Ханиад хүрэхээс нь өмнө

А.Анар-Эрдэнэ


Ханиад, томууны гаралт ихэсдэг сэрүүний улиралд эцэг эхчүүд хүүхдүүддээ сонссон, уншсан, бусдын зөвлөсөн сайн гэсэн аргуудыг хэрэглэн эдгээж эмнэх гэж оролддог. Онохоосоо алдах нь их эдгээр гэр эмчилгээний аргуудыг хийхдээ жижиг сажиг зүйлсийг нь орхигдуулснаар хүүхдийнхээ ханиадыг эмчлэх нь бүү хэл улам дордуулж орхих нь бий. Хүүхдийнхээ өвчлөлийн явцыг тодорхойлж, үнэлж мэдэхгүйн улмаас нийтлэг үндэслэлээр эмчилгээгээ сонгодог нь гол алдаа болдог тухай “Оливка” хүүхдийн асаргаа сувилгааны төвийн эрүүл мэндийн зөвлөх П.Ганчимэг онцолж байсан юм.

Иллэг гэдэг нь асаргааны түвшинд хамгийн чухал зүйл байдаг. Иллэгийг эмчилгээний түвшинд хүүхдийнхээ өвчлөлийн байдлаас хамаараад хэрхэн хийх, ямар тосоор хийхээ сонгодог.

П.Ганчимэг

Фейсбүүкийн ээжүүдийн группуудээр их нийтлэгддэг хүүхдийнхээ цээжийг байцаагаар ороох, зөгийн бал байцаанд түрхэж наах зэрэг эмчилгээний аргуудыг би хувьдаа зөв гэж үнэлж үздэггүй. Хүүхэддээ зөгийн балны татлага хийх үү, ямар тохиолдолд бумба тавих вэ, цэр шингэлэх үү, утлага хийх үү гэдэг нь хүүхдийнхээ биеийн байдал, өвчлөлийн явц үнэлэгдсэний дараа шийдэгддэг. Тэгэхэд эцэг эхчүүд нийтлэг үндэслэлээр өөрсдөө дур мэдэн эмчилж байдаг. Манайхан эмчилгээнийхээ хэлбэрийг сонгож мэддэггүй. Эмч дээрээ очоод үзүүлэхдээ эмчилгээний хэлбэр сонгогдоход бүгд авчихна, заасан эмчилгээг нь сайн хийлгэнэ. Гэхдээ хамгийн чухал зүйлээ дандаа гээнэ. Тэр нь асаргаа, сувилгаа.

Асаргаа сувилгаа гэдэгт маш олон зүйл багтдаг байна. Хамар, нусыг хэрхэн цэвэрлэх вэ? хүүхдээ өвчлүүлэхгүй байхын тулд яах вэ гэх мэтийн олон асуудал бий. Ээжүүд хүүхэддээ хоол хүнснээс эхлээд өдөр тутам, гэрийн нөхцөлд өөрийн мэдэх, чадах хэмжээгээрээ асаргаа үзүүлж байдаг. Гэтэл асаргаа сувилгаа гэдэг ойлголтын мэргэжлийн түвшинд ээж бол хүүхэддээ иллэгийг бүрэн утгаар нь хэзээ ч хийж чадахгүй. Иллэг гэдэг нь асаргааны түвшинд хамгийн чухал зүйл байдаг. Иллэгийг эмчилгээний түвшинд хүүхдийнхээ өвчлөлийн байдлаас хамаараад хэрхэн хийх, ямар тосоор хийхээ сонгодог. Хүүхдийн үзлэгийн үнэлгээнээс шалтгаалаад тосны хэлбэрүүдээ сонгох, өвчлөлтэй байх юм бол оройдоо уух, алжаал тайлах шөлнүүдийг зөвлөнө. Энэ бүхэн хэдийгээр ээжүүдийн гэртээ хийдэг сувилгаа, асаргааны төрөл ч яаж оруулж ямар үед, хэрхэн хийх вэ гэдэг учраа олохгүй байх нь бий.

Ханиад томуунд өртөхөөс нь өмнө авч болох энгийн хэрнээ үр дүнтэй аргуудын нэг нь иллэг юм.

Өнөөгийн эцэг эхчүүдийн хэрэглэж буй химийн найрлага бүхий биеийн тосноос илүүгээр хонины сүүл, шар болон оливын тоснуудыг хэрэглэх нь элдэв харшлаас сэргийлэх ач тустай. Тухайлбал монголчууд бидний эртнээс хэрэглэж ирсэн хонины сүүлийг ширгээн гаргаж авсан тос нь уургийн агууламж, тэжээллэг чанар өндөртэй байдаг. Үүгээр ч зогсохгүй сүүлний тосны хайлах хэм цельсийн 380 буюу нам температурт байдаг нь агуулж буй ханаагүй тосны хүчил ихтэй байгаатай холбоотой. Биеийн тамир доройтох, ядрах, хий хуян, булчингийн ядаргаа, толгой, гар хөлний өвчний үед сүүлний тосоор иллэг хийх нь анагаах шидтэй байдаг аж. Гэхдээ сүүлийн үед гэрийн аргаар гаргаж авсан сүүлний тосноос харшлах болсон тухай “Оливка” төвийн эрүүл мэндийн зөвлөх П.Ганчимэг дурдсан юм.

Гэрийн аргаар гаргаж авсан сүүлний тос, малын гаралтай тос, тосон бүтээгдэхүүнийг түрхэнгүүт харшилж, тэр урвалыг хүлээж авч чадахгүй хариу урвал үзүүлээд байдаг болсон. Үүний шалтгааныг би хувьдаа хүүхдүүдийн дархлаа сул байгаа гэдгээс гадна малын үндсэн тэжээл, өсгөх явцдаа ашиглаж буй эм тарианы хэрэглээ их болсонтой холбоотой гэж хардаж бодоод байгаа юм. Тиймээс эцэг эхчүүддээ гэрийн аргаар гаргаж авсан биш эмийн үйлдвэрийн аргаар гаргаж авсан сүүлний тос хэрэглэхийг зөвлөх байна.

Зөвхөн монголчууд бидний хүнс, ахуйдаа хэрэглэдэг шар тосны хувьд хүний эрүүл мэндэд тустай А,Е аминдэм, фенолт антиоксидант нь дархлаа сайжруулдаг. Шар тосон иллэгийг бүтэн биенд түрхэх бус цэгэн иллэгт ашигладаг учир дур мэдэн гэрийн нөхцөлд хийх бус мэргэжлийн хүнээр хийлгэвэл зохимжтой ажээ. Зүрх судас, дархлааны тогтолцоонд эерэгээр нөлөөлж, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг нь шар тосны ид шид юм. Сүүлийн үед диатиз буюу харшлын өвчтэй хүүхдүүд их болсон. Диатизтай хүүхдийн арьс ихэнхдээ хуурайшиж, хацар, гарын арьс нь хагарах зовиуртай байдаг. Ийм эмзэг арьстай хүүхдүүдэд оливын тос ашиглан арьсанд сайтар нэвчих, үрэлт маягтай иллэг хийлгэх нь үр дүнтэй байдаг аж.

Хүмүүс оливын тосноос харшиллаа гэдэг. Үнэндээ бол оливын тосноосоо биш харшлын суурьтай хүүхэд (дотуур ханиалга үүссэн, хоолой нь сэрвэгнэсэн үедээ) иллэг, барианыхаа үеэр сэдэл өгсөн байх нь элбэг. Түүнээс биш яг тосноосоо харшилсан зүйл байдаггүй гэж тайлбарласан юм. Оливын тосыг сүүлний тосны нэгэн адил бүх биенд түрхэж, иллэг хийж болно. Оливын тосон иллэг хийснээр кальцын шингэц сайжирч, яс бэхжинэ, цусан дахь холестрины хэмжээ буурдаг байна. Үүгээр ч зогсохгүй арьсанд сайн нэвчиж цусны эргэлт сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Омега 3, омега 6-аар баялаг, А,Д, К, Е аминдэмийн эх үүсвэр болдог онцлогтой. Арьсыг зөөлрүүлэн усны суурийг сэргээдэг учир диатизтай хүүхдэд нэн тохиромжтой юм.

Дархлаа сэргээх, асаргаа сувилгааны зорилгоор хүүхэддээ иллэг хийхдээ хүүхэд хурц, цочмог хэлбэрийн өвчлөл, зовиургүй байх ёстой гэдгийг анхаараарай. Хөнгөн хэлбэрийн ханиадны үед иллэг хийж эмчилж болдог бол хүндэрсэн ханиад, халуунтай үед иллэг хийхийг хориглоно. Дөнгөж эхэлж буй, хөнгөн хэлбэрийн ханиадыг иллэгээрээ эмнэж болдог. Гэхдээ иллэг сайн гээд дуртай ямар ч хамаагүй тосоор, олон хоног иллэг хийгээд байж болохгүй. Олон хоногийн иллэг нь хүүхдийн биеийг нялхрааж, ядраадаг байна. “Оливка” төвийн хувьд асаргаа, сувилгааны иллэгийг ихэвчлэн 3 хоног дараалан хийдэг аж. Булчингийн чангарал, сулрал, цээжиндээ цэртэй үед доргиох иллэгээр суллахын тулд 2 хоног нэмэх тохиолдол бий. Тиймээс энгийн асаргааны хувьд 30-45 хоногт 1 удаа 3 хоног дараалсан иллэгийг хүүхэддээ хийж өгөх нь хамгийн тохиромжтой хугацаа юм.

“Оливка” асаргаа сувилгааны төвийн эрүүл мэндийн зөвлөх П.Ганчимэгийн эцэг эхчүүдэд зөвлөдөг гол зүйл нь эмгүй эмчилгээ буюу дархлаа сэргээх халуун чанарын хоол, шөл, уух зүйлс, халуун ванн, халуун тостой иллэг байдаг нь тэдний үйлчлүүлэгч хүүхдүүдийн эцэг эхийн магтаал, сайшаалыг хүртдэг.

Тухайлбал, Хөнгөн ханиадны үед ханиадны хөөс зэрэг бодисуудыг усандаа хийж оруулдаг арга бий. Ханиадны хөөс байхгүй ч хамрын ханиадны үед хүүхдээ усанд оруулахдаа усныхаа температурыг бага багаар нэмээд байх нь ваннтай усыг халуун чанарлаг болгож, хүүхэд тэрэндээ утагдаж (өтгөн хар цайнд оруулах зэрэгт) ханиад дарагддаг. Энгийн хоол хүнс, түгээмэл аргаар буюу халуун чанарын хоол хүнсээр эмнэх нь ч үр дүнтэй болсон. Шөлөнд шар тос дусааж уух, адууны мах чанасан шөлөнд амны халбага шимийн архи хийж уулгах зэрэг халуун чанарын хоол хүнсээр эмнэх аргыг эцэг эхчүүд төдийлөн хэрэглэхээ больсон. Чамгүй үр дүнтэй эдгээр аргууд нь тухайн шар тос зэрэгт ямар элемент байна, тэр агуулагдаж буй хэрэгцээт амин дэм, элементийг аль болох ходоодныхоо хана руу нэвчүүлж, илүү халуун чанарын юмыг уучихаар бодисын солилцоо идэвхижиж хий дарах байдлаар үйлдэл үзүүлдэг. Энэ нь хүүхдийн эсэргүүцэл үзүүлэх чадварыг сайжруулж буй хэлбэр юм. Эсэргүүцэл нь сайжирсан хүүхэд ханиадны өвчлөлөө эсэргүүцэх урвал чангарч чадвар нь ч тэр хэрээр нэмэгдэнэ. Тэгээд хөнгөн зэргийн ханиадыг өөрөө дарчихаад байна. Зарим тохиолдолд тарваган шийртэй сүү, содатай сүү уулгахад л болчихож байна шүү дээ. Эцэг эхчүүд өөрсдийнхөө илүүдэл жинтэй тэмцэх үүднээс, бие нь өмнө байснаасаа илүү жин нэмж, таргалалтын байдалд ороод эхлэхэд турахын тулд ногоо их идэхийг хичээх, тэр талдаа сайн гэсэн байдлаараа хүүхэдтэйгээ хамт хооллох гээд байдаг. Үүнээс болж хүүхдүүд хоол хүнснээс авах ёстой эрдэс бодис, шим тэжээл, тосныхоо зарим хэсгийг авч чадахгүй байгаагаас эсэргүүцэх чадвар нь бас буурах тохиолдол бий.

Хүүхэд дөнгөж ханиад хүрч , нус нь гоожиж эхэлсэн үед эхлээд хувцаслалтанд анхаарна. Энэ нь халуурч байна гээд хувцсыг нь нимгэлээд, ханиадтай гээд бэгнээд байхыг хэлэхгүй.

