Б.Чойжилсүрэн: Бондын өрийг төлөх хэд хэдэн хувилбар бий

С.Шийлэгтөмөр


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс дараахь тодруулгыг авлаа.

-2018 он гараад “Чингис” бондын 500 сая, “Дим сам” бондын 161 сая ам.долларыг төлөх ёстой. Танай яамныхан бондын өр төлбөрийн асуудал дээр ямар менежмент барьж ажиллаж байгаа вэ?

-Хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ одоохондоо нууцын төвшинд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ерөнхий сайд ирэх онд төлөх бондын өр төлбөрийг бондоор төлөхөөс өөр аргагүй гэсэн. Харин танд хэд хэдэн хувилбар бий гэхээр түүнтэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг үү?

-Миний хувьд бол хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ бондыг бондоор төлөх нь ч боломжит нэг хувилбар мөн.

-Он гараад эхний ээлжийн өрөө төлөх хэмжээний гадаад валютын нөөц бүрдэж байгаа юу. Хэрэв бүрдэж байгаа бол нэг хувилбар нь энэ мөн үү?

-Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкин дахь валютын нөөцийг 350-400 орчим сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэхдээ бид валютынхаа нөөцөөс гадаад өрөө төлчихвөл валютын ханшаа тогтоож чадахааргүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс энэ бол бондын өрийг төлөх хувилбарт багтахгүй байгаа гэсэн үг. Харин үүнээс гадна хэд хэдэн хувилбар байгаа.

-Манай улсын гадаад өр төлбөрийн хэмжээ яг хэд хүрчихээд байгаа юм бэ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өрийн хэмжээний тухай зөрүүтэй тоо хэлсэн. Аль нь зөв бэ?

-Монгол Улсын өрийн хэмжээ хоёр янз шүү дээ. Тухайлбал, Засгийн газрын өрийн хэмжээ тусдаа. Харин нийт аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулаад тооцвол өөр тоо гарч байгаа юм. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 24 тэрбум гаруй ам.доллар байгаа. Үүнээс Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 23.8 орчим их наяд төгрөгтэй тэнцэж байна.

-2018 онд Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлөхөөр байгаа вэ?

-Ирэх онд Засгийн газрын зээлийн хүү, гэрээнд заасан бусад шимтгэл, хураамжийн төлбөрт нэг их наяд 208.7 тэрбум төлөх тооцоотой байгаа. Үүний 750.6 тэрбум нь гадаад, 530.1 тэрбум нь дотоод зээлийн хүү.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)