С.Зоригийг хөнөөсөн хэргийг нээлттэй болгоё!

Я.Баяраа


Санжаасүрэнгийн Зориг бол Ардчилсан хувьсгал бөгөөд Ардчилсан намын оюун санааны удирдагч байлаа. Хотын том сэхээтний хүү түүнийг нийгмийн өөрчлөн байгуулалтын төлөө нөхдөө удирдан тэмцэж эхэлсэн тэр өдрүүдээс нь л Монголын ард түмэн итгэж хайрласан. Түүнд ямар ч улстөрчийн атаархах харизм, бас ямар ч ёс зүйчийг гайхуулах улстөрчийн этик байсан нь нас эцэслэснээс нь хойш 20 гаруй жил өнгөрсөн энэ өдрүүдэд ч тод харагдсаар байна. Итгэмээргүй юм шүү. Улс үндэстэн даяараа гашуудаж, Монгол Улсад урьд өмнө дуулдаагүй харгис аллагад сэтгэл эмзэглэцгээж байсан тэр өдрүүдээс хойш бүхэл бүтэн 19 жил өнгөрчихөж. Тэр үед гүйж явсан хүүхдүүд өнөөдөр төр түшилцэж, тэр жил төрсөн хүүхдүүд өнөөдөр сонгууль өгөхөөр болчихож. С.Зориг гэж хэн байсныг огт мэдэхгүй, цагаан морин жилийн хувьсгал хэмээх үг тэдэнд Чингис хааны найман шарга гэдэг шиг домоглог сонсогдох тийм л цаг хугацаанд бид С.Зоригийн хэргийн тухай ярьж байна.

Эргэлзээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн талаар Монгол Улсын шүүх аль хэдийнэ шийдвэр гаргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг давж ярих эрх хэнд ч үгүй.  Гэтэл С.Зоригийн хэрэг илэрсэнд монголчууд баярласангүй. Үнэнийг хэлэхэд итгэсэнгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл эргэлзэх шалтгаан байна. Хуульчдын ярьдгаар үндэслэл бүхий эргэлзээ байна. Магадгүй энэ эргэлзээг мухарлахгүй бол ард түмэн хэзээ ч энэ хэрэг илэрсэн гэдэгт итгэхгүй байж мэднэ.

Цорын ганц амьд гэрч нь байж байхад тэр гэрчийг нь оруулж ирэхгүйгээр, тэр гэрчээс мэдүүлэг авахгүйгээр шүүх хурал боллоо гэж ярьж байна. Тухайн үед нь дөнгөж 15 нас хүрээгүй байсан насанд хүрээгүй хүүхдүүдийг дуудаж ирээд тулгачихлаа гэдэг асуудал ярьж байна. Дээрээс нь энэ хэрэгтэй холбоотойгоор 16, 17 давхар хэргүүд гарсан, энэ бол нэлээд захиалгатай зүйлүүд байсан гэдэг юмнуудыг ярьж байна. Тэгэхээр үүнийг, мөн мөнхийн хохирогч гэж өөрсдийгөө үздэг хүмүүс нь хүртэл энэ шударгаар шийдэгдсэнгүй гэдэг асуудал хэвлэл, мэдээлэлдээ өгч байна шүү дээ. Нийгэм бол энэ дээр шал өөр хүлээлт, өөр ойлголттой байж байгаа. Тэгэхээр шүүх энэ нотлох талынхаа юмнуудыг онцгой анхаарахгүй бол их олон жил болсон захиалгатай улс төрийн хэргийг зөрүүлээд хэдэн хүн дээр тохчихлоо гэдэг ийм асуудлууд яригдах нь ээ...  Хаалттай хуралдаанаар шийдчихсэн энэ асуудлууд чинь эргээд нийгэмд буруу үр дагавар тарих гээд байна... 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Ц.Нямдорж хэлсэн л болохоос биш...

Ц.Нямдорж хэмээх улстөрч нийгмийн анхаарлыг татсан асуудал бүр дээр хурц, голч байр суурь илэрхийлдгээрээ алдартай. Шархан дээр давс үрэх энэ тактикаараа тэр лавтай сүүлийн хоёр ч сонгуулийн турш улстөрчийн хувьд инерцээ хадгалсаар байна. Үеийнхэн нь тэтгэвэр тогтоолгох нь тогтоолгож, зарим нь урваж шарван амь дүйж явахад Ц.Нямдорж топ улстөрчдийн жагсаалтад тогтмол дээгүүр бичигдсээр. Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн шүүх хурлын дараа мөн л сэтгүүлчдэд хандсан. Чингэхдээ хэд хэдэн эргэлзээтэй зүйл дээр “Яагаад?” хэмээн асуусан. Ц.Нямдорж л хэлсэн болохоос биш эдгээр нь монголчуудын эргэлзээг ерөнхийд нь тоймлосон хэрэг байв (ҮАБЗ-ийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр ч ажиллаж, С.Зоригийн хэрэгтэй танилцсан нь мэдээж хүн хэлснийг анхаараарай!)

