Туг болсон андууд: Ерэнтэй

Eagle.mn


Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина.

Оршил. Миний их сургууль-2

Анд нөхдийн нөлөөлөл бол амьдралын хамгийн том сургууль. Өдгөө 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй МУИС нададшинэ шинэ анд нөхөд бэлэглэсэн юм. Сайн муу янз бүрийн юмны зах зуханд хүргэсэн нөхдүүд байхад, юу ч заагаагүй мөртлөө нөлөөллөөрөө чиг замыг маань гэрэлтүүлсэн хүмүүс бий. Жаргал зовлон хуваалцах сайн нөхөд гэж байхад үзэл санааны гэрэлт бамбар болсон андууд миний замд олонтаа таарч, хөмөрсөн тогоо шиг төөрөгдсөн итгэл үнэмшил рүү маань гэрэл тусгаж явжээ. Тэдэнтэй учирсан ховор завшаанаа эргэн санах бүрий “Эрт урьдын сайн ерөөл” гэхчлэнгийн, яльгүй мухар сүсэг ханхлуулсан соньхон бодол төрдөг билээ. Хэдийгээр мухар харанхуйгаас тэд нар л намайг хөтлөн гаргалцаж ирсэн ч гэсэн тэднийхээ тухайд “яльгүй мухар сүсэг”-тэй яваадаа би өөрөө дуртай байдаг.

Хоёр. Ерэнтэй

Ерэнтэйгийн биетэй нь танилцахаас өмнө “сураг”-тай нь танилцсан юм. Нэгдүгээр курсын анхны хичээл эхэлсэн өдөр дээд ангийн “ах” нар орж ирэв. Дунд сургуулийн шинэ ангид ирсэн хүүхдүүд дээр зочилдог ахлах ангийнхнаас ялгаатай нь зодох барих шинж тэдэнд алга. Тэдний дунд горзгор бор нөхөр орж ирсэн нь миний андын нэгэн болох учиртай Б.Цогзаяабаатар байж. “Говь-Алтайн гурван нэрт” хэмээгдэх тэр хүүг төрөхөд нь Дэлгэр сумын төрөх тасагт түймэр гарчээ. Сумынхаа эмнэлгийг хайлуулангаа алдаж мэндэлсэн учраас бөөн гал, цог болсон нэр хайрласан юмсанж. 

Бид хоёр өөр өөр аймгийнх боловч Завхан голын хоёр эргийн хүүхдүүд байсан тул дорхноо л “Тэр гуайг таних уу”, “Энэ гуайг мэдэх үү” бололцон бараг л хамаатан болоод авлаа. Цогоо надтай танилцаж дууссныхаа дараа “Одоо манай Ерэнтэй танай ангид шилжиж ирнэ. Угаасаа танай Завханых” гэсэн нь чи түүнтэй танилцах учиртай гэсэн санаа байлаа. 

Ер нь бол Ерэнтэй нь Цогоогийн амины чухал найз бөгөөд нарийн яривал Ерэнтэйг хэнтэй найзлахыг мань хүн мэддэг шахуу бололтой. Яг тэгж хэлээгүй л дээ, гэхдээ л тэгж ойлгогдоод байсан. Юугаараа тийм айхтарыг нь хэлээгүй ч гэсэн мань хүнд их шүтэгджээ, янз нь. Миний ч гэсэн сонирхолыг татаж, тэр “ерэн есөн шидтэй Ерэнтэй” гэгчийг нь нэг харах юмсан гэжхүсэх болов. Анд маань “Ерэнтэйгийн шинэ найз нарын жагсаалт”-ын бараг толгойд миний нэрийг зоогоод хүлээсээр. Польшид сурч байгаад өнөө “солидарност”-ийн хэрэг явдлаар далимдуулан оюутнаа татахад дүйвээнд нь орсон бололтой юм дууллаа. 

Ингээд Ерэнтэйг өндөр нуруутай, нарийн гонзгой царайтай, намирсан урт битльз халимагтай, хос жийнстэй, тэр үеийн хамгийн үнэт тамхи болох ВТ гэдгийг эр хүнд нарийдсан хуруундаа хавчуулсан, яриан дундуураа учир үл ойлгогдох гадаад үг олноор хэлж гайхшруулсан, үл ойлгогдом атлаа мань мэтэд бишрэл төрүүлэм польш хараал урсгасан...нэг тийм амьтнаар төсөөлөв.

