Нэр нь хугардаггүй баатрууд

Eagle.mn


Монголчууд нэр хугарахаас үхэтлээ айж, нэр хугарснаас яс хугараасай гэж залбирдаг байжээ. Жудагтай л үндэстэний сургаал даа.

Монголчууд нэр хугарахаас үхэтлээ айж, нэр хугарснаас яс хугараасай гэж залбирдаг байжээ. Жудагтай л үндэстэний сургаал даа. Харин өдгөө монголчууд нэр хугарахаас аль хэр цэрвэж байна. Хожиж, можиж л байвал луйвардах хулгайлах гүжирдэх авилга авах өгөхөөс гүдийхгүй цайрчихсан хүмүүс өдгөө бохир гуанзны жоом шиг үржсэнээр барахгүй, тэд харсаар байтал дэвжиж, баяжиж буй гайхам үлгэр жишээгээр, шударгаасаа болж хохирч мухардсан гэмгүй олныг бусармаг хэрэгт манлайлагч-манай үеийн баатрууд болжээ. Хулгай худал руу уруу татдаг энэ айхтар тахлаас үр хүүхдээ яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ аюулыг хүн бүхэн тэр тусмаа төр засаг мэдэрч байна уу. Үүнтэй иргэн бүр тэмцээч. Хойч үеэ үнэнч ажилч соёлтой болгон хүмүүжүүлж чадсан гавъяаг хэдэн доллараар үнэлэх вэ. Хамаг монголын ач гуч нарын ариун ёс суртахууны төлөө эдүгээ хуруу хөдөлгөдөг нэгэн байна уу. Тийм нам байна уу. Тийм Ерөнхийлөгч, тийм Ерөнхий сайд, тийм төрийн түшээ, сайд байна уу. Бусдыг залилах хор үр хүүхдийнхээ өмнө найруулж, луйвардаж, гүжирдэж, тэр ч бүү хэл, хүний алтан амиар тоглоод баригдахгүйн гайхамшигт жишээ үзүүлэх нь даанч бузар. Тэглээ гээд нэр хугардаггүй нь гол аюул.

Зах зээлд ухамсарлалгүй, санамсаргүй орж, танил бус сорилын өмнө цочирдсон залууст үнэнч шударгыг дагах ашигтай юу, худал хуурмагийг дууриах унацтай юу. Ээ мэдэхгүй, би лав хариулж чадахгүй юм байна. Хөгжлийг хөдөлгөгч хүч нь хүн гэдэг. Хөдөлгөгч хүч, ялангуяа залуус, бохир нийгэмд үнэнч шударгын бартаат жимээр бүдрэн бүдрэн бэдэрсээр хаягдаж, эцэст нь аргагүйн эрхэнд луйварчдын хормойноос зүүгдэж, тэдэнд долигонож, худал хулгайн дагалдан болж эвдэрч байна. Ийм ирээдүй Монголыг хааш нь аваачих вэ. Ядуурал, утаа, архи, янхан найгүй. Хог новшиндоо дарагдсан, авилгад идэгдсэн, хүн ард нь дэлхийд нэр хүндгүй, нүдний булай-хорвоогийн шаар болов. Харь орноор тэнүүчилж яваа монголчуудаас гадаадынхан сэрэмжилдэг, сэжиглэдэг. Бид өөрсдөө энэ муухайгаа сайн мэднэ. Залхаг, архичин, тэгсэн атлаа луйвар хулгайд нугасгүй. Гадаадад бие биеэ хулхидна, тэр ч бүү хэл ална.

