ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Арваннэгдүгээр сарын 14

Ш.Самбуу


"Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр"

Жил болгоны 11-р сарын 14 нь дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болсон. Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргын талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм. Чихрийн шижингийн тархалт дэлхийн хэмжээнд нийт хүн амын дунд долоон хувь гаруй байгаа бөгөөд чихрийн шижинтэй өвчтөн 285 сая байгаа ба 2030 онд энэ тоо 438 сая болж дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай гэж чихрийн шижингийн олон улсын хорооноос мэдээлж байгаа билээ. Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол байсан бол 2010 онд 7251 тохиолдол болтлоо өссөн нь сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа билээ. Дорнод аймагт 2009 онд чихрийн шижинтэй хүмүүс 78 байсан бол 2012 оны эхний аравдугаар сарын байдлаар 182 хүн болж 2.4 дахин өссөн байдаг.

Энэтхэг дэх хүүхдийн баяр-Бал Дивас

Энэтхэг улс өөрийн хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр бол Энэтхэгийн Ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм байна. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн бөгөөд энэ өдөр хүүхдүүд түүний хөшөөнд цэцэг өргөдөг ажээ. Мөн ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байна. Харин Засгийн газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг аж.

Астрид Линдгрен төржээ

Шведийн зохиолч, дэлхийн хүүхдийн зохиолч Астрид Линдгрен 1907 оны арваннэгдүгээр сарын 14-нд төржээ. 1970-аад оны эхнээс түүний зохиолууд нь хүүхдийн алдартай зохиолуудын жагсаалтыг тэргүүлж ирлээ. Зохиолчын номууд олон хэлээр хөрвүүлэгдсэн ба бүх хэвлэгдсэн номыг нь давхарлан тавибал Эйфелийн цамхагаас 175 дахин өндөр болох гэнэ. Зохиолч хүүхэд ахуй насаа хамгийн жаргалтай үе гэдэг байсан нь түүний зохиолуудад буужээ. Амьдралдаа таван удаа нөхөрт гарсан тэрээр сүүлчийн нөхрийнхөө овгоор Линдгрен гэж нэрлэгдсэн байв. Охиндоо бэлэг болгон “Пеппи урт оймс” үлгэрийг 1944 онд  бичсэн нь маш алдартай болгон хэд хэдэн шагналыг түүнд авчирчээ. Тэрээр 1945 онд “Рабен ба Шёгрен”  хэвлэлийн газар редактор болон 1970 онд тэтгэвэртээ гартал тэнд ажиллаж өөрийн бүх номоо тэндээс гаргуулсан байв. Түүний “Дээвэр дээр суудаг Карлсон” гурвал нь монгол хэлнээ хөрүүлэгдсэн байгаа. Линдгрен амьд ахуйдаа хөшөөгөө босгуулсан эмэгтэй зохиолч бөгөөд түүний хөшөө Стокгольмын төвд бий. Астрид Линдгрен 95 насандаа 2002 онд таалал төгсчээ.

Нелли Блай дэлхийг тойрон Жюль Верний номын баатартай өрсөлдөв

Өнөөгөөс 128 жилийн өмнө буюу 1889 оны энэ өдөр сэтгүүлч эмэгтэй Нелли Блай  Жюль Верны “Ная хоногийн дотор дэлхийг тойрсон нь” номын баатрын амжилтыг эвдэхээр аян замдаа гарчээ. Ердийн тээвэр, холбоог ашиглан Нелли Блай 72 хоног, зургаан цаг 10 минут 11 секундын дотор дэлхийг тойрчээ. Тэрээр Нью-Йоркийн редакцийн байрнаасаа замдаа гараад  Нью-Йорк–Лондон–Парис–Бриндизи–Суэц–Цейлон–Сингапур–Гонконг–Иокогама–Сан-Франциско–Нью-Йорк гэсэн маршруутар аялан редакцдаа эргэн иржээ. Энэ аялалыг зохион байгуулсан редакцийг санхүүжүүлж байсан Жозеф Пулитцер ийнхүү Америкийн хэвлэлд “Шинэ, үр дүнтэй сэтгүүл зүй” гэж нэрлэсэн сурвалжлагыг оруулж иржээ. Нелли Блайн аялалыг адал явдалт болгон өмнөөс нь сайн рекламдаж өгсөн байв. Сэтгүүлч эмэгтэй аян замдаа Жюль Вернтай уулзахаар амласнаа биелүүлсэн юм.  Неллийг аялалаа хийж явахад зохиолчийн ном нь хэд хэдэн удаа дахин хэвлэгджээ. Тэр үед бүх сонин хэвлэл л “Филеас Фоггын амжилтыг Нелли Блай эвдэж чадах уу” хэмээн шуугиж байв. Неллийг 1890 оны нэгдүгээр сарын 25-нд Нью-Йоркт эргэн ирэхэд нь тусгай сүйх тэрэг түүнийг буудлаас редакцийн байранд нь авчран дээд амжилтыг нь зарлажээ. “Түүний хаягаар олон цахилгаан ирсний  дунд “Би Нелли Блайн амжилтад өчүүхэн төдий эргэлзээгүй. Тэр эр зориг, хүсэл тэмүүллээ харуулж чадлаа. Ура! Жюль Верн” гэсэн цахилгаан хамгийн үнэтэй нь байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