Түрээсийн орон сууц барих газар гэнэт “алга” болжээ

А.Санчир


Ханын материалын үйлдвэрийн орчимд баригдах “Хотын захиргааны шинэ цогцолбор”

Нийслэлийн орон сууцны корпораци Монгол Улсын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг Ханын материалын 9.9 га газарт 1000 айлын түрээсийн орон сууц барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэ төсөл одоогоор цаасан дээр л “баригдаж” байгаа. Учир нь түрээсийн орон сууц барих газар нь бусдын эзэмшилд орсон тул төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаас үл шалтгаалах бэрхшээл тулгараад байгаа юм байна.

Тодруулбал, Ханын материалд баригдах 1000 айлын түрээсийн орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэн Нийслэлийн Хот  төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт батлуулахаар өгчээ. Гэтэл тус газрынхан төсөл хэрэгжүүлэх талбарын газар эзэмших гэрчилгээ, кадастрын зургийг шаарджээ. Энэ бол мэдээж зүй ёсны шаардлага.

Түүнчлэн хөрөнгө оруулагчид болох Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банкныхан түрээсийн орон сууцны төслийн техник, эдийн засгийн үндэслэлтэй танилцаад мөн л төсөл хэрэгжүүлэх газрын газар эзэмших эрхийг хэрэгжүүлэгч байгууллага буюу Нийслэлийн орон сууцны корпорацийн нэр дээр байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

Ингээд Нийслэлийн орон сууцны корпорацийнхан түрээсийн орон сууц барих газрынхаа гэрчилгээ, кадастрыг сураглажээ. Гэтэл уг газрыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлээс гарган Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх шийдвэр энэ оны наймдугаар сард гарчихсан байжээ.

Ингэснээр Нийслэлийн орон сууцны корпораци шаазгай зүү олоод хийх газар олддоггүй гэгч болох нь тэр. 1000 айлын түрээсийн орон сууц барих төсөл,  тооцоо, зураг төсөв хийгээд хөрөнгө оруулагчид нь бэлэн. Барилгаа барих газар нь л хүнийх. Ингээд тус байгууллагаас нийслэлийн удирдлагуудад хандаж түрээсийн орон сууц барих 9.9 га газрыг өөрийн байгууллагын нэр дээр авах хүсэлт гаргажээ. Харамсалтай нь тэдний хүсэлт бүтээгүй байна.

“Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн Газрын тухай хуулийн  тодорхой заалтыг зөрчиж байгаа тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг Нийслэлийн газрын албанаас Нийслэлийн орон сууцны корпорацид энэ оны есдүгээр сарын 19-нд ирүүлжээ.

Ингээд түрээсийн орон сууц барих газар дашийн шог болсон байна. Уг нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг Ханын материал, Тоосгоны үйлдвэр орчмын 9 га газрыг “Хотын захиргааны шинэ цогцолбор” барих зориулалтаар  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 15 жилэээр эзэмшүүлэх захирамж 2015 оны 4 дүгээр сарын 22-нд гарсан байдаг аж. Уг талбайн тодорхой хэсэгт 1000 айлын түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн нь ийнхүү газар эзэмшихтэй холбоотой асуудлаас болж гацаанд ороод байгаа аж. Хамгийн хачирхалтай нь нийслэлийн мэдлийн газар яагаад, ямар үндэслэлээр дүүргийн мэдэлд очсон нь тодорхойгүй.

Эргэн сануулахад, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг Ханын материал, Тоосгоны үйлдвэр орчмын 9 га газарт “Хотын захиргааны шинэ цогцолбор” байгуулах шийдвэр 2013 онд гарч, зураг төсөл, ТЭЗҮ-ийг нь БНСУ-ын “Халла Гонсол” компани хийсэн юм. Харин уг төслийг хэрэгжүүлэгчээр Унгар-Монголын хамтарсан “Глобал Бридж” компани ажиллахаар болж өнгөрсөн 2016 оны зургадугаар сард газар шорооны ажлаа эхэлсэн билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын захиалагч нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар учир бүтээн байгуулалт өрнөж байгаа газрыг эзэмших ёстой. Тийм ч байсан. Гэтэл ердөө хоёрхон сарын өмнө энэ эрхээ бусдад шилжүүлсэн нь хачирхалтай.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ene man namiin luivar hihdee aimar

    0 0 Хариу бичих