Туг болсон андууд: Баабар

Eagle.mn


Үргэлжлэл...

...Ерэнтэйгийн өгсөн тэрхүү хагас хуудсан дээр бичсэн зүйлс нь орос бичгийн машинаар цохисон “самиздат” байсан юм. Самиздат гэдэг гэдэг өөрөө хэвлэх гэсэн орос үгийн товчлол бөгөөд Зөвлөлтөд үүсч дэлхий нийтэд тэр байдлаараа тархаж ойлгогдсон зүйл юм.Тэр үедээ ч элэнцгийнхээ самиздатыг мэдэхэв, харин орос бичгийн цохисон болохыг хараад ойлгосон. Орос хэлээр бичихэд зориулсан машинд “Ө”, “Ү” байдаггүй, иймээс “О” дээр “-“ давхарлан цохиж “Ө” болгодог, “Ү” үсгийг “у”-аар орлуулдаг юм. “Нүүр” гэхийн оронд “Нуур” гээд ерөнхий логикоор нь ойлгодог гэсэн үг. Сонирхуулж хэлэхэд монгол улсад хэрэглэж байгаа бүх бичгийн машины шрифт Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Улсыг Цагдан Сэргийлэх Ерөнхий газарт бүртгэгдсэн байдаг. Одоо манай иргэдийн хурууны хээ шиг л бүртгэлтэй гэсэн үг. Харин Баабар болохоор, Москвагаас бичгийн машин сэм аваад ирсэн, зөрчилтэй нэгэн байсан байгаа юм.

Баабарын тухай Ерэнтэйгээс өмнө нь сонссон байсан юм. Хэн хэндээ итгэж болох хэмжээнд нөхөрлөхийн цагт тэрээр “Баавар тэгж хэлсэн”, “наадахыг чинь бол Баавар тэгж л үзнэ”, “баавар хэлэхдээ” гэхчлэн ишлэх. Юуны өмнө Маркс, Ленин. Цэдэнбал, (нэмэх нь тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч) энэ хэдээс өөр амьтнаас иш татдаггүй цаг байсан тул нэр үл мэдэгдэх баавар амьтны хэлсэн үг гэж байж боломжгүй санагдаж байлаа. Одоогийнхоор бол Манай Ерэнтэй нэг айхтар нөхөрт л тархиа угаалгаж дээ гэхээр.Тэр үед бүгдийн тархийг угааж байсан мөртлөө “тархи угаах” гэдэг үгийг хэрэглэж байгаагүй бөгөөд оронд нь “намын үзэл суртлын ажил” хэмээх томъёолол байв. 

Хэн нэгэн ажилтныг “Нам, Эвлэлийн үзэл суртлын тогоондөчнөөн жил чанагдчихаад ийм бодолтой явж байхдаа яадаг нөхөр вэ” гэж загнаж байвал “Тархиа угаалгаж угаалгачихаад өөр юм бодсон хэвээрээ байна уу , чи” гэсэн утгатай байсан хэрэг.

Нэг удаа Ерэнтэй маань миний хэдэн бичсэн зүйлийг өөрийн Маркстаа үзүүлэхээр авч одов. Тэгээд таг болсон. Хааяа нэг асуухаар “Хувийн Ленин” нь завгүй, олдохгүй байгаа мэтээр дүйвүүлнэ. Сүүлд учрыг нь мэдэхнээ, миний “бүтээл”-ийг олигтой үнэлээгүй, Ерэнтэй тэрийг нь хэлэхгүй дүйвүүлээд байсан нь тэр аж. Ерэнтэй бүүр хачин юм ярьсан нь “Манай баавар өөрийгээ социал демократ үзэлтэй гэдэг” гэхчлэнгийн “ойлгомжгүй” зүйлс ч байлаа.

