Д.Тогтохсүрэн: Төсвийг маш бодитой төсөөлсөн

Eagle.mn


УИХ маргааш гэхэд ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаатай. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн ч ирц бүрдэхгүй байсаар хойшилсон юм. УИХ-аас ирэх оны төсвийг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж буй. Түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Ирэх оны төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр бодитой боловсруулагдаж байна вэ?

-УИХ төсвийн төслийг шахуу хугацаанд хэлэлцээд үндсэндээ дуусч байна. Шинэ Засгийн газрын өргөн барьсан төсөв өмнөхөөсөө сайжирсан хэд хэдэн зүйл бий. Нэгд, 2.7 их наяд буюу ДНБ-ий 9.5 хувьтай байсан төсвийн алдагдлыг бууруулаад найман хувьд хүргэж оруулж байна. Өөрөөр хэлбэл, 300 орчим тэрбум төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулсан нь сайн үзүүлэлт. Хоёрт, эдийн засгийн өсөлтийг ирэх онд 4.2 хувьд хүргэнэ гэж үзсэн нь дэвшил. Шинэ Засгийн газар гарч ирснээсээ хойш хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ОУВС-тай тохирсон. Өмнө нь ОУВС-аас зөвшөөрөхгүй байсан зүйлүүд дээр ч тохиролцоонд хүрч чадсан. Тухайлбал, төрийн албан хаагчдад олгож байгаа ажлын үр дүнгийн урамшууллыг хэлж болно. 2017 онд 54.9 тэрбум төгрөг, 2018 онд 56 тэрбум төгрөгийг үр дүнгийн урамшууллаар өгөхөөр болсон. Бид төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа. Нэмэх ганц арга нь ажлын үр дүнгийн урамшуулал болоод байна. Мөн тэтгэврийг 133 тэрбум төгрөгөөр нэмж байгаа. Ирэх хоёр жил 90 цэцэрлэг, 59 сургуулийн хөрөнгө оруулалтын зардлаар орж ирсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгахаар болж байна. Ингээд бодохоор 2018 оны төсөв бас ч гэж бололцооны болсон гэж үзэж байна.

-Төсөвт нэг удаагийн урсгал зардал нэлээд хувийг эзэлж байна. Үүнийг багасгах боломж байгаагүй юу?

-Шаардлагатай зардал гарч ирвэл санхүүжүүлнэ. Тэр хүрээндээ хөрөнгө оруулалтын болон шинээр бий болсон объектуудын урсгал зардлыг шийдэхээс өөр аргагүй. Бид тэтгэврийг 130 гаруй тэрбум төгрөгөөр нэмсэн. Цалингийн нэмэгдэл хөлс дээр 56 тэрбум төгрөг суулгасан. Үүнтэй холбоотойгоор төсвийн зардалд 300 орчим тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа. Энэ бүх асуудал дээр ОУВС-тай хэл амаа ололцоод л явж байгаа.

-Төсвийн орлогыг хэр бодитой төсөөлсөн бэ?

-Боломжийн түвшинд шүү. 2018 онд шинэ татвар нэмэгдээгүй. Гэтэл өмнөх оноос, тэр дундаа бидний хийсэн хоёрдугаар тодотголын орлогоос 700 орчим тэрбум төгрөг илүү байгаа юм. Тиймээс татварын төрөл, хувь нэмжээ нэмэгдээгүй байхад орлогыг энэ хэмжээнд нэмэгдүүлнэ гэж төсөөлсөн нь боломжийн түвшинд байна. Гэхдээ он гарсаар эхний долоон сарын байдлаар Монгол Улс 20 орчим сая тонн нүүрс экспортолсон бол сүүлийн хэдэн сарын хугацаанд сард хоёр сая тонноос илүү экспортолж чадахгүй байна. Эндээс эрсдэл үүсч болзошгүй байгаа.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)