Харилцааны орон зайг эзэгнэсэн дэлгэц

Л.Эрдэнэжаргал


Гуравхан настай хэрнээ ээж, аавынхаа ухаалаг утсаар дуртай дуугаа сонсож, хүссэн тоглоомоо тоглож буй жаалуудыг бид адтай, сэргэлэн хэмээн магтдаг байсан цаг саяхан.

Харин одоо өнөөх адтай жаалууд өдөр шөнөгүй утас, таблет нэхэн уйлж, нүдэн дороо хөх туяа таттал дэлгэц ширтэн суухыг нь дон гэх хүндхэн үгээр тодорхойлох болжээ. Сан Диегогийн Их сургуулийн профессор Жеан М.Твенж “Ухаалаг утастайгаа зууралдаж өнгөрүүлж буй цаг нь нийгмийн амьд харилцаанаас илүү байгаа нь ганцаардлын мэдрэмжийг өсгөж байна” хэмээн ухаалаг утас, сошиал медиагийн хэрэглээ өсвөр насныханд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааныхаа дүгнэлтэд дурджээ.

Аливаа хэргээс буруутанг олж тогтоохыг хүсдэг нь хүний төрөлх зан юмуу гэлтэй. Сүүлийн хэдэн жил зөвхөн манай оронд ч гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй ухаалаг утас, таблет, сошиал медиагийн хэрэглээ хүүхдүүдийн зан байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйн буруутанг ч хаа сайгүй хайсаар, эрэн сурвалжилж судалсаар буй. Нэг талаас гол буруутан, нөгөө талаас хохирогч болж буй дэлгэцийн хэмээн тодотгосон донд өртөөд буй хүүхдүүдээ бид өөрсдөө дэлгэц хэмээх захгүй далайд түлхсэн гэхэд хилсдэхгүй.

Гэр бүлийн орчин дахь амьд харилцаа, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг зав хомс болж, санхүүдээ л санаа зовохгүй бол бусад нь айлтгүй гэсэн өрөөсгөл бодлынхоо золионд хүүхдүүдээ гаргаснаа одоо л анзаарч буй.

Эцэг эхчүүд үнэхээр хүүхдээ дэлгэцэнд донтоход хүргэж буй буруутнууд уу гэдэг талаар мэргэжлийн хүнтэй уулзаж ярилцлаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Л.Жавхлан

Хүүхэд маань дэлгэцэнд донтоод байна гэдэг дээр хүмүүс би л хүүхдээ сатааруулах гээд, ажлаа хийхийн тулд, биеийн амрыг бодоод утас, таблет бариулчихдаг, тэрнээс л болоод байнга дэлгэц ширтэж, тоглоом тоглож, youtube үзсээр байгаад ийм болчлоо гэж ойлгоод байх шиг байна. Яг үндсэн ухагдахуундаа бол Үгүй. Ямар ч амьд амьтан, ялангуяа хүн өсөн дэвжихийн төлөө байнга тэмүүлж байдаг. Өөрийгөө өсч дэвжиж буйгаа мэдэхийн тулд өөрийгөө байнга хэн нэгэнтэй харьцуулж жишдэг. Одоо бол тэр өсч дэвжиж буй урмаа гэр бүлийнхнээсээ бус компьютер, гар утас зэргээс авдаг болсон.

Хүүхдүүд гэртээ зөвхөн аав, ээжтэйгээ буюу өөрийн бахархдаг, хүндэлж хайрладаг хүмүүстэй хамт байдаг, тэднийхээ хажууд өөрсдийгөө үргэлж жижиг байгаа мэтээр санаж явдаг, өөрийнхөө өсч дэвжиж буйг мэдэрдэггүй, мэддэггүй. Гэр бүлээсээ хүүхэд хамгийн ихээр хайр халамж, хүндлэлийг мэдэрдэг. Хүүхдийнхээ өсч дэвжиж буйг эцэг эхчүүд мэдрүүлэхдээ зөв урамшуулал, зөв тайлбар хийх, аливааг зөвөөр ойлгуулах хэрэгтэй байдаг. Зөв гэдэг нь дандаа биш гэсэн үг. Энэ чинь болж байна, миний хүү хичээлээ сайн хийсэн байна гэх зэргээр урамшуулах нь хүүхэд өсч дэвжиж буйг илэрхийлж буй нэг хэлбэр болдог. Хүүхэд бүр өөрийн гэсэн өсөн дэвжих хүсэл сонирхолтой байж байдаг. Тэр хүсэл сонирхлыг нь хэрвээ хангахгүй бол, хүүхэдтэйгээ харьцахгүй бол хүнд өөрийгөө харьцуулан зүйрлэх зүйл олдохгүй бол өөр зүйлсээс хайсны дүнд өнөөгийн дэлгэцийн гэх донд өртөх эхлэл тавигддаг байна.