Тэгээд нэгэн гэгээн цагаан өдрөөр тэр нэгэн бичмэл авчирч үзүүлэхэд мөнөөх этгээдийн нэр баавар биш Баабар болохыг анзаарав. Эхний хуудсыг нээтэл “Сталинизмын харгислалын жилүүд...” гээд үгс тааралдаж харц минь огло үсэрч байв. Тэр нь Польшийн зохиолч М.Хлескогийн “Дараа нь чиний ээлж” туужийн орчуулгадаа бичсэн өмнөх үг нь байсан юм. Зохиолоосоо илүүтэйгээр миний албан ёсоор жарган суугаа социалист юмыг сэг болтол нь шүүмжилсэн өмнөтгөл нь аймаар, тэгсэн хэрнээ буруутгах аргагүй үндэслэлтэй зүйлс байлаа. Тэр өгүүлэл намайг хачин эргэлзээнд оруулчихсан юм. Түүнийг уншсан маань нэгэн бодлын аймаар, жаахан бодохоор тийм юм уншаагүй өдий хүрсэн минь ч аймаар юм шиг... яагаад би үүнийг хараагүй явсан юм бэ, яагаад үүнийг харсан ч хэлж болдоггүй юм бэ, гэхчлэнгийн зүйлс толгойд эргэлдэнэ.

Ерэнтэй бас Сольженыцин хэмээх зөвлөлтийн тэрс үзэлтний баруунд гарахдаа бичиж үлдээсэнзахианы орчуулгыг авч ирсэн юм. Уг захиа хувь хүний эрх чөлөөний утга учрыг тайлбарлаад, хүн эрх чөлөөг эдлэх гэж төрдөг учраас түүнийхээ төлөө тэмцэхийг уриалсан байсан. Гэхдээ энэ уриалгын яг үнэндээ гүйцэд ойлгоогүй. Эрх чөлөө гэхээр л феодал, лам ноёдын дарлал дор байснаа ардын хувьсгалаар чөлөөлөгдсөн тухай, хар багаас нь тархинд суулгаж өгсөн номлол л санаанд буугаад байх.Харин захианы төгсгөлд А.Пушкинээс ишлэсэн нэг шад шүлэг байсан нь намайг айхавтар эргэлзээнд оруулж билээ. Тэнд “Хэрвээ чи эрх чөлөөнд дуртай юм бол түүнийхээ төлөө тэмц, тэмцэж чадахгүй юм бол дуугүй яв. Үхэр сүрэгт эрх чөлөө юуны хэрэг билээ? Тэд чинь ташуурын дор л жаргалтай бус уу” гэсэн байв.

Эндээс, зөв гэж үзсэн юмныхаа төлөө дуустал яв, дуустал явах чадваргүй бол зөв мөв юм гэж дэмий битгий ярь гэсэн сургааль ойлгож билээ. Харин монголчууд эрх чөлөө гэж юу болох, тэр яагаад “зөв” болох, түүнийгээ зөв гэж үзэн тэмцэхийн чухлыг ойлгох хүртэл арваад жил дутуу байсан цаг.

Ингээд түүний “Ботенбург” хэмээх нэрээр бичсэн “Нүцгэн дэвтэр” гар бичмэл, “Марксизм уу, социализм уу”-зэргээс эхлээд олон номыг уншлаа. Баабар уран зохиол бишгүй бичсний доторхи “Хулганаа, хулгана аа”, “Аавын минь зулай” тууж, бас сүүлд театрт тавигдсан “Бооцоо” жүжигтэй танилцаж, утга зохиолыг намын зааж өгснөөс өөрөөр, бүр өөрийнхээрээ бичиж болдгийг харав. Бас америкийн яруу найрагч Оолэн Жинсберг, Роберт Криллэй гээд хүмүүсийн “нам засгаа магтаагүй” шүлгүүдийг үзэв. Улмаар өөртэй нь найз боллоо. 

Ийнхүү миний бие тухайн үедээ л “хувьсгалч нууц бүлгэм” болох Баабарыг уншигчдийн нууц группийн нууц гишүүний нэг болов.Хэрвээ уг үйл явдал хувьсгалт төрийн хурц хараанд өртсөн болжгэм “Хувьсгалын эсэргүү Баабарын бүлгийн Ерэнтэйн бүлгэмд элсэгдсэн эсэргүү этгээд”болж л таарах байсан болов уу?

Юу уншаад байгаагаа гүйцэд ухаартал удсаан. Гэхдээ л Баабарыг уншсандаа айдаг, бас түүний ямар нэг юмыг уншаагүй өнгөрөхөөс айдагсан. Түүнийг уншдаг биширдэг байсан ч гэсэн нийгмийн тогтоцыг өөрчлөх тухай санааг ер ойлгодоггүй, социализмаа л улам гоё болгохыг хэлж байгаа юм байхдаа гэж боддог байлаа.

