Налайхын багачууд чууллаа

Х.Батсайхан


“Хүүхдэд ээлтэй дүүрэг” Налайхын багачууд “Нарны хүүхдүүд” ээлжит долдугаар чуулганаа өнөөдөр дүүргийнхээ Соёлын ордонд зохион байгууллаа.

Чуулганд төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхдээс гадна дүүрэг, сургуулиудын удирдах албан тушаалтнууд оролцжээ. Чуулганы үеэр 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүлсэн байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсохоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Дүүргийнхээ, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн хичээл сурлагандаа онцгой анхаарахын зэрэгцээ ямагт манлайлагч байж дүүргийнхээ хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Чуулганаар сургуулийн орчны ундны усны аюулгүй байдал, сургуулийн орчин дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургалтын чанар суралцах арга барил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, дүүргийн “Хүүхдийн элч”-ийг сонгосон байна.

Төлөөлөгч хүүхдүүдийн нууц санал хураалтаар дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан Б.Тэлмүүн нар “Хүүхдийн элч”-ээр сонгогджээ.

Энэ үеэр чуулганыг угтан зохион байгуулсан “Шилдэг оролцооны байгууллага”, “Ус бидний ирээдүй”, “Их уурхай-Миний мөрөөдлийн Налайх” гар зураг, шүлгийн уралдааны шагналтнуудад дүүргийн удирдлагууд шагналыг гардуулжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