн дэд төрлөөр явагддаг.

Гемагглютинин (Нemagglutinin) гэдэг томуугийн вирусын гадаргын уургийн тусламжтайгаар вирус нь халдвар өгч байгаа организмын эсэд бэхлэгдэнэ. Тэр нь вирусын үржлийн эхлэлийн зайлшгүй шаардлага бөгөөд томуугийн вирус гадаад орчинд тэсвэргүй, амархан мөхдөг. Өдгөө гемагглютининий (H1-H16) 16 дэд төрлийг тогтоогоод байна. Нейраминидазе (Neuraminidase). Энэ фермент нь томуугийн вирусын гадаргын бүрэлдэхүүнд ордог бөгөөд вирусын бай болсон эсийн рецепторуудыг эвдлэх замаар нэвтрэх болон үржих чадварыг тодорхойлж өгдөг байна. Түүний есөн дэд төрөл (N1-N9) одоогоор мэдэгдээд байгаа. A, B эсвэл C томуугийн вирусын янз бүрийн төрлийн цуглуулгыг улирлын томуу хэмээн нэрлэдэг. Энэ цуглуулга ямар байхаас томуугийн тэр улирлын өвчлөлт ба үхэл хамаардаг. Оросууд томуугийн улирлыг арваннэгдүгээр сараас тавдугаар сар гэж тооцоолдог нь газар зүйн цаг агаараар ойр манайхтай ихэвчлэн таардаг.

ВАКЦИН-ХАМГИЙН САЙН ХАМГААЛАГЧ

Вакциныг амьд ба үхмэл гэж хоёр ангилдаг. Амьд гэдэг нь үнэн хэрэгтээ өвчнийх нь вирусын хүчийг нь сулруулсан байдлаар агуулдаг вакцин юм. Энэ нь өвчнийг өдөөхгүй харин өвчний шинж тэмдэгт толгой өвтгөж, халуурах зовиургүйгээр дархлалын хариуг гаргаж өгдөг. Амьд вакциныг тахианы уураг дээр ургуулдаг. Ингэснээр организмд халдвар нэвтрэх хил дээр, томууны үеэр хамрын хөндийд эсийн дархлалын антигенийг устгах лимфоцит ба фигоцитыг бүрэлдүүлэх, халдвартай буюу вирустай организмд тэмцэх иммуноглобулин хэмээх тусгай уургийг ялгаруулан цусаар тараагдах гуморалийн гэх гурван янзын дархлалыг бий болгодог онцлогтой. ОХУ-ын мэргэжилтнүүд бүхнээс түрүүнд буюу 1987 онд томуугийн амьд вакциныг бүртгүүлсэн юм. Харин АНУ-д ийм төрлийн вакциныг 2003 онд анх гарган авсан байдаг. ДЭМБ-ын хүсэлтээр эдгээр орнууд амьд томуугийн вакцин үйлдвэрлэх технологийг хөгжиж буй орнуудад өгөх гэрээтэй. Уг гэрээний дагуу Энэтхэг, Хятад хоёр ДЭМБ-аар дамжуулан 2009 оноос вакцины өсвөрийг авч улирлын томуугийн вакциныг бэлтгэдэг болжээ. Амьд вакциныг халдвар үржих, вирус “нэвтрэх үүд” болсон хамарт цацдаг аж. Үхмэл вакциныг харин тарьдаг.

ВАКЦИНЫ ЖОР

Томуугийн вирус хурдан өөрчлөгдөн хувирах учир вакцин түүнээс хоцрохгүй байх ёстой гэдэг нь ойлгомжтой. “Бид аль эртнээс гарахгүй байгаа дотоод уургийг кодлодог хуучин янзын вакцины өсвөрийг авч түүнийг байгальд байгаа хүнд халдварлах боломжтой “онгон” вирустай ургуулан өсгөдөг. Гэхдээ “онгон” вирусээс нь дархлалд хамаатай тэр генүүдийг л авдаг. Тэр нь гадаргын гэх гемагглютинин ба нейраминидазе хоёр юм. Эдгээр вакцины хоргүйг хангаж өгдөг дотор генүүд нь олон жилийн турш ашиглагдан хор хөнөөлгүйгээ харуулсан хуучин вакцины генүүд байдаг” талаар мэргэжилтний тайлбарыг хүргэх нь зүйтэй болов уу.

ВАКЦИНД ЯАГААД ТАХИАНЫ УУРАГ БАЙДАГ ВЭ?

Вакциныг үйлдвэрлэхийн тулд вирусын хэсгээс тахианы өндгөнд оруулан үржүүлдэг. Энэ нь вирус хурдан үржих талыг нь бодолцсоны дүнд хийж буй хэрэг аж. Өндгөнд оруулж үржүүлсэн вирусыг цуглуулан халаах аргаар бусад вирусыг нь хөнөөгөөд үйлдвэрлэлд оруулах замаар үхмэл вакциныг бэлтгэдэг. Тахианы өндөгний харшилтай хүмүүс вакцин хийлгэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх ёстой гэдгийн учир энэ. Урьчилан сэргийлэх тарилга вакцин нь өвчлөх эрсдэлийг 70-80 хувиар бууруулдаг. Вакцины хүчээр улирлын томуу, амьсгалын замын цочмог халдварын дархлаа нь 21 хоногийн дотор тогтдог гэж үздэг байна.

ЦАР ТАХАЛ ХҮРТЭЛХ ГУРВАН МУТАЦИ

Одоо хамгийн аюултай цар тахлаар шувууны томуугийн H5N1 ба H7N9 вирус тооцогдож байна. H7N9 вирусын халдварт үхэл 30 хувьтай, H5N1 вирусын халдварт үхлийн хувь 50-д хүрдэг гэж үздэг аж. Өвчин өдөөх чадвар нь дээрх хоёр шувууны вируст өндөр болсон байгаа. Энэ талаасаа H7N9 вирус аюултай. Энэ вирусын зөвхөн гурван мутаци тодорхой байгаа юм. Хэрэв энэ гурван мутаци өөрчлөгдвөл өвчин өдөөх чадвар ихсэхийн зэрэгцээ цар тахал болох аюултай. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын зөвлөмжөөр уг гурван өсвөрийн үндсэн дээр шинэ амьд вакцин бэлтгэх ажилд ОХУ-ын эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Энэ оны гуравдугаар сард ДЭМБ вирус судлаачдад хандан Хятадад гарч ирсэн вирусын хоёр өсвөрийнх нь эсрэг вакцин бэлтгэхийг хүссэний дагуу бүтээгдсэн шинэ вакцин эмнэлгийн өмнөх туршилтад ороод байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)