Өсч дэвжиж буйгаа, өөрийн давуу талаа, илүү байгаагаа дэлгэцнээс яагаад авдаг гэж хэмээх асуулт төрж байна уу? Одоогийн компьютер тоглоомууд асар өргөн хүрээг хамардаг болж, төрөл бүрээрээ хөгжиж буй. Ихэвчлэн зүйрлэлтэй буюу дэлхийн хэмжээнд, тивдээ, тоглож буй бүлэгтээ тэд дугаарт эрэмбэлэгдэж байна, та тэр тоглогчоос тэдэн оноогоор илүү байна, ийм олон зүйлтэй, илүү чадвартай байна гэсэн үзүүлэлтүүдийг байнга харуулж байдаг. Тиймээс л эдгээр тоглоомыг тоглохоороо өөрийгөө бусдаас илүү тоглодог болохыг, илүү чадвартайгаа, илүү олон дайсанг устгадаг гэдгээсээ урамшин, үүнээсээ тайвшралыг авч нэг ёсондоо сэтгэцийн таатай байдалтай болдог байна. Харин нөгөө талд эцэг эх, гэр бүлийхнээс ирж буй зүйлс нь гэрээ цэвэрлэ, хоолоо хий, хичээл даалгавараа сайн хий гэсэн ямар ч урамшуулал, сайшаалгүй шахалтуудтай байнга нүүр тулдаг.

Тухайн хүүхдийн хүсэл сонирхол, компьютер тоглоомын сэдэв, хэрэглэгчдийг татах реклам сурталчилгаа, шагнал зэрэг нь хүүхдүүдийг татдаг ч хамгийн дотно, ойрын хүмүүс болсон гэр бүлийнхний зүгээс авч чадахгүй байгаа тэр тайтгарал, тайвшрал, сэтгэлийн урмаа нөхөх хялбар арга нь компьютер тоглоом, сошиал медиа болж байна.

Их эмч Л.Жавхлан e-sport буюу интернэт тоглоомд өсвөр насныхан ихээр донтох болсон шалтгааныг

1. Хүүхэд өөрийгөө энэ тоглоомоор тоглож чадна гэсэн бодолдоо хөтлөгдөн,

2. Эцэг эхээс ирэхгүй байгаа урамшуулал, таатай мэдрэмж төрүүлэхүйц итгэл хүлээлгэсэн байдал байдаггүй,

3. Нийгмийн чиг хандлага өөрөө интернэт, компьютер, сошиалд хөтлөгдсөн,

4. Хүүхдэд нь заналхийлж буй нийгэм, орчны хүчин зүйлс зэрэг нэн тэргүүний нөхцөлүүдийг дурдсан юм.

Үнэхээр орцны хаалгаар гармагц байх автозам, хүүхдийн хулгай, согтуу хөлчүү хүмүүсээс эхлээд хайртай үрсийнхээ төлөө санаа зовох шалтгаан мундахгүй олон. Тэр бүхнээс хамгаалсандаа сонгодог нэг арга нь гэртээ байлгах, уйдаахгүйн тулд интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг төхөөрөмжүүд болдог. Шууд учрах аюулаас хамгаалж буй мэт боловч энэ нь дэлгэцэнд донтох олон хүчин зүйлсээс хамгийн том нь эцэг эх өөрсдөө болоод байна. Эхнэр, нөхөр хоёр аль аль нь хөдөлмөр эрхэлж байж санхүүгийн тал дээр санаа зоволтгүй амьдрах боломжтой болж байгаа нийгмийн хүчин зүйлийг ч дурдахгүй өнгөрөх аргагүй. Гэсэн ч хамгаас хайртай хүндээ гаргаж чадаагүй цаг завыг, халамж анхаарлынх нь орон зайг, эцэг эхээ хайрлах сэтгэл, сэтгэхүйг нь эзэлсэн дэлгэцэнд донтохыг бид нэг удаа яриад, бичээд шийдчих асуудал биш гэдгийг сүүлийн хэдэн жилийн жишээ бэлхэн харуулна. Эхний ээлжинд хор уршгийг нь таниулах, үр хүүхэддээ цаг зав гаргахын учрыг ойлгуулж сурталчилах, түүний дараа авах арга хэмжээ нь яг юу вэ гэдгийг өөр өөрийн зүгээс, үр хүүхдийнхээ зан ааш, хувийн онцлогт тохируулан авах гэдэгт анхаарлыг нь хандуулах нь чухал юм.

