“Хуба хаяа” брэндийн чацарганы 100 хувь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцтай танилцуулъя

А.Анар-Эрдэнэ


Хаан жимс хэмээн өргөмжлөгддөг чацаргана жимсийг үйлдвэрийн аргаар боловсруулан, шүүж ямар ч элдэв нэмэлтгүйгээр савлан үйлдвэрлэж, хэрэглэгчдийн талархлыг хүртээд буй “Хуба хаяа” үйлдвэртэй танилцсан аяллаа та бүхэнтэй хуваалцъя. Дэлхийн стандартад нийцсэн өндөр технологиор чацарганы гайхамшигт амт, түүнд агуулагдаж буй аминдэм, эрдсүүдийг алдагдуулалгүйгээр боловсруулж савлан хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болгодог "Хуба хаяа" үйлдвэр 2016 оны 11 дүгээр сард ашиглалтад оржээ.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байх өөрийн 100 га чацарганы талбайгаас хурааж авчирсан түүхий эд “Хуба хаяа” үйлдвэрийн -18°С агуулахад хадгалагдан, эндээсээ түүхий эд боловсруулах үйлдвэрт шууд ордог.

Түүхий эд боловсруулах үйлдвэрт байх төхөөрөмжүүдээр бутлагдан, үр хальсаар ялгагдан хуваарилагдах бөгөөд үр бол үрийн тос үйлдвэрлэх хэсэг рүү, чацарганы цэвэр охь үйлдвэрлэх бол дараагийн дамжлага руу гэх мэтчилэн хуваагддаг байна.


Чацарганы үрээс үрийн тос гаргаж авч 2 төрлийн тос үйлдвэрлэдэг бол тосыг нь ялгасан чацарганы охийг тунгалаг шүүс, хагас тунгалаг шүүсний концентраци гэсэн 2 төрлийн шүүс болгон үйлдвэрлэдэг.
Чацарганы тосыг ялгахаас гадна механик хольц буюу чулуу шорооны хольцтой хэсгүүдийг малын тэжээл болгохоор ялган бэлтгэдэг.


Түүхий эд бутлах төхөөрөмжинд орсон цагаасаа шугаман хоолойгоор дамжин эцсийн бүтээгдэхүүн болж савлагдах хүртлээ ямар ч гар ажиллагаа, нэмэлт орцгүйгээр явсаар бидний гарт иртлээ аюулгүй, эрүүл ахуйн хамгаалалт бүхий шугамаар дамждаг онцлогтой.


Чацарганы шүүсийг өөрөөр нь ариутган ямар ч нэмэлт орцгүйгээр охь хэлбэрээрээ 1 л-ийн хэмжээ бүхий баг савлагаа, 50 мл-ийн хэмжээтэй шилэнд савлагддаг.


“Хуба хаяа” брэнд 50 мл-ийн шилээ Шанхайгаас авч үйлдвэрийн аргаар ариутгадаг бол шошго, хайрцагаа үндэсний үйлдвэрлэгчдээсээ авдаг.


“Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүхий л бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн болтлоо шугам хоолойгоор дамждаг бөгөөд эдгээр шугам хоолойг хүчил- шүлтээр тогтмол угааж ариутгадаг нь эрүүл ахуй, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагад 100 хувь нийцдэг.


Чацарганы охь савлагааны хэсэгт орж ирмэгц өөрөөрөө ариутгагдаж, үйлдвэрээс ирсэн ариун шилэнд шууд савлагдана. Үүнээс цааш савлаж, бөглөсний дараа чацарганы охио ахин ариутгаж шошголон, 6 ширхэгээр нь хайрцагласнаар хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болдог.

“Хуба хаяа” үйлдвэрийн агуулахаас бутлах төхөөрөмжинд орж, боловсруулагдан савлагдаж эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 2-3 хоног зарцуулагддаг. Тус үйлдвэр нь 50 мл-ийн шилтэй охийг сард 1 сая ширхэгийг, бег савлагаатай охийг 1 цагт 1 тонныг савлах хүчин чадалтай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)