Маттео Бэллинелли: Би Монголд дурласан

Г.Сонинбаяр


Монголын тухай баримтат кино нь олны анхаарлыг татаж, түүнд чамгүй нэр хүнд авчирчээ. Киног нь үзсэн олон хүн баяр хүргэж, бас Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль, цаг уурын хүнд ширүүн нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа малчдад тусалъя гэж санал тавьсан байна. Сайн санаат хүмүүсээс 10 мянган швейцарь франк буюу тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг цугларчээ. Ингээд Маттео Бэллинелли уг хандивын мөнгийг монголчуудад тэр тусмаа тусламж хэрэгтэй хүмүүст нь хүргэж өгөхөөр шийдэж “La mensa e il gregge” гэж төрийн бус байгууллага байгуулжээ. Энэ нь италиар мал сүрэг гэсэн үг аж. Энэхүү төрийн бус байгууллагаараа дамжуулан швейцаричуудын хандивын мөнгийг Монголын алслагдсан зах нутгийн малчид, залуу гэр бүл, үндэсний цөөнх гэх мэт нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар болсон байна.

Швейцарийн телевизийн баримтат киноны найруулагч ийнхүү хүмүүнлэгийн үйлст зүтгэж эхэлжээ. Ийм шийдвэр гаргах болсон тухайгаа тэрээр “Монгол орон, монголчууд миний сэтгэлийн үнэхээр татсан. Би Монголд хайртай болсон” хэмээн тайлбарласан.

Швейцарь хүмүүсийн сайхан сэтгэлийн хандивын анхныхыг залуу гэр бүлийг малжуулах төсөлд зарцуулсан гэнэ. Маттео Бэллинеллигийн хувьд Монголд анх ирээд олж харсан зүйл нь хөдөө орон нутгийн иргэдийн амьдралын нөхцөл, тэдэнд тулгарч буй бэрхшээл. Ялангуяа залуус ажил эрхлэх боломжгүйгээс төв суурин руу нүүдэллэх нь түгээмэл байгааг тэрээр ажиглаж. Тиймээс залуу гэр бүлүүдийг орон нутагтаа малаа маллан, уламжлалт нүүдлийн амьдралын хэв заншлаа хадгалан амьдрахад нь туслахыг чухалчилсан хэрэг. Иргэдэд тодорхой тооны мал өгч маллуулан хоёроос гурван жилийн дараа буцааж авах бөгөөд ашиг шим, төлийг нь тэдэнд өгөх зарчмаар 30 гаруй өрхийг малжуулжээ.

Мөн алслагдсан сум, суурин газрын хүүхэд багачуудын сурч, хүмүүжих орчныг сайжруулахад анхаарал хандуулж олон сургууль, цэцэрлэгийн барилгыг засах, компьютерийн кабинет байгуулж тохижуулах гэх мэтээр материаллаг тусламж үзүүлсээр өнөөг хүрсэн байна. Түүнчлэн төлбөрийн чадваргүй айл өрхийн хүүхдүүдийн их сургуулийн төлбөрийг төлөх төсөл хэрэгжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй оюутан тэдний тэтгэлэгт хамрагдсан байна.

Баримтат киноны зураг авахаар анх хөл тавьсан Итали эр найруулагч, сэтгүүлчийн ажлаа орхиж хүмүүнлэгийн үйлстэн болно гэж зүүдлээ ч үгүй байх.

Маттео Бэллинелли

Намайг телевизийн хүн, бас сэтгүүлч ч гэж болно. Гэнэтхэн яагаад ийм хүмүүнлэгийн ажил хийгээд явчихав гэж магадгүй. Өнгөц харахад их өмнөө сэдэв юм шиг боловчби телевизэд ажиллаж байхдаа аль болох нийгэмд хандсан нэвтрүүлгүүд их хийдэг байсан. Ялангуяа миний хийсэн баримтат кинонуудын үндсэн чиглэл нь үндэсний цөөнх, шашны цөөнх, мартагдаж байгаа, хэцүү бэрхшээлтэй газар амьдарч байгаа хүмүүсийн тухай байдаг.Тэднийг хэрхэн хамгаалж, хэрхэн туслах вэ гэдэг нь миний уран бүтээлийн сэдэв байсан.

Төв аймгийн Батсүмбэр сумын “Баянгол” багт аймагтаа битгий хэл Монголд байхгүй шинэлэг хийц, загвартай бага сургууль барьж өгсөн нь түүний хамгийн анхны томоохон ажил байв.

Батсүмбэрийн сургуулийг Швейцарийн консулаар ажиллаж байсан Маркус Түбак анх санал болгож Швейцарийн нэгэн чинээлэх бизнесмэн бүх санхүүжилтыг нь гаргаж бариулжээ.

