Хөөмийн элч

Eagle.mn


Түүний төрж өссөн нутаг нь хөөмийн өлгий Ховдын Чандмань. Д.Хосбаярын аав, ээж, өвөө, эмээ нь бүгд л ардын язгуур урлаг хөөмийг өвлөн тээгчид байв. Ерөөсөө тэрээр хөөмийч болохоос өөр аргагүй тийм л хувь заяанд төржээ. Ховд аймгийн Чандмань сум гэж Алтайн уулсын дунд үзэсгэлэнт нууруудаар хүрээлэгдсэн энэ нутгаас хөөмийн урлагийн олон зүтгэлтнүүд төрсний нэг нь Д.Хосбаярын нагац ах, хөөмийчдөөс тодорсон анхны гавьяат Д.Сундуй юм. Ухаан орох цагаасаа л нагац ахынхаа хөөмийлөхийг сонсч өссөн Хосоо хүү долоон настайгаасаа хөөмийлж эхэлжээ. Д.Хосбаяр дунд сургуулиа төгсөөд нийслэлд ирж Ардын дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгад хөөмийчөөр ажилласан байна. Аялгуу эгшигт хөөмий нь түүнийг Алтайн уулсын дундаас алсын моринд дөрөөлүүлж улмаар Альпийн нурууг даван Герман улсад хөл тавих хувь тавилангийн замыг нээж өгчээ. Германы Хамбург хотод урлагийн маркетинг менежментийн ангид суралцан төгссөн залуугийн зүрх сэтгэлд хөгшин Европт хөөмийгөө таниулахсан гэсэн хүсэл оргилж байв. Ингээд тэрээр Монголоос авьяаслаг залуусыг шалгаруулан аваачиж Германд , “Hosoo & TransMongolia” хамтлагаа байгуулжээ.

Транс гэдэг хөгжмийн хэлээр бол холбогч гэсэн утгатай. Тиймээс Монголоо Европтой язгуур урлаг, хөөмийгөөр холбоно гэсэн санаагаар хамтлагтаа ийм нэр өгсөн гэдэг. Тухайн үед хөөмий байтугай Монголыг ч Европт бараг мэддэггүй байв. Одоо бол өөр болсон. Үүнд “Hosoo & TransMongolia” хамтлагийн хувь нэмэр бий. Тус хамтлагийнхан нэр шигээ Азийг Европтой, өнө эртнийг өнөө үетэй, язгуур урлагийг сонгодогтой холбож чаджээ. Хамтлагийн ахлагчийн хувьд Хосоо өнгөрсөн 20-иод жил Европт уран бүтээлээ туурвин ажиллаж амьдрахдаа бүхнийг холбож, түүчээлж байв. Нэг ёсондоо хөөмийн элч болж ажиллажээ. Тэрээр “Авьяаслаг германчууд” шоуны шилдэг 10-т шалгарч, Испанийн хатан хааны нэрэмжит “Дэлхийн хөгжмийн хаан” шагнал хүртэж, алдарт “Modern Talking”-ийн Дитер Болинтой хамтран ажиллаж, түүний дуунуудад чимэг болгон хөөмийлж байсан аж.

Тэрээр одоо эх орондоо суурьшихаар ирээд буй. Харин хамтлагийнхан нь Германд уран бүтээлээ туурвиж байгаа. Дэлхийн хөөмийн холбоог байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа тул ийнхүү Монголдоо удаан хугацаагаар байх шаардлагатай болжээ. Хөөмийн голомт нь Монгол Улс юм шүү гэдгийг батлан харуулж, монгол туургатан, нүүдэлчин ард түмнүүдийн язгуур урлагийнхны тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулах нь Д.Хосбаярын гол зорилго. Язгуур урлаг тэр дундаа хөөмийн тухай, хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар тэрээр ийн хүүрнэв.

Даяаршил бидний ойлголтоос хальж байна. Тиймээс бид үндэсний урлаг, язгуур урлагийн талаархи бодлогоо зөв авч явах хэрэгтэй. Тэгж чадсан нь даяаршлын ард үлдэнэ....

Хөөмий бидний цусанд байгаа

Даяаршил бидний ойлголтоос хальж байна. Тиймээс бид үндэсний урлаг, язгуур урлагийн талаархи бодлогоо зөв авч явах хэрэгтэй. Тэгж чадсан нь даяаршлын ард үлдэнэ. Монгол гэдэг ийм үндэстэн байдаг юм, ийм урлагтай юм гэж бид бахархдаг. Харин түүнийгээ яаж өвлөн хадгалж үлдээх, хэрхэн хөгжүүлэх талаар дуугардаггүй, бодлого гаргадаггүй.

