Хөх нуур ширгэх аюул нүүрлэжээ

А.Санчир


Монгол орны хамгийн нам дор цэг болох далайн түвшнээс дээш 560 метрт оршдог Хөх нуур газрын зураг дээр тэмдэглэгдэхээ байж мэдэх аюулын харанга дэлдээд байна. Учир нь уг нуурын усны хэмжээ хоёр дахин багасч, бохирдол ихэссэн нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал сумдын нутагт орших Хөх нуурын хотгорт ШУА-ийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “Хүрэн баавгай” судалгааны баг Дорнод аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын санхүүжилтээр энэ оны тавдугаар сараас эхлэн судалгаа хийж дээрх дүгнэлтийг гаргасан юм байна.

Хөх нуур нь Дорнод аймгийн Гурванзагал, Чулуунхороот сумын зааг нутагт 21 ам километр талбай эзлэн оршдог. Уг нуур дунджаар долоон метр гүн, тал нутгийн томоохон давстай нуур юм.

Зургаан сар үргэлжилсэн экосистемийн цогц судалгаагаар хэд хэдэн анхаарал татахуйц үр дүн гарсныг судалгааны багийнхан онцолжээ. Хөх нуур нь Тээл нуураар дамжин Улз голоос эх авдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Тээл нуур үе үе ширгэж, үүнийг дагаад Хөх нуурын усны хэмжээ хоёр дахин багасч, эрдэсжилт нь ихэссэн байна. Тээл нуурын усны ураны агууламж болон бусад төрлийн элементүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ нь стандартад зааснаас 5.5 дахин их гарсан зэрэг ноцтой асуудал илэрчээ.

Мөн Хөх нууранд шаамий хэмээх шавьж сүүлийн жилүүдэд олширсон юм байна. Нууранд үүсэх органик бохирдол нэмэгдэх тутам шаамий шавьжийн тоо толгой өсдөг зүй тогтолтой болсныг судалгааны багийнхан тогтоосон байна.

Жилээс жилд багассаар байгаа Хөх нуураа хамгаалан аварч үлдэхийн тулд орчин тойронд нь хог хаяхгүй байх, загасны том хэмжээний тор орхиж амьтдыг хоморголон хөнөөж, нуурын ёроолд органик бохирдол үүсгэхгүй байхыг эрдэмтэд уриалжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тээл нуурын усны ураны агууламж болон бусад төрлийн элементүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ нь стандартад зааснаас 5.5 дахин их гарсан зэрэг ноцтой асуудал илэрчээ.одоо наад уран олборлох зөвшөөрөл өгсөн хүнийг нь олоод долоон метр гүн усанд нь оруулаад хая!

    0 0 Хариу бичих
  2. Хуний нелеег л дээд зэргээр багасгах хэрэгтэй бусдыг нь байгал еерее зохицуулна еер арга байхгуй

    0 0 Хариу бичих