Даяаршсан хот төлөвлөлт ба онлайн хэлэлцүүлэг

Өнөөдөр Дэлхийн хот төлөвлөлтийн өдөр. Энэ өдрийг 1949 онд Буэнос Айресийн их сургуулийн профессор Карлос Мариа делла Паолера санаачлан тэмдэглэсэн түүхтэй аж. Тэрээр Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг зохион байгуулахдаа олон улсын өмнө тулгамдсан хот төлөвлөлтийн асуудлыг хамтран хэлэлцэх, мэргэжлийн хот төлөвлөлтийг дэмжин урагшлуулах зорилготой байжээ.

Эдүгээ энэхүү өдрийг дэлхийн 30 гаруй улс оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Энэ өдрийг хөдөө, орон нутгийн иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, хот сууринг хөгжүүлэхэд төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг таниулах онцгой өдөр гэж үздэг байна.

Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг АНУ-ын Хот төлөвлөлтийн нийгэмлэг APA ивээн тэтгэж, нэлээд өргөн тэмдэглэдэг ажээ. Тэд энэ өдөр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчдад хандан дэлхий нийтийн өмнө тулгараад буй хөгжлийн асуудал, сорилт, шийдлүүдийг зөв төлөвлөлтийн хүчээр даван туулахыг уриалдаг байна. Тус нийгэмлэгээс дэлхийн өнцөг булан бүрт хот төлөвлөлт хэрхэн хөгжиж байгааг зэрэгцүүлэн харах боломжийг олгож, олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, архитекторууд  энэ өдөр өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж, өөрсдийн амьдарч, ажиллаж буй хот суурин, орон нутгийнхаа онцлог хийгээд хот төлөвлөлтийн ач холбогдлыг таниулах үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагууд тодорхой сэдвээр сургалт зохион байгуулдаг ажээ.

Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийн хамгийн том арга хэмжээ нь хот төлөвлөлтийн онлайн чуулган юм. Энэ чуулган дэлхий нийтийн хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлууд, сорилт шийдэл, хүндрэл бэрхшээлийг олж харах боломж олгодог байна.  

Энэ жилийн Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болон Шинэ хотын хөтөлбөрийн  хэрэгжилт сэдвийн дор зохион байгуулж байгаа юм байна. Дээрх сэдвүүдээр онлайн хэлэлцүүлгүүд өрнүүлж, мультимедиа нөөц бий болгохоор зорьж байгаа гэдгийг  АНУ-ын Хот төлөвлөлтийн нийгэмлэг онцолжээ.

Тиймээс энэ жилийн Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийн гол сэдвүүдийг Орон сууц, Тээвэрлэлт, Орон нутгийн төлөвлөлт, Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин, Нийслэлийн хөрөнгийн удирдлага, Эрчим хүчний төлөвлөлт гэсэн зургаан хэсэгт хувааж үзсэн байна.

Энэ хүрээнд НҮБ-ын дэргэдэх “Хабитат” буюу амьдрах орчны асуудал хариуцсан байгууллага, АНУ-ын Хот төлөвлөлтийн нийгэмлэг, Олон улсын хот, хотын бүс төлөвлөлтийн байгууллага ISOCARP, Түүх дурсгалт газруудын олон улсын зөвлөл ICOMOS зэрэг олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэнэ.

Өнөөдөр болох онлайн лекц, хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Шинэ хот хөтөлбөрийн хэрэглээ, газарзүйн янз бүрийн бүсэд буй хотуудын төлөвлөлт, нөхцөл байдлын талаархи бүх асуудлыг хамрах ажээ. Мөн бүс нутаг, орон нутгийн түвшинд байгаль орчны төлөвлөлтийг хэрхэн хийх, амьдрах орчныг хэрхэн төлөвлөх, уян хатан байдлыг хангах, соёлын өвийг хадгалан хамгаалах зэрэг асуудлаар онлайн хэлэлцүүлэг өрнөх аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MEDLEGEES DAYARSHSAN BOLOVSROL RUU

    0 0 Хариу бичих