Бидний цусанд байгаа юм биднээс өөрсдөөс хамааралтай болохоос биш хэн нэгэн баян хүний мөнгөөр ч юм уу, төрийн хүчээр бий болчихдоггүй. Тэгэхээр язгуур урлаг бол хувь хүн болгоноос хамааралтай. Хөөмийг судалж байгаа судлаач алга. Ж.Бадраа гуайн судалгааг л тал талаас нь мэрээд суугаад байх юм. Нутаг орноор нь яваад хөгшид, ахмад настнуудтай уулзаж яриаг нь сонсч байгаа хүн алга. Мөнгө төсөвтөө биш сэтгэл дутаад байна.

Өөрсдийгөө л продюссерлэсэн

Манай хамтлагийг анх байгуулагдаж байхад Герман, Итали зэрэг улсаас олон арван продюссер хамтарч ажиллая гэж санал тавьж байсан. Тэдний хэнийх нь ч саналыг хүлээж аваагүй. Бид өөрсдөө чадна гээд л зүтгэсэн.

Гадаадын том менежертэй сүүлчийн ганц доллараараа виски тулгаж уугаад маргааш нь буцах зардал байхгүй сууж л байлаа.

Хорь гаруй жил бүх менежментийг өөрсдөө хийсэн. Эхэндээ бид тодорхой хэмжээнд янз бүрийн театр, заалыг хөлсөлж авдаг, өөрсдөө сурталчилгаагаа хийдэг байсан. Удалгүй тодорхой хүрээтэй болсон. Хүмүүс таньж мэддэг болсон. Тэгэнгүүт урьд нь бид мөнгө төлж тоглодог байсан театр, чуулга эргээд биднийг гуйгаад эхэлж байгаа юм. Европын маркетинг бол нэг тийм хүрээтэй. Тэр хүрээнд орох нь л чухал. Түүнд багтахын тулд хүн юугаа ч хамаагүй золиод орох л хэрэгтэй. Орсон хойноо ажилгүй байна гэж байхгүй. Монголд урлагийн маркетинг хийх, Европт урлагийн маркетинг хийх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Манайд бол маркетинг гэхээр заавал эдийн засагтай холбоод байдаг. Гэтэл эдийн засагтай холбохгүй, ямар нэгэн санхүү мөнгөнөөс хамаарахгүй маркетинг зөндөө байна. Тэрийг манайхан олж харахгүй байна.

Хамгийн гоё тоглолт “Нокиагийн үдэш”

Тоглолт бүхэн хариуцлагатай байдаг. Хамгийн гоё тоглолт гэвэл “Нокиагийн үдэш ододтой хамт” цуврал тоглолт. Энэ тоглолтод алдартай хамтлагууд оролцдог. “Bon Jovi” зэрэг том хамтлагууд орж байсан. Тэр төслийн зорилго нь поп рокоор хит болсон дуугаа тухайн хамтлаг, дуучин классик оркестртой дуулах ёстой. Тэр төсөлд манайх оролцож байсан. Хамгийн цөөн нь 20-30 мянган хүн үздэг. Хамгийн хямд тасалбар нь манайхаар 600-700 мянган төгрөг. Тийм хэмжээний тоглолтод оролцоно гэдэг гоё. Үзэгчид нь маш соёлтой, мэргэшсэн үзэгчид байдаг.

Монгол туургатан хөөмийн аялгуунд нэгдэнэ

Дэлхийн хөөмийн холбооноос санаачлан гурван гүрний монголчуудын хамтарсан язгуур урлагийн тоглолт хийнэ. Сая Тувагийн “Ят-Ха” хамтлагийг Монголд авчирч тоглууллаа. “Дэлхий” хамтлаг болон бусад авьяаслаг залуустай хамтраад бид ирэх оны нэгдүгээр сард Цагаан сарын өмнө Кызилд хамтарсан тоглолт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн “Хөх хээр” гэж Өвөрмонголын хамтлагийг урьж тоглуулахаар ярьж байгаа. Ирэх хавар Халимагаас нүсэр бүрэлдэхүүн ирж тоглолт хийнэ. Дэлхийн хөөмийн холбоо Монгол Улсад төвтэй болохоор Улаанбаатартаа бусад монгол туургатан, монгол ястнуудын тоглолтыг зохион байгуулахаар зорьж байна. Дараа нь Улаанбаатарт тоглосон хамтлагуудаа нийлүүдээд хилийн чанадад монгол угсаатан ард түмэн аж төрдөг бүх улсуудаар явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. tanii ajild amjilt husie

    0 0 Хариу бичих