Өвөг дээдэс маань “зөв нь буруугаа дийлдэг, зөөлөн хатуугаа дийлдэг” гэж бардам философдож байжээ. Тэдний аж төрж асан нийгмүүдэд зөв нь буруугаа дийлдэг байснаас ийм сургаал гарч. Сайхан нийгэм байж. Харамсалтай нь буруу нь зөвийгөө дийлдэг гажиг-ардчиллыг бид байгуулчихав. Ялагдаж доромжлогдсон “зөв”-ийг уг нь олны нэгдмэл тэмцэл аварч чадахсан. Социализмын үед дутагдал доголдлын эсрэг олны нэгдмэл тэмцэл чухал болох тухай мөн ч их ухуулсан даа. Энэ тухай миний бие “тоншуул”-ын хуудсаар зөндөө чалчсан. Нэгдмэл тэмцэл аль ч нийгэмд үл хувирах мөнхийн шаардлага болтой. Үүнийг умартаж, орхивол гай салахгүй. Доллараар үнэлдэггүй ч асар их ашигтай энэхүү нэгдмэл тэмцлийн тухай мартахад хүрчээ.

Бидэнд  заяасан ганцхан насны хувийн амьдралаас үнэтэй нь үгүй. Гэхдээ хойч үеийнхээ сайн сайхны төлөө юу ч хийлгүй, юу ч үлдээлгүй, магадгүй бөөн гай уршиг тариад үхнэ гэдэг дэндүү цэвдэг зан бус уу. Зөвхөн хар амиа хичээсэн, бусдыг огт боддоггүй муу ёрын зэтгэр биднийг хөнөөж байна. Хөвгүүд охиддоо зөвийг дагавал зөвддөг, бурууг дууриавал бурууддаг тийм орчин нөхцөл бий болгоод нүд анихсан. Хойч үеэ бодсон тийм буухиа-залгамж чанараас улс үндэстний буян арвижиж, дэвшил хурдаа авдаг.
                   
Дээр нь байгаа ноёдыгоо
Дийлье гэвэл чадал байна аа хөө
Дийлээд тэднийг унагаавал
Дээдийн жаргал ирнэ ээ хөө гэсэн дуу байсан.

Энэ дуу яах аргагүй улаантны зохиосон ухуулгын дуу. Дээр нь байсан ноёдыг хувьсгалчид дийлдгээ ч дийлсэн, унагаадгаа ч унагаасан. Харин тэр дээдийн жаргал нь ирсэн үү? Дээдийн жаргал гэдэг нь дөнгөж 70 наслах тавилантай социализм байж. Социализмд хууртаж, сүйртлээ хэлмэгдэж хохирсон монголчууд ганц зөв зам гээд ардчиллыг мандуулаад орхитол толгойд ноёд бус олигархиуд гэдэг айхтар амьтад асчихав. Ер нь алив хувьсгалч, алив ардчилагч нартай болгоомжтой харьцахыг түүх бэлхнээ сануулдаг билээ.

Хаад ноёдын хэрэг буруудвал
Харц биднээс юуны өөрцгүй ээ хөө гэсэн бүр эртний дуу бий.

Энэ бол феодализмын үед зохиогдсон ард гаралтай дуу. Хаад ноёдын хэрэг буруудаад харц ардтайгаа адилхан болдгыг ёжлонгуй дуулж асныг бодоход тэр үе нэг хүнийг тахин шүтэхээс дээр дажгүй л нийгэм байж. Дээрх хоёр дуунаас феодализм, социализмын чансаа ялгарч байна.

Өдгөө арлчилсан хүнлэг нийгэмд баячууд болон төр засгийн түшээ, сайд нарын хэрэг буруудвал харц бидэнтэйгээ нэгэн адил шийтгэл хүлээхээ больжээ. Гэмт хэрэгтээ хариуцлага хүлээдэггүй хүний нэр хугарах уу. Шударга төр засаг, шударга хуулийн байгууллага, шударга нийгэм хүний нэрийг хугалдаг байх нь. Монголд энэ гурван хүчин зүйл авилагад ховсдуулсан учир нэр хугарна гэж айх аюул үгүй болж, луйварчид дураараа дургижээ. Хүчирхэг луйварчдын өмнө ямар ч хүчгүйгээ ухаарсан иргэд төрмөл сонор сэрэмжээ унтрааж, нийтийн нэгдмэл тэмцэл мөхлөө. Дархлагдсан луйварчдын төлөө сонгуульд саналаа байнга өгч, тэд хагартлаа баяжиж, тэдний гарт цагдаа шүүх прокурор шилжив. Хэрэг нь буруудсан ч харц ард шигээ шийтгэл хүлээдэггүй ардчиллын даварсан хаад ноёдыг лоймол ард түмэн бид өөрсдөө төрүүлж бойжуулснаар яс хугарахаас нэр хугардаггүй гэсэн бичигдээгүй хууль бүхнийг ноёлов.

