Отгонтэнгэр ууланд сураггүй алга болсон иргэдийн долоогийнх нь цогцосыг олоод байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Эдгээр иргэдийн цогцосыг 3200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон бөгөөд уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна.

Мэдээллийн дараа ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сураггүй болсон 17 иргэний хэд нь эмэгтэй вэ. Эдгээр иргэдийн насны талаарх мэдээллийг өгөөч?

-Нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Гурван нь жолоочоор явсан бөгөөд тэд уул руу авираагүй. Ингээд 27 хүн авирсан мэдээлэл байгаа. 10 иргэн уулнаасаа буугаад ирсэн эсэн мэнд байгаа. Бууж ирсэн иргэдийн гурав нь эмэгтэй долоо нь эрэгтэй. Сураггүй болсон 17 иргэний дөрөв нь эмэгтэй. Эдгээр иргэдийн насыг одоогийн байдлаар тодорхойлж гаргаагүй байна. Гэхдээ 30-50 насны хүмүүс авирсан гэх мэдээлэл байгаа.

-Ууланд авиралт хийхэд хаанаас зөвшөөрөл авдаг вэ. ОБЕГ-аас ямар нэгэн хяналт тавьж ажилладаг уу?

-Ууланд авиралт хийхэд ОБЕГ зөвшөөрөл өгдөггүй. Мэргэжлийн, уулын спортын холбоо, байгууллагууд байдаг гэж Улсын онцгой комиссын хурал дээр танилцуулсныг та бүхэн санаж байгаа байх. Манай улсад 20 гаран клуб байдаг юм байна. Тэдний 10 гаран нь албан ёсоор уулын спортын холбоотой хамтарч ажилладаг гэсэн.

Бусад нь сайн дурын үндсэн дээр явган аялал, алхалт, уулын авиралт хийдэг хүмүүс байдаг гэсэн мэдээллийг өгсөн байгаа.

-2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглосон. Тэдгээр хүмүүс яаж уул руу гарсан юм бол. Уг нь харуул хамгаалалтай шүү дээ?

-Онцгой комиссын хурал дээр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат үүнд маш тодорхой хариулт өгсөн. 2015 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар Отгонтэнгэр ууланд ямар нэгэн авиралт хийхийг хориглосон юм билээ. Эдгээр 27 иргэн байгаль орчны байцаагчтай уулзсан гэсэн. Ингээд байгаль орчны байцаагч тэдэнд “Авирч болохгүй. Хуулиар хориотой” гэдгийг хэлж, шаардсан байдаг. Энэ 27 иргэн 10 дугаар сарын 22.00 цагт Отгонтэнгэр ууланд ирсэн гэх мэдээллийг байгаль орчны байцаагч өгсөн. Ингээд тэр өдрөө тэндээ хоноглоод өглөө нь авирсан байна лээ.

-Одоо эрлийн ажлыг яаж явуулж байна вэ?

-Онцгой байдлын байгууллагаас баруун бүсийн аврах анги, Нийслэлийн аврах тусгай ангийн мэргэжлийн аврагч нар багтсан нийт 111 хүний бүрэлдэхүүнтэй, 7 техник хэрэгсэлтэйгээр эрлийг хийж байна. Мөн бусад холбогдох хүчнийхэн, мэргэжлийн уулчид, Завхан аймгийн цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, эмнэлгийн байгууллагынхан эрлийг багт ажиллаж байгаа.

-Цасан нуранги үүссэн гэдэг нь үнэн үү. Эндсэн иргэдийн цогцосыг цасан доороос олсон уу?

-Цасан нуранги үүссэн нь тодорхой болсон.

-Цогцос таниулах ажиллагаа явуулж байгаа юу?

-Аврагчид 3200 метрийн өндөрт байгаа. Эндсэн иргэдийн цогцосыг олоод бидэнд станцаар мэдэгдэж байгаа. Ингээд цогцосыг доошоо буулгах ажиллагаа явагдана. Буулгасны дараа цагдаа болон шүүх шинжилгээний байгууллагууд хуулийнхаа дагуу тухайн иргэнийг таниулах, нэр усыг нь тогтоох ажлыг хийнэ. Үүний дараа албан ёсны мэдээллийг та бүхэнд тухай бүрд нь мэдэгдэнэ.

-Эсэн мэнд байгаа 10 иргэн хамт явж байсан уу. Эдгээр иргэд хаана хамгийн сүүлд салсан бэ?

-Эсэн мэнд байгаа иргэд ажлын хэсгийнхэнд “Уулын орой дээр аравдугаар сарын 21-ний 14.30 минутад гарсан. Ингээд гараад 20-30 минут болоод доошоо 50 метр яваад л цас нурсан” гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Авирагчид гурван бүлэгт хуваагдаж явсан бөгөөд эсэн мэнд байгаа 10 иргэн нэг бүлэг нь. Тэд нэг олсонд явж байсан гэсэн үг.

-Эдгээр иргэд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулан авирсан гэх мэдээлэл байгаа. Энэ хүн амьд уу?

-Энэ хүн сураггүй байгаа 17 хүний тоонд байгаа.