-Яагаад урьд нь шоронд таван жил ял эдэлж байсан хүн Чимгээ, Содномдаржаа хоёрын утсыг олчихдог юм?

-Яагаад шүүх хурал хаалттай болдог юм?

-Яагаад улсын яллагч нар үндэсний телевизээр ороод ярьчихдаг юм?

-Яагаад өмгөөлөгчид нь үг хэлэх эрх олгодоггүй юм?

-Яагаад тэр цогцос тэнд очсон, бас тэр хуулийн байгууллагын ажилтан тэнд очоод маргаан үүсгэсэн байдаг юм?

Цаашдаа энэ хэргийн малгайн доор хэдэн хүнийг тамлах юм, бүү мэд.  Хэргийн цорын ганц амьд гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч биш гээд шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн хэрнээ Б.Булганы зурсан ам зургаар, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хүмүүсийг яллаад байдаг?

/Төрийн ордонд хийсэн мэдээлэл. 2017.03.31/

Амьд гэрчийг яагаад шүүх хуралд оролцуулсангүй вэ?

Хэргийн шүүх хурлын дараа прокурорууд Үндэсний олон нийтийн телевизээр хэд хэдэн чухал баримт дэлгэсний дотор түүний эхнэр Б.Булганыг хэргийн гэрч, эсвэл хохирогч ч биш, С.Зоригийг отож байгаад хөнөөсөн алуурчидтай хоол унд хувааж идсэн гэсэн мэдээлэл олон нийтэд хүрэв. Б.Булган хэмээх хүний тухай ард түмний эргэлзээ үүгээр дуусаж байгаа юм биш. Эргэлзээгүй ганц зүйл бол Б.Булган хэргийн цорын ганц амьд гэрч. Түүнийг жил тойрон хорьчихоод шүүх хуралд оролцуулаагүй нь хамгийн гайхаш төрмөөр асуудал. Б.Булган гэрч ч биш, хохирогч ч биш болж таарав.

Шүүх хурлын дараа нийслэлийн прокурорын газрын прокурор Ж.Сандагсүрэн:  

“Б.Булганы хувьд энэ хэрэгт холбогдон шалгагдсан хүн. Хэдийгээр Б.Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж, гэм буруугаа хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцөлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс хуулийн дагуу тухайн хүн гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм...Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын явцад Б.Булган хэн ч болж болно” гэж барим тавим хэлж байсан нь энэ эргэлзээг нэг тийш нугалж болох ч одоогоор хэргийн захиалагч илрээгүй л байна. Илэрсэн ч итгэх хүн ховор байна.

"Тухайн хэрэг гарах үед миний хүү 22 настай байсан. Яг тэр мөчид аавтайгаа хамт бухалдсан өвсөө хашаандаа татах гээд трактороор ачиж явсан. Үүнийг хажууд нь байсан би гэрчилнэ. Ер нь С.Зоригийг хөнөөх ямар шаардлага байгаа юм бэ. Тэглээ гээд бидэнд ямар "хэрэгтэй" юм бэ. Миний хүү ямар ч буруугүй. Мөн 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн "Ардын эрх" сонины дугаарт Б.Булганы мэдүүлэг гарсан байсан. Тус мэдүүлэгт "Эмэгтэй нь 165 см орчим өндөртэй, эрэгтэй нь 155 см-ийн өндөртэй хоёр хүн байсан гэж ярьсан байсан. Гэтэл миний хүү тухайн үед 180 гаруй см-н өндөртэй улаан царайтай туранхай өндөр хүү байсан. Анхны мэдүүлэгтэй нь огт таарахгүй байгаа юм. Эндээс шууд гүтгэлэг гэдэг нь харагдаж байна"

О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа (Алдарт эх Л.Жавзмаа хүүг нь гүтгэж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд захидал илгээж байв)

Улс төрийн хамгийн бохир хөзөр

Эхлүүлсэн үйл хэргийнхээ золиос болж, амь насаа алдсан С.Зориг хэмээх бие хүний зовлон хорвоог орхисон хойно нь ч үргэлжилсээр. Түүнийг хөнөөсөн хэргийн газрын үзлэгийг удирдаж байсан хурандаа Д.Мөрөн 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ С.Зоригийн хэрэг АН-ыг Засгийн эрх барьж байгаа үед илрэхгүй. Энэ хэргийг илрүүлнэ хэмээн амлаж сонгогдож байсан. Үүнээс хойш сонгууль ойртох болгонд С.Зоригийн хэрэг сөхөгдөн гарч ирж, улс төрийн хүчнүүдийн бохир хөзөр болдог ёс тогтлоо. Үүнээс болж хуулийн байгууллагуудын процессын дагуу илрүүлж, олон нийтэд мэдээлсэн хэрэгт итгэх хүн өөрсдөөс нь өөр алга байна.