ШАР ХАДНЫ ГЭХ ЭМНЭЛЭГТ ҮНЭХЭЭР КОМПЬЮТЕРТ, ДЭЛГЭЦЭНД ДОНТСОН ХҮҮХДИЙН ТАСАГ БАЙДАГ УУ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Шар хадны эмнэлэгт дэлгэцэнд донтсон хүүхдүүдийн тасаг байдаг, утсаа ухаад, компьютерээрээ өдөржин шөнөжин тоглоод байвал тэнд хэвтүүлнэ хэмээн загнах эцэг эхтэй олон таарч байлаа. Энэ талаар СЭМҮТ-ийн их эмч Л.Жавхлангаас тодруулахад “Манайд хүүхдийн тасаг л байдаг. Хүнд ямар ч гарз хохирол, ямар ч зүйл тохиолдож болно. Түүнийг тэр бяцхан тархи дийлээгүй байж болно. Шантраад, арга эвээ ололгүй сөхөрсөн тийм хүүхдүүдэд л бид туслаж байгаа хэрэг. Тэрнээс биш гэв гэнэт сэтгэцийн өөрчлөлттэй болдог гэсэн зүйл байхгүй” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм.

Хүүхдийн тасгийн хувьд 18 хүртэлх насныхан багтдаг. 17 нас оролцоод 18 хүртэлх насныхныг хүүхэд гэж авч үздэг. Яагаад хүүхэд гэж ялгаад байна вэ гэхээр энэ дунд шилжилтийн нас явж байдаг. Шилжилтийн насыг 25 нас хүртэл үргэлжилдэг гэж үздэг ч дээрээс нь хуулийн нас нь өөрөө 18 гэж заагдсан байдаг аж. Дунджаар 13 наснаас, охидын хувьд 11 наснаас эхэлдэг шилжилтийн нас хүний амьдралын хамгийн эгзэгтэй үе юм.

Биед нь эрэгтэй, эмэгтэй гормон ялгарч байдаг, дээрээс нь түүнийгээ дагаад сэтгэхүйн хувьд ч өөрчлөлт ордог аж. Энэ үеийн талаар Л.Жавхлан эмч “Бие томорч байдаг учраас эргэн тойрныхон жижгэрч харагддаг, өөрт маш их итгэл төрдөг, бүхнийг чадна дийлнэ гэдэг. Тэр итгэлийг нь жаахан мохооход л юу юугүй бүх зүйл болохоо байж байгаа юм шиг сэтгэл төрдөг. Аливаа зүйлийг хэт их мэдрэмжтэйгээр, хэт өндөр өргөлттэйгөөр авдаг нас. Энэ насанд нь хүүхэдтэйгээ хамгийн зөв харилцах хэрэгтэй. Хамгийн их урамшуулж, зөв чиглүүлэх хэрэгтэй. Хүмүүс зөв чиглүүлнэ гэхээр сайн сургууль, сайн боловсрол, сайн багш гэдэг. Уг нь хамгийн сайн чиглүүлэгч нь эцэг, эх өөрсдөө л байдаг. Гэхдээ эцэг эхчүүд чиглүлж байгаа нэрийдлээр өөрийн хүрээгүйд хүрч, сураагүйг сур гэж шахаж дарамтладаг. Зөв хүмүүжил гэдэгт сайн сургууль, өндөр боловсрол, сайн багш бус эцэг эхийн шантрах үед нь өгөх сэтгэлийн дэм, илэн далангүй харилцаа л чухал” хэмээсэн юм.

Дэлгэцийн дон гэх этгээд нэршлийн цаана эцэг эхийн халамж, анхаарал яалт ч үгүй дутагдсан бяцхан ертөнц өөрийн сэтгэхүйн хэрэгцээгээ хангах учраа ололгүй, тайвшрал өгч байгаа санагдсан, сайхан санагдсан буруу зуршилд өдрөөс өдөрт автаж буй аж. Аав ээжийн анхаарал, хайр халамж дутагдсан хүүхдүүдээ бид анзаарсан даруйдаа өвчилсөн, донтсон хэмээн эмнэлэг, эмчид хандахаасаа түрүүлж сонсох хэрэгтэй ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)