Тэгж байтал хагас жилийн шалгалтын дараагаар чухам л “Христос дахин үзэгдэв” гэгчийн үлгэрээр Ерэнтэй ирсэн болохыг Цогоо дуулгалаа. Зайлуул, хүнд өвчин тусч, хагалуулж барьж юм юм үзээд, хагас жилийн аваад ирсэн нь тэр аж. Тэгж байтал Цогоо маань нэгтийм намхавтар нуруутай, шар нөхөр дагуулан ирснийг ажвал миний бүхий л төсөөллийн толгойг нь уруу харуулаад тавьсан мэт. Харин хэл ам нь гүйцэгдэхгүй амьтан байлаа. Миний төсөөлснөөс дахиад зөрсөн нь, гадаад үг хэрэглэдэггүйгээр барахгүй, бидний ганц нэг “орос” үгийг ч шоолно.Гэхдээяаж гадаадад байсан хүн зүгээр байхав гэх шиг хааяа нэг монголоор бол “хүүр вэ” гэж л дуулдахаар “по” хараал хааяа хэлэх нь хэлнэ ээ.

Нөхөрсөг илэн далангүй тэр залуу дорхноо л манай ангийнхний бүгдийнх нь найз боллоо. Хуучин ангийнхан нь ч гэсэн Ерэнтэйгээ бидэнд орхих дургүй, Цогоо, Хуандаг эд нар манай түүгээр байнга эргэлдэнэ. Ийнхүү Ерэнтэй маань хоёр курсын дундын “тэлээ” найз маягтай үзэгдэнэ.

Цэцэн цэлмэг, хүнийг шоолох дуртай ч бас гомдоохгүй байх хэм хэмжээг бас сайн мэддэг болох нь ажиглагдлаа. Би хөдөөнөөс өвөртөлж ирсэн дэвтэр дүүрэн шүлгээсээ түүнд уншиж өгөх. Мань хүн тэвчээртэй нь аргагүй сонсож дуусаад “За ёстой уучлаарай, мань шүлэг ерөөсөө ойлгодоггүй юм” гээд санал, сэтгэгдлээс зайлсхийнэ. Сүүлд мэдэхнээ “муу байна” гэж хэлэхээс зайлсхийж явсан нь тэр юм билээ.

Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина. Сонирхуулж хэлэхэд ардын ийм уламжлал, өвийг сонирхох нь эсэргүүцлийн нэг хэлбэр байсан юм шүү, гэдгийг хэлэх ёстой байх. Бариач гэдэг юмыг ерээд оны босгон дээр анх удаа Ардын намаас зөвшөөрч Сүхээ гэдэг бариачийн тухай “Ардын бариач” гэдэг өгүүлэл “Үнэн” сонинд анх гарч байсан даг. Тэр үед нам төр юуг хүлээн зөвшөөрч байгаагаа төв хэвлэлээрээ дамжуулан илэрхийлдэг байв даа. 

Б.Ерэнтэй гадаад хэлтэй хүн учраас тэндхийнхээ сонинг их уншина аа. Төв шуудангийн тэнд “Ах дүү социалист орнуудын хэвлэл” зардаг мухлаг байх. Тэндээс Польшийн “Панорама” гэж сэтгүүл авах. Тэнд ньмонголын төдийгүй ах дүү Зөвлөлтийн хэвлэлд гардаггүй нэг зүйл байсан нь “Хороскоп” буюу Өрнийн зурхай. Мэргэ, төлөг хориотой нийгмийн хүүхдүүдэд “Диваажингийн алим” болсон тэрхүү хороскопт бид бүгдээрээ автлаа, эхлээд. Өнөө сэтгүүлийнх нь шинэ дугаар гарахыг тэсч ядан хүлээж “Панорама гарах болоогүй юу” гэж байн байн лавлана. 