1989 онд шиг санагдана, нэг удаа түүнтэй уулзаад өөрчлөн байгуулалт ямар мундаг болж байгаа, намын төв хорооны улс төрийн товчооны гишүүнийг “Үнэн” сонинд шүүмжилж болдог болсон зэргийг нь жаал гайхуулав аа. Баабар чимээгүй жаахан сууснаа “Социализмийн ардчилал, чиний магтаад байгаа өөрчлөн байгуулалт бол хэмжээ хязгаартай зүйл.Жаахан боломж өгөөд, зурааснаас дэшээ гарсных нь толгойг тайрна. Дэн Сяопин яаж байна. Жаахан боломж өгөөд, тэрийг нь ардчилал гэж ойлгоод зурааснаас дээш гарсан хэсгийг Тянь Анмин дээр сая яаж байна” гэж билээ. Би ч яахав мань хүнийг өнөөх л хэтрүүлгээрээ хэтрүүлж байна гэж бодоод өнгөрсөн юм.

Харин тэр үед Баабарт нэг удаа магтуулснаа өөрийгээ магтах зорилгоор оруулчихъя. Тэрээр “Малыг малчдад” өгүүлэл нийтлэгдсний дараа (1989.09.15-нд гарсан) ирж уулзаад “хамгийн гол нь чи систем (соц систем) өөрөө буруу гэдгийг хэлж чадлаа” хэмээн магтаж байлаа. Би ч системээ буруушаая гэж санаагүй, нэгдэлжсэн нь буруу байна, малыг нь тарааж өгье л гэж бодогдсноо бичсэн юм. Харин сүүлд нь манай нэг том дарга “Хүү минь чи, пролетарийн диктатур алга болчихлоо гэж эндүүрч байгаа юм биш биз. Чи Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойг орон даяар тэмдэглэх тогтоол гарчаад байхад, нэгдэлжснийг буруушаасан байна” гэж айлгах, сануулахын завсарт хэлэхэдхөл сулраал явчихаж билээ. Нүдэнд шууд л Лоохууз энэ тэр бүрэлзээд явчихаж байгаа юм чинь. Ингээд бодохоор системээ нураахыг уриалсан нь үнэн ч юм болов уу, гэж бодогдоод байсан.

Харин Баабар 1990 онд өөрийн санаагаа биелүүлэхээр зориглон ардчилсан хувьсгалд оролцож, нийгмийнхээ тогтоцыг жинхэнэ утгаар нь өөрчлөлцсөн бөлгөө. Их сургууль дээр байсан АСХ, МСДН-ийн анхны үр хөврөл болох багш нарын улс төрийн клубийн уулзалт дээр “Одоо засгийн эрх тайван замаар авах цаг болсон” хэмээн ярихад бүгд давхийж байсан тухай манайанхны соцдекийн нэг, саяхан болтол Статистикийн дарга байсан С.Мэндсайхан хуучилдаг юм.

Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” өгүүлэл Ерэнтэй бид хоёрт хэрхэн ирж, түүнийг Шинжлэх ухаан техникийн улсын хорооны Т.Батсүх хэрхэн хувилсан энээ тэрээг өмнө хэдэнтээ ярьсан тул орхилоо.

1990 онд монголд гарсан улс төрийн шинэ хүчнийхэнтэй ярилцлага хийх үүргийг Үнэн сонинд байхдаа авсан юм. Манай ахмад сэтгүүлч Самбуупунцаг гуай бид хоёр С.Зоригтой уулзах юм болов. Коллегиос бэлдэж өгсөн асуултыг тавиад, диктофонд бичснээ хуулаал боллоо. 

Дараа нь Баабартай уулзах болоод “маргааш хүрээд и”р гээд гэр рүү нь утастсан юм. Гэтэл мань хүн маргааш нь бэлэн ярилцлага хийгээд барьчихсан ирдэг байгаа. Тэрэн дээр нь нэрээ тавиад дарга нартаа уншуултал таалагдаад явчихав. Нийтлэл гарсны дараа сонины коллегиас намайг сайшааж, сэтгүүлчийн ур чадвар сайжирч байгаа хэмээн цалинг маань нэмж байлаа. Одоо яая гэхэв дээ.