19 жил сонссон хариулт

Одоогоос 8 сарын өмнө Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийж, аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулсныг зарлаж байв. С.Зориг агсны амь насанд халдсан хэргүүдэд Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж, шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг хүлээсэн гэх боловч, гардан гүйцэтгэсэн хүмүүс нь шүүхээр ял авчихаад байгаа хэргийн захиалагчийг олж чадалгүй жил тойрч байна. Энэ талаар хэвлэл мэдээллийнхэн хуулийн байгууллагуудаас тодруулах бүрт ёс юм шиг нэг л хариулт сонсдог. 19 жилийн турш өгч буй тэр хариулт бол “Мөрдөн байцаалт явагдаж буй тул мэдээлэл өгөх боломжгүй”.

Хэргийн нууцыг задлах цаг болсон уу?

С.Зоригийг хөнөөсөн хэргийн нотлох баримтад улсын нууцтай хамаарах зүйлс бий учраас шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон. Үүнийг хэргийн гол хохирогчид болох С.Баяр, С.Оюун нар хүлээн зөвшөөрөөгүй. Тийм ч учраас талийгаачийн ах С.Баяр шүүх хуралдааныг орхин гарсан. Энэ нь ч зөв юм. Учир нь тэд энэ хэргийн хохирогчид нь зөвхөн өөрсдөө биш Монголын ард түмэн, тэдний бүтээн босгохыг зорьж, итгэсэн “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” гэдгийг мэдэхтэйгээ улс. Тийм ч учраас улсын нууц гэдгийг мэдсээр байж, хэргийг шүүх хурлыг нээлттэй явуулахыг тууштай шаардсаар байна.

Хууль зарчмаас давсан шаардлага тавих цаг, тохиолдол нь мөн үү гэвэл мөн. Ерөнхийлөгчид прокуроос өгсөн хүсэлтийн дагуу яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг агсны гэргий Б.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг нууцаас гаргаж задлаад болоод байгаа юм чинь хэргийг тэр чигээр нь задалчихаж болохгүй юм гэж үү?

Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Гагцхүү С.Зориг гуай Монголын ардчиллын түүхэнд мөрөө үлдээсэн гавьяатай хүн ч гэлээ өнөөдөр жирийн иргэн Баттай адил. Ийм хэргийг Монголын цагдаа 90 жил илрүүлж ирлээ. Одоо ингээд харахаар хэрэг маань илэрлээ, шийдэгдлээ. Асуудал дагуулсан хүмүүсийг эргэлзээнд оруулсан зүйл байсан. Бид үүнийг зөвхөн мөсөн уулын орой гэж харах хэрэгтэй.

Хуульч О.Алтангэрэл  “Хөгжлийн тухай диалоги” нэвтрүүлэг

Хуульд ямар гарц байна?

Энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ хуулийн 19 дүгээр зүйлд төрийн нууцыг хэрхэн задлах тухай доорх заалтууд байна:

19.1.1.нууцлах хугацаа дуусгавар болсон;

19.1.2.нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;

19.1.3.тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон;

19.1.4.мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.

19.2.Төрийн болон албаны нууцыг энэ зүйлийн 19.6-д заасан журмын дагуу ил болгоно.

19.3.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

19.4.Энэ хуульд заасны дагуу мэдээллийг нууцлах хугацааг сунгаагүй бол тогтоосон хугацаа дуусмагц мэдээллийг нууцалсан, эсхүл хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу ил болгоно.

Дээрх заалтуудаас “19.1.2. нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;

19.1.3. тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон” анхаарал татаж буй юм.

Хуулийн дагуу бол УИХ тусгай хууль гаргаж, эсвэл ТЕГ-ын даргын саналаар Засгийн газар шийдвэр гаргаж байж нууцыг задлаж болох нь. Мөн С.Зоригийн хэргийн материалыг олон нийтэд нээлттэй болгох хууль санаачлах боломж Ерөнхийлөгчид ч байна.  Энэ оны гуравдугаар сард УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “УИХ-ын тухайд шүүхийн шийдвэрт оролцож огт болохгүй. Гэхдээ УИХ-д нэг эрх бий. Үүнийг одоо хэлэхгүй” гэсэн магадгүй шинэхэн хэрэгжиж эхэлж буй энэ хууль ч байж болох юм.

Дэлхий нэхэж байна!

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг зөвхөн монголчууд ч биш, дэлхийн анхааралд байгаа. Өдгөө 171 жинхэнэ, 11 хавсарга (бүс нутгийн парламент) гишүүнтэй Олон Улсын Парламентын холбооныхон энэ есдүгээр сард Монголд хүрэлцэн ирж, хэргийн явцтай танилцсан. Төлөөлөгчдийг ахалж ирсэн, тус холбооны Хүний эрхийн хорооны Ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи, “Түүний (С.Зоригийн) хэргийн талаарх мэдээлэл төрийн нууцын зэрэгт байсан учир мэдээлэл авч ажиллахад хүндрэлтэй байсан... Цаашид энэ хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргаж үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна” хэмээж байв.

ОУПХ-ны төлөөгчдийн Монголоос буцсан хойноо албан ёсны сайтдаа тавьсан мэдээлэл бүр ч анхаарал татаж буй юм. Уг мэдээлэлд:

ОУПХ-ны төлөөлөгчид 2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ажилласны үр дүнд,  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн 3 хүнийг шүүсэн шүүх хурал нь шударга шүүхийн олон улсын хэм хэмжээг зөрчиж, хууль журам, шударга ёсыг уландаа гишгэсэн явдал боллоо. Уг хэргийн мөрдөн байцаалт, шүүн таслах үйл явцыг нууцласан нь нийгэмд цуурхал дэгдэж, сэжиглэсэн уур амьсгалыг бий болгожээ. Нууцлалын зэрэг нь прокурор, хуулийн зөвлөлд ойлгомжгүй байлаа.  ОУПХ-ны төлөөлөгчид үүнийг хүний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хүндэтгээгүй, баталгаажуулаагүй явдал гэж үзэж буй юм.  хэмээн дурджээ. Зөвхөн Монголд ч биш, дэлхийн хууль тогтоогчдын нүдэнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх явц иймэрхүү урагшгүй янзтай харагдаж байна. ОУПХ-ны төлөөлөгчид мөн “Шүүх хурлыг олон улсын ажиглагчдыг байлцуулан, олон нийтэд нээлттэй хуралдуулах”-ыг манай улсын эрх баригчдад уриалчихад явснаа албан мэдээндээ дурджээ. Харамсалтай нь манай УИХ-ын албан мэдээнд энэ талаар тухайлан дурдалгүй өнгөрчээ.

Энэ хэрэгт авлига, эрүүдэн шүүх зэрэг арга замаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай гэж санаа зовж байна. Бид уг хэргийн хавтаст хэргийг итгэж болохуйц, ил тод байдлаар шүүгдсэн гэдэгт эргэлзэж байна.  Мөн энэ тохиолдолд олон нийтийн санаа бодол, дуу хоолойг үл хэрэгсэж, айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байсан гэдэгт санаа зовж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрхийг цаг ямагт бүрэн дүүрэн хүндэтгэх ёстой.

ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи

Судлаачийн өнцөг

2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН  НЭГДСЭН ХУРАЛДААНд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Улсын Их Хуралд танилцуулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Л.Болд нарын гишүүд хөндөж, асууж байлаа.

АСУУЛТ:

...бараг хоёр 10 жилийн хугацаанд нийт нийгмийг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан энэ хэрэг жишээ нь яг энэ өдрүүдэд шийдэгдэж байна. Яг үүнтэй зэрэгцээд Улсын дээд шүүхийн шүүхэд нэр дэвшигч орж ирж байгаа юм... Ингэхээр одоо дараа дараагийн шатанд энэ хаалттай нөхцөл байдал чинь байх юм уу? Энэ дээр Монголын тэргүүлэх хуульчдын хувьд та бүхэн бидэнд нэг ойлголт, ард түмэнд ойлголттой мэдээлэл өгөөч. Үнэхээр дараагийн шатанд тэгвэл үүнийг энэ эргэлзээг тайлах үүднээс давж заалдах шатанд үүнийг нээлттэй болгоод олон түмэнд ойлгомжтой хэрэгжүүлэх бололцоо бий юу?