Мань хүн ер түвэгшээхгүйгээр хүн бүрийн “төлөг”-ийг орчуулж өгөх боловч “Наадах чинь худлаа даа” гэж биднийг өрөвдөнгүй хэлнэ. “Юу боллоо гэж хэвлэлд худлаа юм тавьдаг юм бэ” гэж бид гэнэн хонгороор асуух. Нам засаг үнэнийг тогтоогоод олон түмэндээ түгээдэг ба тэр нь улсынх нь албан ёсны үнэн болдог, тэр үнэнээс өөр үнэнг сонин хэвлэлд гаргадаггүй ертөнцийн хүүхдүүдийн зүй ёсны асуулт л даа. Харин бидний гэнэн хонгор асуултад “яахав дээ, зугаа төдий л юм даа” гэж хариулдаг байв. Хэвлэлд яахлаараа, нам засгийн үнэнгээс өөр зугаа төдий юм гарч болдгийн учрыг олдоггүй ээ.

Дараа нь сэтгүүлээсээ ганц нэг орчуулан тайлбарлаж өгөх болов. Тэнд зөвлөлтийн эсрэг биш юмаа гэхэд, зөвлөлтийг нэр дурьдан магтаагүй юмнууд зөндөө гардаг болохыг анзаарав. Сэтгүүлээс гадна “Жичэ Варшав”(буруу галигласан байж магадгүй) гэдэг сонин бас уншдаг болохыг мэдэв. Хожим тэр сониноос “Краковын талбайн чулуу болгонд эсэргүүцлийн хүч шингэсэн байдаг” гэсэн мөрүүдийг уншуулж байсан нь санаанд үлдэж.

Нэг өдөр Ерэнтэй бидэнд сургууль дээрээ болсон хичээл хаялтын тухай маш ойлгомжгүй юм ярилаа. Оюутнууд нь “Эв санааны нэгдэл”-тэй санаа нэгдэж байгаагаа илэрхийлэн хичээлээ хаясан гэнэ. Тэрийг нь эхэндээ, хэсэг танхай нөхдүүд бөөндөө хичээлээ тасласан юм байна гэж төсөөлөөд байтал ойлголт мань бишдээд явчихав. Оюутнууд хичээлээ таслахын оронд сургууль дээрээ ирээд деканыхаа газар суучихсан гэнэ. Эндээс, ажил хаях гэхээр л ажлаа таслаад явчихдаггүй болохыг мэдэж авав. 

Тэр ч яахав. Өнөө сургууль чинь задарсан оюутнуудаа хөөхийн оронд амралтаа эхлүүлчихээд “гэрт чинь хүргэж өгье” гээд автобус гаргасан гэнэ. Цаадуул нь бөөн баярболж гэртээ харихын оронд хөнжил пүүгээгээ авчраад сургууль дээрээ тухлаадахжээ. Ойлгох юм нээгч байдаггүй ээ. Польш оюутнууд ч гэж оюутнууд, дээд сургууль байгуулж өгсөн нам засагтаа талархаж, хичээл бүрдээ мэрийн суралцахын оронд яаж байгаа нь тэр юм бүү мэд? Польшийн нам засаг ч гэж нам засаг, ачит нам засгийнхаа буянг умартсан залуусыг сургуулиас хөөж бусдад нь үлгэр болгохын оронд царайчлаад суудаг нь ч ямар учиртай юм, бүү мэд. Энэхүү олон олон “бүү мэд”-үүд хөдөөнөөс ирээд дөнгөж ядан хотшиж яваа орь залуу оюутан хөвүүний сэтгэлийг эзэмдэн толгойг нь эргүүлсээр. 

Хүний толгой эргэх муу ч юм биш санагдсан. Учир нь би эргэлзээн дундаасаа нэг дүгнэлтэнд хүрсэн нь “би үүнийг ойлгож хүчрэхгүй байгаа явдал бол миний ойлгож хүчрэхгүй нэг юм байна” гэсэн бодол. Тиймээ, тэр үед миний ойлгож хүчрэхгүй байсан тэр зүйл бол эсэргүүцлийн үзэл санаа, улмаар эрх чөлөөний мэдрэмж байсан юм.

Ер нь бол “Миний мэдэхгүй нэг юм байна” гэдгийг мэдэх нь өөртөө хийсэн хамгийн том нээлтийн нэг байсан байхаа. Магадгүй хүнд төрөлхөөс заяагдаад, орчин нөхцлөөсөө болоод ч юмуу, нуугдаж байдаг эрх чөлөөний төрөлхийн зөн совин. Хөмөрсөн тогооны дотор, үзэл сурталжин шүүгдсэн “үнэн” дотор буцалж өссөн надад “ийм зөн совин чамд ч байгаа” гэж мэдрүүлсэн хүн маань Ерэнтэй анд бөлгөө.

