Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын IV хуралдаан боллоо

С.Цолмон


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2017 оны IV хуралдаан өчигдөр болжээ. Тус хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна.  

Үүнд:

1. “Болд төмөр Ерөө гол” ХХК-иас төмөр замын суурь, дэд бүтцийн үйлчилгээний үнэ, тарифыг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх,

2. Интернэтийн бөөний урсгалд мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйлчилгээний зах зээлийн судалгаа,

3. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа.

Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар, саналыг нь сонссон байна. Тухайлбал, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Мобиком нетворкс” ХХК-ний удирдлага, холбогдох албаны төлөөлөл оролцжээ.

Улмаар “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн суурь бүтцийг бусад аж ахуйн эрхлэгчдэд ашиглуулах үйлчилгээний тарифыг анх удаа хянаж, зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Баян-Өлгий аймгийн төв, Өлгий суманд кабелийн телевизийн үйлчилгээ эрхэлдэг “ЖСММ” БГБХН-ийг тухайн аймгийн төвийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох шийдвэрийг гаргасан байна.

Мөн “Мобиком нетворкс” ХХК-ийг интернэтийн бөөний урсгалд мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай биш болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бүртгэлээс хасах шийдвэрийг тус тус гаргажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)