Хятадын Коммунист намын XIX их хурлаас юу хүлээгдэж байна вэ?

Ш.Самбуу


Их хурлаар хурлын төлөөлөгчид ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг батална. Тяньаньмэний талбай дахь Ардын хурлын ордонд аравдугаар сарын 18-нд нээгдэж байгаа Хятадын Коммунист намын (ХКН)XIX их хурлын 2287 төлөөлөгч нар нь дэлхийн хамгийн том улс төрийн байгууллагын 89 сая 447 мянган гишүүдийг төлөөлөн ирцгээжээ.

Тэд бүтэн долоо хоногийн турш ХКН-ын үйл ажиллагааг авч хэлэлцэн Төв хороо, ХКН-ын Сахилга дэг журмын Төв комиссийг шинэчлэн сонгоно.

Дараа нь шинэ  Төв хорооны нэгдүгээр чуулганаар ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоог сонгох юм. Энэ пирамидын дээд хэсэг Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүний тав нь насны хязгаарлалтын (тэтгэвэрт гарах нас нь 68) улмаас солигдох ёстой Байнгын хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй.

Нам, улс, зэвсэгт хүчний тэргүүнд өнөөгийн удирдагч 64 настай Си Жиньпин  үлдэх нь эргэлзээгүй. Удирдлагын тав дахь үеийн хоёрдугаар хүн 62 настай Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ч бас хэвээр үлдэнэ. Эрх баригч ХКН ба түүний сонирхлын хүрээнд  нийгэм, эдийн засгийн салбар, гадаад бодлого, мөн 1,3 тэрбум хүнтэй  орны үзэл суртлын бодлого хамрагдаж байгаа. Намын дээд байгууллага их хурал нь түүний цаашдыг чиг хандлага  шугамыг ирэх таван жилд тодорхойлон тогтоож өгөх ёстой.

Эдийн засгийн салбар

Шинэчлэл, ил тод байдлын  бодлого явуулсны буянаар Хятад сүүлийн дөчөөд жилийн дотор  дэлхийн тэргүүн үйлдвэрлэгч болон хувирч хүн амынхаа амьжиргааны төвшинг байнга дээшлүүлж байна. Улсынхаа түүхэнд анх удаагаа  хүн амаа хооллож, хувцаслаж, товхинуулан 40 сая гэж хэлэгдэж байгаа нэн ядууралтай амжилттай тэмцэж байна. Хятадууд өндөр технологийн үйлдвэрлэлийг  эзэмшиж, сансрыг эзэмшихээр АНУ, Орос хоёртой амжилттай өрсөлдөж байна. Хятадын гадаадад оруулсан хөрөнгө оруулалт нь дотоодынхоосоо давсан байгаа. Өнөөгийн энэ ээдрээтэй цагт Хятад хөгжлийнхөө эрчимтэй хурдыг барьж байгаа. Зарим шинжээчид өсөлтийн хурд нь нь удааширч Хятадын эдийн засгийн хөгжлийн эрчимтэй үе төгсөж байна гэдэг. Хятадын удирдлага нь  намын ХIX их хурлын дараа өөрийн орноо “хятад онцлогтой социализмын хөгжлийн шинэ үедээ орно” гэж байгаа.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хөгжлийн төвийн ажилтан Зян Юй түүнийг гурав дахь үе гэж нэрлэв. Эхний үе нь 1949 онд БНХАУ байгуулагдснаар эхэлсэн ба тэр нь улс төр, эдийн засгийн тусгаар улс болсонтой холбоотой гэлээ. Хоёр дахь үед нь шинэчлэл, ил тод байдлын бодлого явуулан өмнө үзэгдээгүй өндөр эдийн засгийн хөгжилтэй холбоотой ажээ. Таван жилийн өмнө гурав дахь үе эхэлсэн ба тэр нь XXI зууны дунд үе хүртэл үргэлжлэх юм байна. “Орчин үеийн социалист орныг байгуулах зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх асуудалд” энэ их хурал нарийвчилсан хариу өгнө гэсэн хүлээлт байгаа.