Энд нэг зүйлийг хэлэхэд, 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл санаа нь эхэндээ социалист нийгмээ сайжруулах, Зөвлөлтийн хэт их нөлөөг багасгах үзэл санаан дээр л тулгуурлаж явсан шүү дээ. Бид цөмөөрөө, 1990 оны 1 сарын 21-нд болсон жагсаал дээр цөмөөрөө л Лениний нас барсан өдрийг хүндэтгэн малгайгаа авч л байсан. Ленин зөв зүйл хийсэн, харин түүний санааг хэрэгжүүлэх явцад алдаа гарсан л гэж цөмөөрөө бодож явсан хэрэг. Ичмээр ч юм биш. Төөрөгдөх нь угаасаа ичмээр зүйл биш, харин төөрөгдлөө нуух, төөрдөггүй амьтан явсан аятай гүрийх л ичмээр юм шүү дээ. 

Харинөөрчлөн байгуулалт, эрс шинэчлэх үзэл санааны оргилтой зэрэгцэн социалист систем ба Зөвлөлт улс өөрөө задарсан ньсоциализмыг сайжруулах хувьсгалыг социализмыг нураах хувьсгал болгож хувиргасан хэрэг.

Ингээд би удалгүй Баабарын байгуулсан МСДН-ын гишүүн болж өөрийн замаа сонгосон юм. Намын “Үнэн” сониноосоо ном журмаар нь халагдаад, Л.Түдэв эрхлэгчтэйгээ хүний ёсоор салах ёс хийгээд явсан. Уг ньҮнэн сонины хаалгыг тас саваад, тэднийгээ коммунист энээ тэрээгээр баахан дуудаад явсан бол аймээр лут хувьсгаалч л болж харагдах байсан байх. Гэхдээ сонин, эрхлэгч хоёртоо хүндэтгэлтэйгээр хандах хувийн шалтгаан надад байсан юм. Ер нь ардчилсан хувьсгалын надад өгсөн хамгийн том бэлэг бол хувийн шалтгаанаа нэгдүгээрт тавих эрх чөлөө байсан билээ.

Харин 1990 оноос хойшхи Баабар бол олон түмэнд танил. Иймээс олныг өгүүлэх нь илүүц. Тэрээр миний амьдралыг төдийгүй улс үндэстнийхээ амьдралыг өөрчлөлцсөн хүн. 

Хүмүүс Баабарыг нийтлэлч, гэгээрүүлэгч, шинжлэх ухааныг түгээгч, хэвлэн нийтлэгч, хорон үгтэй гайхал, зохиогч, үзэл санааны хөтөч... гээд янз бүрээр л хардаг. Тэр нь ч зөв юм. Хэн нэгний хувьд тэр бүл түүхэн үнэнийг нээгч, нөгөөд нь төөрөгдлийн мананг ярж танин мэдэхүйн гэгээ тусгагч, заримынх нь өнгөлөн далдаж явсан худал хуурмагийн багийг хуу татагч бөлгөө.

Хамгийн гол нь Баабар үзэл санаа түгээгч төдийгүй, өөрөө үзэл санаа юм. Зарим хүн өөрийн бичсэн санаа, анхлан гаргасан баримжааг нь хэн нэгэн хуулан дуурайхад их таагүй байдаг. Та бүхэн “Энэ бол миний хэлсэн санаа”, “тэгж ярих юм бол би анх энэ баримтыг олоод”, “Хамаг идэй маань хулгайлагдаад дууслаа” гэхлэнгийн түвэгтэйюм ярьдаг “ямар азаар энэ нөхөр анх удаагаа “Сайн байна уу” гэж хэлчээгүй юм бол” гэж бодмоор улстай тааралдаж л байсан байлгүй. Харин Баабар өөрийнх нь санаа, дүгнэлт, хийсэн ангилал “хулгайлагдаж” байхыг харин ч бахтай хардаг. (нөхөд минь шууд утгаар нь ойлгоод, бичсэн юман дээр нь нэрээ тавьж шараа болов доо). Тэрбээрс өөрийн үзэл санаа нь хүлээн зөвшөөрөгдөж, нийтийн үзэл санаа болж байгааг мэдрэн бахаддаг нэгэн.Тиймээ, Баабар болөөрөө үзэл санаа юм...

Үргэлжлэл бий

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх