Жорж Веа: Би ард түмний сонголт

Х.Батсайхан


1995 оны дэлхий, Европын шилдэг хөлбөмбөгч Жорж Веа Либерийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хөлбөмбөгийн амжилттай замнал нь түүнийг эх орондоо улс төрийн амжилттай карьер эхлүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн бөгөөд 2005 онд Ардчилсан өөрчлөлтийн төлөө Конгресс намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байв. Өрсөлдөгчид нь түүнийг улс орныг удирдах хангалттай боловсролгүй хэмээн гоочилж байсан ч тэрээр гайхалтай амжилт үзүүлж, эхний шатанд хамгийн өндөр санал авсан байдаг. Гэвч хоёрдугаар шатанд Эллен Жонсон Серлиф Ж.Веаг ялж, Африкийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр тодорч байв.

2011 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Уинстон Табмен ялсан тохиолдолд Ж.Веаг дэд ерөнхийлөгч болгоно хэмээн зарласан ч өнөөх л Э.Жонсон Серлифт “шившигтэйгээр” ялагдсан юм. Э.Ж.Серлиф сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 90 гаруй хувийн саналыг авч байжээ. Гэвч Ж.Веа энэ ялагдлынхаа хариуг Э.Ж.Серлифээс авч, 2014 оны Сенатын сонгуульд хүү Робертыг нь өвдөг шороодуулж байжээ. Ингэснээр тэрээр хууль тогтоох байгууллагад сонгогдсон анхны тамирчин гэдгээр улсынхаа түүхэнд үлдсэн юм. Харин одоо тэрээр Ерөнхийлөгчийн суудалд суух гэж байна.

Ж.Веагийн “эрлэг” нь гэж хэлж болохоор Э.Жонсон Серлиф хуулиараа дахиж нэр дэвших эрхгүй болсон энэ жилийн сонгуульд Ж.Веа түүний орлогч байсан Жозеф Боакайтай өрсөлдсөн. Өрсөлдөөнд Ж.Веа илүүрхсэн юм.

Ж.Веа хэдий ард түмний дунд асар нэр хүндтэй ч төрийн ажлын хувьд шүүмжлэлтэй зүйл бий. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Александр Каммингс “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ж.Веа Сенатын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй. Ийм хүн төрийн эрхэнд гарахаараа хэрхэн бодлого боловсруулж, улс орныг удирдах нь бүрхэг. Жорж Веагийн Либери улсын төлөө хийсэн цорын зүйл нь хөлбөмбөгийн академи байгуулсан явдал” хэмээн хурцаар шүүмжилсэн нь үнэний хувьтай.  Гэвч тэрээр мөчөөгөө өгөлгүй “Та гудамжинд гараад тааралдсан эхний хүнээс л сенатор Жорж Веагийн талаар асуухад намайг сайн хүн, ажлаа сайн хийж байгаа гэдгийг хэлээд өгөх болно. Намайг шигшээ багтайгаа хамт талбайд гардаг байхад эх оронд маань иргэний дайн зогссон юм шүү. Би бол ард түмний сонголт” хэмээн хариуг нь барьсан гэдэг. 

Ж.Веагийн “эрлэг” нь гэж хэлж болохоор Э.Жонсон Серлиф хуулиараа дахиж нэр дэвших эрхгүй болсон энэ жилийн сонгуульд Ж.Веа түүний орлогч байсан Жозеф Боакайтай өрсөлдсөн. Өрсөлдөөнд Ж.Веа илүүрхсэн юм.

Улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байсан тамирчин хожим нь төрийн тэргүүн болсон тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Фарерын арлын шигшээд дөрвөн удаа тоглохдоо есөн гоол алдаж байсан Кая Лео Йохансен хожим Ерөнхий сайд болсон нь энэ салбарын дээд амжилт гэж хэлж болно. Гэвч тэр бүх ард түмний сонголтоор Ерөнхий сайд болоогүй, харин томилогдсон юм. Улс нь ч тусгаар улс гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй. Харин Засгийн газрын танхимд орж ажилласан хөлбөмбөгчид бол бий. Тэд бол Бразилийн домогт хөлбөмбөгчид болох Зико, Пеле нар юм. Тэд улсынхаа Спортын сайдаар ажиллаж байсан билээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)