Эрэлтийн эдийн засагт шилжих замын газрын зургийг гаргах мэтгэлцээн явагдах юм. Энд эдийн засгийн өсөлт чухал биш амьжиргааны чанар чухал болох ёстой бөгөөд мэдээж татвар  мөн түүнчлэн эдийн засагт төрийн оролцоо эрс буурах юм. Дотоодын  хэрэглээний өсөлт нь эдийн засгийн хурд бага байсан ч ДНБ-ний өсөлтийг гаргаж байх ёстой.  Эдийн засгийн энэ шилжилтээр  болд хайлуулах мөн нүүрсний аж үйлдвэрлэлийг бууруулах бөгөөд тэргүүн зорилт нь өндөр технологийн салбар, үйлчилгээний аж үйлдвэрлэл, дижитал эдийн засаг болох  ёстой. Эдийн засгийн үр ашгийг хувийн капиталын өргөн оролцоонд тулгуулан явуулах юм. Си Жиньпин энэ өөрчлөлтөө болгоомжтойгоор явуулна гэсэн таамаг шинжээчдэд байгаа. Энд тэгэхээр хэт эрчимтэй хөдөлгөөн гарахгүй болов уу.

Намын хатуу удирдлага

Си Жиньпины эхний таван жилийн удирдлага нэн түрүүнд авлигатай хийсэн тэмцлээр дурсагдаж байгаа. ХКН-ын хяналт шалгалт 1,4 сая  нам, улсын албан хаагчдыг  энэ тэмцлийнхээ явцад шийтгэсэн. Жижиг зөрчил гаргасан “ялуунуудаас” гадна өндөр төвшний авлигын “барнуудыг” шийтгэсэн байв.Си даргын ажлын эхэнд Ляонин мужийн захирагч, Чунцин хотын намын хорооны дарга сайд асан Бо Силай баривчлагдан шийтгэгджээ. Бүх насаараа хоригдох ялаар ХКН-ын  ТХ-ны  байнгын хорооны гишүүн өмнө нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд байсан Жоу Юнкан шийтгэгдлээ.

Намын их хурлын өмнө ХКН-ын ТХ янз бүрийн төвшний удирдагч нарын “ичгэврийн жагсаалтыг” нийтэлсэн байна. Түүний эхэнд Чунчин хотын намын хорооны дарга байсан Сунь Чэнцай, Тяньжин хотын тэргүүн асан Хуан Синго, Сянган, Макао, Тайвань ба гадаадад суугаа нутаг нэгтнүүдийн хэрэг эрхэлсэн хорооны экс дарга Сунь Хуайшань, Хууль зүйн сайд асан У Айин, Фужянь мужийн экс дарга Су Шулинь, Ганьсу мужийн намын экс дарга Ван Саньюнь, БНХАУ-ын даатгалын газар ба хяналтын хорооны дарга асан Сян Зюньбо, Цянсу мужин орлогч захирагч асан Ли Юньфэн, Хятад АЧА-ийн генерал асан Ван Жяньпин, Нисэх хүчний экс улс төрийн комиссар Тянь Сюсы, Хэбэй мужийн дэд захирагч асан Ян Чунъюн, Сангийн яамны Авлигын эсрэг хорооны экс тэргүүн Мо Жяньчэн нарын нэр байгаа. Тэднийг намаас  хөөсөн ч эцсийн шийтгэлийг энэ их хурал дуулна.

Авлигатай тэмцэх кампани армийг ч хамаарсан ба хэд хэдэн том генералууд бүх насаар хоригдох ял авсан байв.

Си Жиньпин “Найман заалттай журам”, “Зураан хорио” гэсэн  санаачилгыг дэвшүүлэн түүнийгээ намын амьдралын гол зохицуулах  баримт болгосон  байгаа. Намын эдгээр санаачилгыг ард түмэн нь дэмжиж байгаа. Авлигын эсрэг кампани нь “эрсдэл хийгээд яахав” гэсэн болгоомжлол гарган эдийн засгийн идэвхийг боож байгаа гэсэн яриа бий. Си дарга авлигыг дийлтэл урт замыг туулах ёстойг хэлж байгаа.