Тасалгааны температурт байгаа хүүхэд бол нэвт үлээсэн салхинд гадаа гаргаагүй л бол энгийн нөхцөлд дан цамцтай байхад буруудахгүй. Хамгийн гол нь нойтон хувцастай л байлгаж болохгүй аж. Хувцасыг нь ойрхон ойрхон сольж хуурай хувцаславал хүүхэд жиндэж даарахгүй. Арьсны гадаргуугаар агаар нэвчиж, агаар сайн сэлбэхэд нимгэн хувцас тусладаг байна. Үүний дараа хүүхдийнхээ уух шингэнд анхаарч биеэс хоргүйжүүлэх, туух байдалд оруулна.

П.Ганчимэг

Эцэг эхчүүд хүүхдээ сайн гээд аньс, чацаргана байнга өгдөг. Аньс, чацарганы шүүсний аль нь ч бай угжинд нь хийгээд хүйтэн бүлээн хамаагүй гэдсийг нь цэрдийтэл угжаад байдаг нь маш буруу зүйл юм. Хүүхдийн өдрийн хэрэглээний давс, сахарын хэмжээг зохимжтой байхаар тооцох, өдөрт тогтсон хэмжээгээр өгөх хэрэгтэй байдаг. Манайх төвөөс эцэг эхчүүдэд хүүхдэд өгөх шингэний зөвлөмжийг өглөө өлөн дээр нь багахан хэмжээний давстай хар цай, том хүүхдэд нэг аяга, бага насны хүүхдэд аяганы тал буюу 125 мг –г өгөх. Өдрийн махан хоолны дараа жимсний шүүсийг дээрхтэй адил хэмжээгээр уулгавал зүгээр гэдэг. Дархлаанд сайн гэсэн ганц ойлголтоороо байнга өгөөд хэрэглээд байх нь зохимЭцэг эхчүүдээс ажиглагддаг нийтлэг дутагдал нь хүүхдийнх нь ханиадтай ижил төстэй шинж тэмдэгтэй өвдсөн ойр дотныхоо хүмүүс, хүүхдүүд болох 1, 2 тохиолдлыг л мэдэж авч, тэр ханиад өвчлөлийг дарсан эмийг хэрэглэх тал бий.

Эмч нарын хувьд тэр өвчлөлөөр өвдсөн хүүхдүүдийн тохиолдол илүү олон таарна шүү дээ. Тэгэхээр олон тохиолдол дундаас нэг оновчтой эмчилгээ, эмийг гаргана. Ам дамжин сонссон эмээр хүүхдээ эмчлэхийг хичээхгүй байх нь л зөв. Хүүхдийнхээ биеийн онцлогт тохирсон эмчилгээнээс илүү эм тарианы аль үнэтэй, сайн гэснийг сонгож хэрэглэх гээд байдаг нь эцэг эхчүүдийн алдаа.

Антибиотикийг үнэхээр шаардлагатай буюу нянгийн халдваруудын үед заасан цагаар ууна. Яагаад антибиотикийг эмч нар цаг цагаар бичиж өгөөд байна гэхээр эхний 8 цагтаа эхний тун биед орж эхний үйлдлээ үзүүлж байтал дараагийн 8 цагийн тун орж дараагийн үйлдлээ үзүүлдэг гэсэн үечилсэн үйлдэлтэй байдаг. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдөө ханиад хүрэнгүүт хурдан эмчлэх байдалтайгаар дур мэдэн хүүхэддээ антибиотик өгдөг.

Хүүхдийнх нь ханиад хөнгөн буюу энгийн халуун чанарын шөлнүүд уугаад эдгэхээр боломжийн нөхцөлтэй байж болно. Эсвэл бүр вирусын эсрэг антибиотик ууж байж эдгэхээр түвшинд хүрч хүндэрсэн ч байж болно. Өвчлөлийн нөгөө л нэг явцаас энэ бүхэн шалтгаалдаг байна. Тиймээс эцэг эхчүүд, насанд хүрэгчиддээ гэж зөвлөхөд хүүхдийнхээ өвчлөлийн явцыг мэдэхгүйгээр, дур мэдэн эмчилж, уламжлалт болон гэрийн аргаар эмчлэх, хурдан эдгээх гэж хүчтэй антибиотик хэрэглэхээр яарах биш мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй аж.

Үүгээр ч зогсохгүй ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох хүүхдийн дархлаа сайжруулах, асаргаа сувилгаагаа сайжруулах, мэргэжлийн хүнээр иллэг хийлгэж, зөвлөгөө авч болох юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)