Сонин хэвлэл гарчиглаж суухад зарим томчууд баячуудын нэр сүрхий хугарсан байх юм. Гэтэл тэр этгээд хэдхэн хоногийн дараа дэвшиж ч байх шиг, одонгоор энгэрээ мялааж ч байх шиг, оны “манлай хүн” болж ч байх шиг. Бүгдийг шар хэвлэлийн цуурхал гэхэд бас хэцүү. Хүний нэр хугарахгүй болсон учир шударга замаар бэдэрч, хоосорч, хохирч явснаас худал хулгайгаар замнавал чинээлэг амьдрах ганц зөв хөтөлбөр гээд залуус ахиухан мөнгө амалбал ямар ч бусармаг хэрэгт хөлслөгдөхөд бэлэн тэмүүлж байх шиг. Ингэхээр нөгөө муу Монгол улсын чинь ирээдүй юу болох вэ. Дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрөх эрхгүй тангартай нам гэж байна уу. Байдаг бол тийм манлайллаараа үлгэрлээч. Шударга ёсны төлөө яаж ч хохирохоос айхгүй тэмцэнэ гэх улаан галзуу улстөрч олширсон ч айдаггүй тэмцэл нь бялуунд бялуураад таг.

Татаж буй янжуурынхаа ишийг гудамжинд хаяхад түүнийг харсан монгол хүн бүр нэгэн дуугаар “Хөөе та яаж байна, наад хогоо авч хогийн саванд хий” гэж зэрэг зэрэг шаардахаас эхлээд том хулгай, луйвар, авилгатай нийтээр тэмцвэл мөн ч их үр дүнд хүрнэ дээ. Тийм эрүүл орчинд хүний заль булхай амархан илэрч нэр хугарахаас хүмүүс яс хугарахаас ч илүү айдаг аж. Яс хугарвал бороолно, нэр хугарвал хугархай нэртийг шударга нийгэм нэг нүдээр ч хардаггүй. Хугархай нэрт тэгээд өнгөрнө. Тэгэхээр айхаас аргагүй.
Гэтэл эдүгээ манайд нэр нь хэд хэд хугархай-зард гарсан хулгайч авилгачид УИХ-д ахин дахин сонгогдож, туршлагажсан парламентч гэгдэж, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Ерөнхий сайд болно. Ард олон минь бид дэндүү дүнхүү юм биш үү. Эсвэл лоймол юм уу. Уг нь нэгдмэл тэмцэл-бидний ялалт юмсан.  

“Монголчуудын дунд тэдний дэг журмыг өчүүхэн төдий л зөрчихөд, тэд бүгд омойрон дайрдаг, тийм журамлаг ард түмэн” гэж биднийг гадныхан магтдаг, Монгол үнэхээр тийм дэгтэй улс болбол би л хувьдаа XIII зуунд монголчууд дэлхийг эзэлж явсан гэж онгирохоос хамаагүй илүү нүүр бардам бахархана.

Гадаад хүн манай хотын тухай бичсэн нь: Хүн дүрстэй олон малын бөөгнөрөл. Тэнд соёлын талаар яриад ч утгагүй. Нохой хүн хоёр нь зэрэгцэн байшин руугаа сарина. Хүн бүр шүлс нус цэрээ дуртай зүг рүүгээ нулимна.

Ямар вэ дээ, Чингисийн монгол гуай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)