Их хурлаар намын дүрэмд өөрчлөлт орох байх. Албан бус  мэдээллээр намын дүрэмд Си Жиньпины нэрийг оруулах сурагтай байгаа. Тэгвэл тэр Мао Зедун, Дэн Сяопин нарын дараах гурав дахь хүн болно. Гэхдээ амьд ахуйд нэр нь дүрэмд орсон Мао даргын дараах хоёр дахь хүн болно. “Өөрийн үйл ажиллагаандаа марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопиний онол болон гурвалсан төлөөллийн (үйлдвэрлэх хүчин, соёл, хүн амын өргөн хүрээ) чухал үзэл санааг” ХКН-ын дүрэмд заасан байдаг. ХКН-ын ТХ-ны 18-р чуулганы зургадугаар бага хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпины статусыг ХКН-ын ТХ-ны “цөм” гэж сая тогтоож өгсөн байгаа. Энэ “цөм” нь түүнийг 2022-2023 оны дараа дахин  засагт  байлгах боломжийг гаргаж байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал.

Хятадын коммунист нам, лавлагаа

Хятадын коммунист нам (ХКН; Жунго гунчаньдан)  бол БНХАУ-ын төрийг баригч бөгөөд 89,5 сая гишүүнтэй цорын ганц улс төрийн нам юм. ХКН нь дэлхийн хамгийн олон гишүүнтэй нам юм. ХКН-ын ТХ-ны зохион байгуулах хэлтсийн нийтлүүлсэн сүүлийн мэдээгээр ХКН 2011 оны сүүлчээр 82 сая 602 мянган гишүүнтэй байв. Намын дүрмийнх нь дагуу дээд үзэл санаа ба эцсийн зорилго нь коммунизм байгуулах. “Өөрийн үйл ажиллагаандаа марксизм-ленинизм, Мао Зедуны үзэл санаа, Дэн Сяопиний онол болон гурвалсан төлөөллийн чухал үзэл санааг” ХКН  удирдлага болгодог байна.

ХКН нь хөтөлбөр, дүрэм, ардчилсан төвийн зарчим дээр байгуулсан нэгдмэл цул байгууллага гэнэ. ХКН-ын төв байгууллагууд нь Бүх Хятадын намын их хурал, ХКН-ын Төв хороо, ХКН-ын Улс төрийн товчоо, ХКН-ын Улс төрийн байнгын товчоо, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газар, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөл, ХКН-ын Төв хорооны сахилга батын Төв комисс зэрэг болдог байна. Намын удирдах дээд байгууллага нь Бүх Хятадын намын их хурал бөгөөд тэр нь таван жилд нэг удаа хийгддэг. Хурлуудын хооронд намын дээд удирдах байгууллага Төв хороо нь болдог байна.

2012 оноос хойш ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Си  Жиньпин юм. ХКН-ын Төв хорооны төв хэвлэл нь "Жэньминь жибао" (Renmin Ribao — Ардын сонин), түүний онолын сэтгүүл нь "Цюши" (Qiushi — "Үнэний эрмэлзлэл") болдог.

ХКН-ын түүх

ХКН 1921 оны долдугаар сарын 1-нд байгуулагдсан гэдэг. Намын анхдугаар их хурал нь 1921 оны зургадугаар сарын сүүлчээр долдугаар сарын эхээр Шанхай хотноо нууц байдалд хийгджээ. Коминтерний (1919-1943 онуудад янз бүрийн орны коммунист намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага) дэмжлэгтэйгээр нам нь байгуулагдсан байв .

Мао Зэдун

1945 онд ХКН-ын VII их хурал дээр шинэ дүрэм батлагдан тэнд "Хятадын коммунист нам нь өөрийн бүхий л ажил үйлсдээ Мао Зедуны үзэл санаагаар удирдагдана” (Ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны дарга 1943- 1976 онуудад) гэж заажээ.

1945 - 1949 онд Хятадад Гоминьдан (Хятадын үндэсний ардчилсан нам) ба ХКН-уудын хооронд иргэний дайнтай байв.

1958 онд ХКН-ын  VIII их хурлын хоёрддугаар чуулганаар “гурван улаан туг” (шинэ "ерөнхий шугам", "их үсрэлт", "ардын коммуна") гэх чиглэл батлагдав. Мао Зедуны дотоод, гадаад бодлого нь ХКН-ын дотор хямрал болон дотоод тэмцлийг өдөөн өгсөн байв. “Соёлын хувьсгалаар” (1965 - 1976 онуудын улс төрийн үйл явдал) Мао Зедуны талынхан үнэнч цэргийнхэн болон сурагч оюутнуудын хүчээр армиас бусад газарт намын байгууллагуудыг устган, муж, хот аймгийн намын хороодыг тараан намын олон мянган ажилтнууд тэдний тоонд Төв хорооны гишүүдийг хоморголон хэлмэгдүүлжээ. ХКН-ын Төв хорооны орлогч гишүүдийн гуравны нэгийг хэлмэгдүүлсэн байв.