Ерэнтэй маань хүнийг явуулах, шоолох дуртай шигээ, өөрөө ч тоглоом даана. Мань хүн юм юманд авъяастай. Хулсан хуур татахаас эхлээд, арга барагдахад шүдээ няслаад, яахын аргагүй “Гоож- нанаа” тоглочих жишээний. Бас хөөрхөн зурна. Тэрнээсээ болж эвлэлийн үүрийн ажилд дайчлагдана. Эвлэлийн Ханын сонины толгой зураад үлдэхэд нь бид “Том авъяас эзнээ мандуулдаг бол жижиг авъяас эзнээ хорлодог юм. Чи том авъяастай байсан бол том зураг зураад алдарших байсан. Жижиг авъяастай хүн яая гэхэв, ханын сонингоо зураад үлд дээ” гээд хөхрөлдөн гарахад муухан инээгээд үлддэгсэн. 

Ерэнтэйг жилийн чөлөө авсныг нь гайхалтгүй, би өөрөө жилийн чөлөө авах боллоо,төгсдөг жил дээ. Одооны хэмжүүрээр бол шалих юм биш ч, бас гайхуулах ч биш юм болсон хэрэг. Тэр үед надад хамгийн ойр байсан хүн бол Б.Ерэнтэй. “Ийм үед сайн найз дэргэд байх хэрэгтэй байдаг юм.Би чамаас сар холдохгүй” гэж тэр амласан юм. Өглөө дагаад гарна. Орой унттал бараг хамт явна.Деканы зөвлөл, ректоратаар ороход хүртэл үүдэнд хүлээж сууна. Эрхбиш ганц нэг оймс элээсний хувьд хаширлан харж хандах, түшиг болох аль алин нь л байсан байх. Сарын дараа миний бодол санаа ч өөр болж, энэ хугацааг хэрхэн өнгөрөөх, сургуульдаа хэрхэн эргэж ирэх, төгсөөд яах тухайгаа бодохтойгоо болсон. Ерэнтэй анд маань ч сургууль төгсөх шалгалтандаа бэлдэх хэрэгтэй болсон юм.

...Үерхээд жил гаруй болсны дараа нэг өдөр Ерэнтэй надад юм хэлэх гээд ч байх шиг, үгүй ч юм шиг сонин байв. Тэгснээ шийдэв бололтой “За, золиг минь болох болохгүй хүн амьтанд харуулав аа, өөрөө уншчихаад маргааш өгөөрэй” гээд бичгийн цаасны хагас дээр машиндсан олон хуудас өглөө.Тэр хуудсууд бол Ерэнтэй андын надад атгуулсан өөр нэгэн гэрэлт бамбар байсан юм. Юу байсан бэ, гэж үү? Баабарын бичсэн юмнууд байсан юм аа....

Үргэлжлэл бий

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Уул овоо шиг алтны орой дээр дээр суучихаад, Уух ус гуйгаад л ..... Ус л байвал энэ муу хогийн алт бидэнд ямар хэрэг байна аа

    0 0 Хариу бичих
  2. Хулгайн аргыг заадаг нь Монголын эх сургууль болциймуу Хульхидах ухааныныг заадаг нь УИХ болциймуу Хаана ч холдохгүй шүү та нар Халхын хавтгай хэмжээтэй шүү новшуудаа

    0 0 Хариу бичих
  3. Монголд хэзээч их сургууль түүхэндээ байгаагүй юм шүү дээ. 1942 онд байгуулагдсан МУИС бол оросын шинжлэх ухааны байууллагын хавсрага туршилтын байгууллага байсан. Одоо ч Монголын шинжлэх ухааны лабораторууд юуч хийж чадахгүй

    0 0 Хариу бичих
  4. Үргэлжлэлийг нь хүлээж байна. Сайхан зүйл унших ч сайхан шүү

    0 0 Хариу бичих
  5. Еэ ах маань ч ертөнцтөйгээ, егөөтөйгээ ургаж гарч ирж байна даа.Үргэлжлэлийг нь хурдан уншихсан.Цэнддоо ах л ингэж бичилгүй ч, хэлэлгүй ч яахав.Еэ ах бол намхан боловч сэтгэл, сэтгэлгээний хувьд тун өндөр хүмүн билээ.

    0 0 Хариу бичих