Дараа нь Увс аймгийн Улаангом хотын захын гэр хорооллын 100 айлыг сонгон авч хүнсний дэмжлэг үзүүлж, мөн тэдгээр өрхүүдийн хүүхдүүдэд сургалтын төлбөрийг ивээн тэтгэсэн байна. Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй өрхийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг барьж ашиглалтад оруулжээ.

Улаангомын захын гэр хороололд баригдсан уг цэцэрлэг одоо ч гэсэн ажилласаар байгаа гэнэ.

“La mensa e il gregge”-гийнхний сонгосон дараагийн аймаг нь Баян-Өлгий. Казах үндэстэн голцуу аж төрдөг тус аймгийг тэд Монгол Улсын бас нэг онцлог бүс гэж үзжээ. Маттео Бэллинеллигийн хувьд өөрөө Швейцарь дэх үндэсний цөөнх италичуудын төлөөлөл. Тиймээс казахууд түүнд илүү дотно санагдсан гэнэ. 2007 оноос хойш Баян-Өлгийд төсөл хэрэгжүүлж сургуулиудын байрны засвар, тохижилтод хөрөнгө оруулсаар ирж.

Улаанхус сумын “Хөххөтөл”багийн сургуулийн дотуур байр болон сургуулийн нь дээврийн засварыг хийж, компьютерийн танхим байгуулж өгчээ. Хамгийн сүүлийн том бүтээн байгуулалт нь хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон “Хөх хөтөл” багийн 100 хүүхдийн цэцэрлэг.

Өмнө нь аливаа бүтээн байгуулалтын ажил хийхдээ 100 хувь Швейцарийн талаас хөрөнгө босгодог байсан бол энэ удаа орон нутгийн засаг захиргааг идэвхтэй оролцуулж, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөвт өртгийн 20 хувийг аймгаас гаргуулсан гэнэ. Ийнхүү орчин үеийншинэлэг тийм загвартай цэцэрлэгийг Монгол Улсын хамгийн алслагдсан баруун захын сууринд барьжээ. Энэ бол Маттео Бэллинеллигийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүн. Тэрээр энэ бүх хүмүүнлэгийн ажлыг хийхэд тусалдаг, зоригжуулж хурцалдаг, итгэлийг нь даадаг монгол найз нөхөддөө талархал илэрхийлсэн.

“La mensa e ilgregge”-гийнхэн цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монголд төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэнэ.

Монгол шиг үзэсгэлэнтэй байгальтай улс орон байхгүй. Гэтэл та нар яасан эх орноо хайрладаггүй хүмүүс вэ. Хогны асуудалд хамгийн түрүүнд анхаармаар байна. Хүүхдүүдэд хог хаяхгүй байх тухай, байгалиа яаж хамгаалах талаар хичээл зааж, ухамсарт нь суулгамаар байна. Хаа сайгүй хог, гялгар уут, архины шил, ундааны сав дүүрч байна. Хот, суурин төдийгүй хээр хөдөө ийм хог хаягдал их байна. Ийм байж болохгүй. Та нар эх орноо хайрлаач. Би хөндлөнгийн хүн. Тоохгүй байж болно. Гэхдээ та нарт зааж сургаад, өөрөө оролцоод энэ үйл ажиллагааг дэмжмээр байна.

Уран бүтээлч хүний хувьд тэрээр Монголын тухай кино хийх болбол олонд танигдаагүй боловч авьяаслаг зохиолч, яруу найрагч, зураач залуу хүнийг гол баатраа болгон түүний дотоод ертөнцөөр дамжуулан өнөөгийн Монгол орон, монголчуудыг илэрхийлэх гэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Бидний нарийн зовлонг ойлгож бага гэлтгүй чадах чинээгээрээ тусалж байгаад үнэхээр их талархаж байна. Манай гишүүд сайд дарга нараас дээр юм байна. Талархаж байна.

    0 0 Хариу бичих
  2. Iim zov setgelgeetei segeltei gadniin huneer eronhii saudaa tavichmaar yumaa. Idej uuh huivaldahiin don tussan manaihan yaj ch chadahgui shude. Iim jishee oor uls orond bii bii.

    1 0 Хариу бичих
  3. Mongoliig mongolchuud uursduu ugui hiij bg chuu dee. Hog bol naad zahiin asuudal

    1 0 Хариу бичих
  4. Яана аа нээрээ бид ичмээр юм даа. Хот гэлтгүй хөдөө сайхан байгалтай хүн их очих дуртай газрууд нээрээ энэ хогны асуудалтай байгаа. Ядаж байхад энэ гялгар уут, архи, пивоны шил, лааз, ундааны сав.... замын хажуугаар хөглөрөх, хоггүй бол яаж харагдах уу гэж байнга бодогддог.

    1 0 Хариу бичих
  5. "үхэр" монголчууд бид ичиж үхээсэй!

    1 0 Хариу бичих
  6. манай зүрх сэтгэлгүй улстөрчид, дарга нараас хамаагүй мундаг, дээгүүр хүн байна даа :)

    1 0 Хариу бичих