Мөнгөний бодлого, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хойшлууллаа

Eagle.mn


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хэлэлцүүлгээс завсарлага авч хойшлуулав. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Засгийн газар, Сангийн яамны бодлого хоорондоо уялдаж байх шаардлагын хүрээнд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хүртэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч байна" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төсвийн  тодотголыг энэ удаад хэлэлцэх шаардлагагүй хэмээн горимын санал гаргасан юм. Тэрээр "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн ч гэлээ Байнгын хорооны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Учир нь, Ерөнхий сайд шинээр томилогдсон, Засгийн газрын шинэ танхим бүрдэнэ. Шинэ кабинет энэ оны төсвийн тодотголоо хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй. Ийм учраас төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулах горимыг санал гаргаж байна" гэв. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь түүний гаргасан горимын саналыг дэмжлээ. УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилтол төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)