Нэр дэвшигчид АТГ-ын босго давах уу?

Eagle.mn


МАН-ын дотоод тохироо дуусч, Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарыг эцэслэн тодрууллаа. Хуулиараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ нэрийг АТГ-д хянуулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, АТГ-аас бусад нь бүгд улс төрийн шийдвэр гаргаж байгаа. Тухайлбал Ерөнхийлөгч хэчнээн нэр дэвшигчдийг дэмжихгүй байлаа ч “Зөвшилцөх” гэсэн ойлголт нь заавал зөвшөөрөх гэсэн агуулгагүй учраас УИХ дээр олонхиороо шийдээд явчихна гэсэн үг. Харин АТГ-ыг “аргалах” боломж нэр дэвшигчдэд байхгүй юм.

АТГ-аас сайд нарт нэр дэвшигч нэг бүр дээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал” үүсэх эсэхийг тогтоох ёстой юм. Хэрэв ийм асуудал тогтоогдвол нэр дэвшигчийг буцаах эрх АТГ-т бий. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулах үед Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазар, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд сайдад нэр дэвшүүлэх боломжгүй гэж АТГ шийдвэрлэж байсан билээ. Энэ дагуу нэр дэвшигчид солигдож байсан түүхтэй.

Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс ч АТГ дээр өөрчлөгдөх боломжтой юм. Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч дээр эрхлэх асуудлынх нь онцлогоос хамаарч ашиг сонирхлын зөрчил “тогтоох” хэцүү. Мөн Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарын хувьд өмнө нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Б.Батзоригийн хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажиллаж Төрөөс хүнсний талаар баримтлах бодлогыг батлуулж байсан хүн. Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулж байсан билээ. Нэр дэвшигч С.Чинзориг ч ялгаагүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Иймд эдгээр нэр дэвшигч дээр ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж үзэж болох аж. Харин үлдсэн яамны хувьд өөрчлөгдөх магадлалтай юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Давсанийг нь авах ёстой гэхдээ сэтгэлтэйг нь шинж

    0 0 Хариу бичих