Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Eagle.mn


Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.10.03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргажээ.

Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нөөцийг 94700 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавихыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгав.

Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж 5,120 тонн А-80, 29,660 тонн АИ-92, 44,420 тонн дизелийн түлш, 2,700 тонн онгоцны түлш, нийт 81,900 тонноос доошгүй газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх ёстой байсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 68 хоногийн нөөцтэй байгаа нь аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байна гэсэн үг юм.

“Ногоон хөгжлийн сан” байгууллаа

Орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн тогтолцоог нэвтрүүлж, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулахыг Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгов.

Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа 92.2 тэрбум орчим төгрөг /”Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгосон урт хугацаатай зээл/-ийн хөрөнгийг бүхэлд нь энэ санд хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлж, зээлийн төлбөрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

“Ногоон хөгжлийн сан” дахь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцвэртэй байлгах бөгөөд гадаад, дотоодын сонирхогч банк, санхүү болон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татаж, мэргэжлийн, хараат бус, дотоодын хяналттай байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)