Хөхний даруулганы хувьсал

Л.Эрдэнэжаргал


Өнөөгийн охид, эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон хөхний даруулга 1917 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анх зохиогчийн эрхээ авсан буюу патентлагдаж байсан гэдэг. Орчин үеийн хөхний даруулгын түүх 100 гаруй жилийг үдсэн ч эмэгтэйчүүд энгэр цээжээ далдалж байсан түүх 500 гаруй жилийн тэртээгээс эхтэй.

Эртний Ромын эзэнт гүрний үе

 Эмэгтэйчүүд сиймгэр даавуугаар хөхний хэсгээ ороон далдалдаг байжээ. Энэ үед том хөхийг сайхан зүйл гэж үздэггүй байсан учир эмэгтэйчүүд хөхөө аль болох чанга дарж ороон, хавтгай цээжтэй харагдахыг илүүд үздэг байсан гэдэг.

МЭ 1500-1800 он

 Эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсал хийсэн корсет буюу бэлхүүсэвч нь даруулганы зэрэгцээ хөхөвчний үүргийг ч давхар гүйцэтгэж байв. Элсэн цаг шиг биетэй байхыг хүссэн эмэгтэйчүүд бүсэлхий хэсгээр нь нарийсгаж, хөхийг нь өргөж том харагдуулдаг байсан корсетийг өдөр тутамдаа хэрэглэж байсны сөрөг тал ч олон гарч байжээ.

1920-иод он

өнөөгийн хөхний даруулгын эх загвар энэ үеэс үүсэлтэй гэхэд болно. Урдаа 1-3 товчтой, хөвөн зөөлөн даавуугаар хийгдсэн, мөртэй, том энгэртэй цамцыг санагдуулам хөхөвч 1920-иод оны үеийн эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцаслалтын нэг хэсэг болов.

1920-иод оноос хойш

Бүсгүй хүний биеийн галбир, нэн ялангуяа хөхний төрөлхийн хэлбэрийг дагуулан урласан нарийн мөртэй хөхөвч энэ үед үүсчээ. Тухайн үедээ уг дотуур хувцсыг “Maiden Form” хэмээн нэрлэж байв.

1930-аад он

Цээжний тойрог, хөхний хэмжээнд тааруулсан, мөрөвчийг нь хүссэнээрээ уртасгаж,. Богиносгож болдог хөхөвчний шинэ үе эхлэв.

1950-60-аад он

Энэ үеийн хөхөвчний загвар нь хөхийг нилээн далдалж өгснөөрөө онцлог байлаа. 1990-ээд оны үед дуучин Мадонна тайзны хувцаслалтандаа ийм загварын хөхөвчийг ил зүүн дахин сэргээсэн гэж болно.

1960-аад оноос хойш

Sheer буюу хөх нэвт харагдах торон хөхөвч энэ үеийн онцлох загвар байв. Ямар ч хатуулга, элдэв төмөр, зөөлөвчгүй байсан нь биед эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй байснаараа бусад үеийн хөхөвчний загвараас ялгарна.

1970-аад он

Jog bra хэмээн нэрлэгдсэн хөхөвчний онцлог нь биед эвтэйхэн хөнгөн бөгөөд sheer bra-г бодвол өргөн, нэвт харагддаггүй, спорт хөхөвчний нэг төрөл гэж хэлж болохоор загвартай байв.

2000-аад он 

Nu bra – мөрөвчгүй хөхний даруулганы анхны загвар. Хөхөвчний захаар байх силикон нь хөхөвчийг арьстай наалдан унахгүй, унжихгүй байлгах зорилготой юм. Мөргүй даашинз, энгэр, цээж, нуруу ил гарсан хувцас, гоёлын даашинз дотуур өмсөхөд хамгийн тохиромжтой нь nu bra байлаа.

Өнөөдөр 

Дэлхий даяар хөхний даруулганы олон брэндүүд бий болж, үйлдвэрлэл өсөхийн хэрээр түүх эхэлсэн цагаас хойшхи бүх загварын хөхний даруулгыг үйлдвэрлэн худалдаалдаг болжээ. Торон, хатуулгатай, спорт загварын гээд олон зуун загвар дээр нэмэгдээд үнэт чулуугаар чимэглэсэн, алтаар урласан гэх мэтээр төгсгөлгүй үргэлжилнэ. Сүүлийн үед хөхний даруулга зүүхгүй байх нь өөрөө загварын нэг хандлага төдийгүй эрүүл мэндэд тустай гэдгийг сурталчилах нь ихэсчээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)