Дизайнаар дэлхийг өөрчлөх 10 хоног

А.Санчир


Дэлхийн дизайны дээд хэмжээний уулзалт энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд Канадын Монреал хотод үргэлжилж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь дизайнаар дамжуулан дэлхийн асуудлуудыг шийдэх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах явдал гэнэ. Нэг үгээр хэлбэл дэлхийн улс орнууд хотуудынхаа ирээдүйг төлөвлөх, ингэхдээ ойрын 10 жилийн төлөвлөгөөг олон улсын төвшинд уялдуулахад энэхүү дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой ажээ.

Тиймээс “Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн хувьд шударга, соёлын хувьд янз бүр байдаг дэлхий ертөнцийг бий болгох” хэмээн Дэлхийн дизайны дээд хэмжээний уулзалтын уриаг тодорхойлсон байна. Энэхүү уриаг 2015 онд БНСУ-ын Гуанжу хотод болсон Дэлхийн дизайны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл олон улсын хурлаас баталж зарласан ажээ.

Дээрх нийтлэг зорилгын дор нэгдсэн олон улсын 50 гаруй байгууллага, 3500 гаруй мэргэжилтэн Дэлхийн дизайны дээд хэмжээний уулзалтад оролцож, 100 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Үйлдвэрлэлийн дизайн, интерьер дизайн, интерактив дизайн, график, харилцаа холбооны дизайн, ландшафтын архитектур, орон сууцны төлөвлөлт зэрэг олон чиглэлээр сонирхолтой сэдвүүдийг тэд хөндөж ярилцаж байгаа аж. Тиймээс зохион байгуулагчид нь энэ уулзалтыг түүхэн цугларалт гэж тодорхойлжээ.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд дизайны хүч, өргөн боломжийг ашиглах олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газар хоорондын болон үндэстэн дамнасан байгууллага, төрөлжсөн байгууллагууд анх удаа хуран чуулж байгаа нь энэ юм.

Хонконг

“Дизайнд тулгуурласан шийдлүүдийг эрэлхийлэх талаар өмнө нь дэлхийн улс орнууд нэгдмэл байр суурьтай байгаагүй. Оролцогчид хамтдаа олон талт хамтын ажиллагааны цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор тунхаглалыг боловсруулж, 10 жилийн турш хэрэгжүүлнэ” хэмээн уг уулзалтын танилцуулгад дурдсан байна. “Дэлхий ертөнц төвөгтэй сорилтуудтай тулгараад байгаа. Хэрэв дизайнд ямар нэг хүч чадал байгаа бол энэ нь нэгтгэх хүч юм” хэмээн 2016 оны дэлхийн шилдэг архитектурын “Pritzker” шагналын эзэн Алжанрра Арвена хэлснийг Дизайны дэлхийн дээд хэмжээний уулзалтаар онцолж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаас хамтарсан тунхаг гаргахаар  төлөвлөжээ. Энэ уриалгад дизайн болон дизайнтай холбоотой сахилга батын үүрэг, ач холбогдол, хүчин чадал, үнэ цэнийг тодорхойлох гэнэ. Түүнчлэн энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн хотуудын хөгжилд, цаашилбал дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд дизайны үр нөлөөг хэрхэн тусгаж, хэрэгжүүлэхийг эдийн засаг, соёл, байгаль орчин, нийгэм гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хэлэлцэн тодорхойлж байгаа ажээ.

Энэ дээд хэмжээний уулзалтын гол зочдыг Канадын өвийн сайд Меллани Жоли, тус улсын Тогтвортой хөгжлийн сайд Дэвид Хюртэл нар тэргүүлэн оролцож байгаа юм байна. Тогтвортой хөгжил, эрх тэгш олон талт байдал, урт хугацааны эдийн засгийн чадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн дэлхий нийтийн хөгжлийн зорилгод дизайн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт дээд хэмжээний уулзалтад санал нэгджээ.

Тиймээс энэ бол зүгээр нэг дизайнын конгресс биш юм гэдгийг ажиглагчид онцолж байна. Тэд уг уулзалтыг дизайнер болон дизайны үйл явцын талаар эргэцүүлэн бодох олон улсын инкубатор юм гэж тодорхойлжээ . 

Монреалын "Jean drapeau" цэцэрлэгт хүрээлэн

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)