Аравдугаар сарын 12 дэлхийн түүхэнд

Ш.Самбуу


Харааны дэлхийн өдөр

Харааны дэлхийн өдрийг аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар тэмдэглэдэг. Хараагаа алдахаас хамгаалах олон улсын агентлагийн мэдээгээр ойролцоогоор 285 сая хүн харааны асуудалтай бөгөөд тэднээс 39 сая нь огт хараагүй байна. Нүдний өвчин 19 сая гаруй хүүхдийн хараанд нөлөөлдөг бөгөөд хараа нь муудсан хүмүүсийн 65 хувь нь тавиас дээш насныхан байна.

Үе мөчний өвчинтэй  тэмцэх дэлхийн өдөр

Аравдугаар сарын 12-нд дэлхийн олон оронд 1996 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар дэлхийн үе мөчний өвчинтэй тэмцэх өдрийг  тэмдэглэдэг байна. Артритийн  хэлбэрийн талаар өргөн олонд мэдлэг өгөх үүднээс энэ өдрийг тэмдэглэх болжээ. Ер нь бол артрит нь үе мөчний үрэвсэл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийн арван хүний нэг нь артритаар өвчилсөн байдаг аж.

Испанидад ба хувилгаан дарь эх Пиларын давхар баярын өдөр

Өнөөдөр испаничууд давхар баяртай. Хувилгаан дарь эх Пиларын өдөр гэх шашны баяраас гадна Испанидадын өдөр гэх үндэсний баяртай. Эхлээд энэ өдрийг Испанийн түүхэн муж Арагонд тэмдэглэж иржээ. Домгоор Дарь эх Пилар, Эбро голын эрэгт багана дээрээс номлогч Сантьягод харагдан түүнийг  христийн шашиныг Испанид дэлгэрүүлэхэд нь туслана гэжээ. 1492 оны энэ өдөр Христофер Колумби Испанийн далайн аяныг толгойлон Америк тивийг нээжээ. Сүсэгтэн олон  тэндээс Пилар дарь эхийн оролцоог олж харжээ. Энэ нээлтээр Колумб зөвхөн Испанийг ч биш өөрийгөө дэлхийн түүхэнд алтан үсгээр бичүүлжээ. Тиймээс энэ өдрийг испаничууд үндэсний баяраа болгосон байна.

Мюнхен шар айргийн баярыг анх тэмдэглэв

Өдгөөгөөс 207 жилийн өмнө Мюнхен хотноо шар айргийн анхны наадам болжээ. Октоберфест гэх энэ алдартай баярыг нэг хэсэг нь дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй ард олны зугаалга гэдэг бол нөгөө нь немец үндэсний баяр гэнэ. Гурав дахь нь хамгийн өргөн цар хүрээтэй архидалт гэдэг. Баярын гол үйл явдал Theresienwiese буюу Терезагийн нуга гэдэг газар болдог. Тэнд энэ баярыг эхлүүлсэн жонон Баварийн Людвиг, Саксоны гүнж хоёрын хурим 1810 оны энэ өдөр болсон байна.

Есүс Христийн хөшөө нээгдэв

Бразилийн Рио-де-Жанейро хотноо 86 жилийн өмнө аврагч Христийн хөшөө Корковаду толгой дээр далайн төвшнөөс 704 метрийн өндөрт нээгджээ. Хөшөөний өндөр нь 30 метр, түүний жин нь 1140 тонн, зөвхөн толгойн жин нь 35,6 тонн. Гарын алдлалт нь 23 метр ба алга тус бүр нь 9,1 тонн болдог. Аврагч Христийн хөшөөг орчин цагийн гайхамшгуудын нэг гэж үздэг.

Мехикогийн олимпын тоглолт нээгджээ

Латин Америкт явагдсан анхны Олимп Мексикийн нийслэл Мехико хотноо нээгджээ. XIX зуны олимп  1968 оны аравдугаар сарын 12-нд нээгдэн аравдугаар 27 хүртэл үргэлжлэв. Мексикийн нийслэлд  112 орны 5531 тамирчин тэдний тоонд 781 эмэгтэй тамирчид хүрэлцэн ирсэн байв. Мөн энэ тоглолтыг анх удаагаа  таван тивд телевизээр дамжуулсан билээ. 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас анхны олимпийн медалийг бөхчүүд маань авчирсан. Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав,Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медаль хүртсэн юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)