1969 онд ХКН-ын IX намын дүрмийг шинэчлэн Маогийн үзэл санааг намын ёс суртахуун ба онолын үндэс болгоод Мао Зедуныг намын бүх насны удирдагч гэж тунхаглажээ. Мао Зедун 1976 оны есдүгээр сарын 9-нд нас барав. 1976 оны аравдугаар сард”дөрвөн дээрэмчнийг” (ХКН-ын Төв хорооны радикал бүлэг тэдний тоонд Мао Зедуны эхнэр Зян Цин байв) бүлэг гэгчийг бут ниргэснээр “соёлын хувьсгалд” төгсгөл иржээ.

Хятад 1979 оноос Дэн Сяопиний удирдлагаар улс төрийн шинэчлэл ба гадаад харилцааны өргөжилтөд орсон байв. Шил дараалсан шинэчлэлийн улмаас Хятад онцлогтой социалист шинэчлэл гэх гол чиглэл нь тогтоогдон улс төр, эдийн засгийн салбарт өргөн шинэчлэл явуулсан байв.

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 1989 онд Зян Земинь сонгогдлоо. Тэр 1993 онд БНХАУ-ын дарга болов.  Тэрээр Дэн Сяопиний шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж иржээ. 2002 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ху Жиньтао сонгогдсон байна.

2007 оны ХКН-ын XVII хурал Хятад онцлогтой социализм байгуулна гэдэг намын чиг шугамаа баталгаажуулжээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд нээгдсэн XVIII их хурлаас ХКН-ын тав дахь үеийн гэх шинэ удирдлага сонгогдсон юм. ХКН-ын Төв хорооны шинэ нарийн бичгийн дарга Си Жиньпин дараа нь БНХАУ-ын даргаар сонгогджээ.

1990–2017 оны ХКН-ын лидерүүд Зян Зэминь, Ху Жиньтао, Си Жиньпин нар ерөнхийдөө Дэн Сяопиний үндэслэсэн бодлогыг “тогтвортой байдлыг” хадгалах нь чухал гэсэн  засвартайгаар үргэлжлүүлэн хөгжүүлж ирэв. Гэхдээ сүүлийн жилүүдэд Дэн Сяопины нэр өдөр тутмын  сурталчилгаанд сонсогдохоо больсон.

Орчин үеийн Хятадад оюуны уламжлалт өв Күнзийн сургаал, хоёр мянга орчим жил Хятадын нийгмийн барьж ирсэн күнзийн үнэт зүйлс (төрийн алба, нийгмийн хариуцлага, ард түмнийг халамжлах тухай) үзэл баримтлалын эргэлтэд эргэн ирж байна. Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалт, “Үзэсгэлэнтэй Хятадыг”  байгуулахын төлөө  эх оронч үзэл,амиа ч өгөхөөс буцахгүй биеэ бүрэн дайчлах чадвар өндрөөр үнэлэгдэж байна. Өнөөдөр ч  хувьсгалт үйл явдлын  түүхэн газрууд,Их аяны маршрутаар аялах “улаан соёл” хэвээр байгаа. Хувьсгалч, эх оронч дуу дуулах нь олныг хамааран дэлгэрч байна.

1982 онд батлагдаж, 2012 онд Коммунист намын дүрмээр Хятадын нийгмийн байгуулалт нь социализм байгуулалтын эхэн үед байгаа. Си Жиньпин ба бусад удирдагч нарын сүүлийн хэлсэн үгнээс  харвал намын XIX их хурал дээр дунд төвшний амьжиргаатай "сяокан"гэх нийгэм байгуулснаа зарлах бололтой. Энэ нь ХКН  байгуулагдсан цагаас хойших 100 жилийн (2021 он) “зууны зорилгуудын эхнийх нь байх юм. “Зууны” дараагийн зорилт нь Хятадын эдийн засгийн дунд хөгжилтэй орнуудад оруулах зорилго байх бөгөөд түүнийг 2049 онд БНХАУ байгуулагдсаны  100 жилийн ойгоор хэрэгжүүлж дуусах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)