УИХ-ын гишүүн Л.Болд

ХАРИУЛТ:

Ер нь үнэхээр тэр нь улсын нууцтай холбоотой асуудал уу, магадгүй зөвхөн гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн ажиллагаатай холбоотой асуудлууд нь хаалттай яваад бусад шүүхийн процесс бол нээлттэй явах боломжтой байж болох ёстой байх. Ерөнхийдөө, үнэхээр шаардлагатай гэсэн асуудлаараа л хаалттай явуулах ёстой, бусдаар шүүх хуралдаан нээлттэй явуулах ёстой гэсэн ийм байр суурьтай байна. Тэгээд, миний хувьд бол Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшиж байгаа учраас бас яг энэ эрүүгийн процессын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх тийм боломж байхгүй. Би сая судлаачийнхаа хувьд л хариуллаа, баярлалаа.

Г.Банзрагч  (Доктор Г.Банзрагч энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар УДШ-ийн шүүгчээр томилогдсон.)

Г.Банзрагч шүүгч судлаачийн хувиар уг хэргийн шүүх хуралдааны нээлттэй явуулж болно гэж үздэгээ хэлж байжээ.

Монгол Улсад өмнө нь мөрдөгдөж байсан Төрийн нууцын тухай хууль олон цоорхойтой, тэр цоорхой нь төрд ашигтайг судлаачид хэлж ярьдаг байлаа. Судлаач Сергей Радченко үүнийг, “...хууль тогтоомжоор Монголд Засгийн газартай холбоотой тодорхой баримт мэдээллийг олж авах эрхэд маш олон хязгаарлалтыг тавьж, ямар ч зүйлийг “нууц” гэж үзэн байнга гэсэн хугацаагаар олон нийтийн хараанаас далдлах боломжийг бүрдүүлсэн байдаг. Энэ хязгаарлалтууд нь Монголын Засгийн газрын нээлттэй бодлого баримтлах үзэл санаанд харшилж байна. Шаардлагагүй нууцлалаас болж Засгийн газрын албан хаагчдын зүгээс хариуцлагагүй байдал үүсч, ил тод бусаас болж хээл хахууль газар авч байна...” хэмээн дүгнэсэн. Чухам иймээс л ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ шинэчилсэн хуулийг мөрдөх болсон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн нөхцөл байдал бол энэ хуулиар төрд олгогдсон эрхийг ашиглах боломж юм.

Цаг нь болжээ

С.Зоригийн нэр төр, түүхэн хувь нэмрийг тооцон үзэж, нийгмийг талцуулчихаад байгаа эргэлзээг тас цохиж, зөвхөн энэ хэрэг дээр онцгой нөхцөлийг бодолцон төрийн нууцыг задалж болохгүй гэж үү? Ингэж байж иргэд төрдөө, төрийн цагдаа, прокурортоо бүрэн дүүрэн итгэх болно. С.Зоригийн хэрэг бол Монголын түүхэн дэх хар толбо. Оготны хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн гэж бахархдаг Монголын оюун санааны удирдагч ийнхүү цуст хэргийн бай болсон нь бидний хувьд Богд хааныхаа үхлийн шалтгааныг мэдэхгүй, цуурч суугаатай маань адилхан түүхийн гутамшиг. Хэрэв ирээдүйнхээ өмнө эргэлзээ, харуусал төрүүлсэн ахин нэг хэрэг үлдээхийг хүсээгүй бол энэ хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, ард түмэнд нэг бүрчлэн танилцуулах цаг болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы хуралдаанд хангалттай суудаггүй үндэслэлээр эгүүлэн татахыг та дэмжиж байна уу?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ЗАХИАЛАГЧИЙГ НЬ ЗАРЛАХ ГЭХЭЭР МАШ ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙСАН ИХ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС , ТОМ НАМ , ИХ ХУРЛИЙН ЗАРИМ ГИШҮҮД , НАМ ДАМНАСАН БҮЛЭГЛЭЛҮҮД ХОГ БОЛЧИХ ГЭЭД БАЙГАА НЬ ӨӨРӨӨ МОНГОЛ УЛСАД МАФИ БАЙДАГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА , БИДНИЙ СОНГОЛТОО ГЭЖ .

    0 0 Хариу бичих
  2. Алив нөгөө мундаг мөрдөгч Д.Мөрөн хаа явна аа?!

    0 0 Хариу бичих
  3. muu aluurchid avah yostoi shangaa avch bga harin odoo zahialagch nariig yagad nerlehgui bna yor ni bol todorhoi boltson bga bizde. Nyamdorj muu adgiin dorvod pizda sadaa hiij bga ni ilt bga shu

    0 0 Хариу бичих
  4. IIM SAIHAN HUNIIG ALJ BAIDAG YASAN AIMAR ALUURCHID WE

    0 0 Хариу бичих
  5. duu oyun chin ooriin chin hergiig ilruuleh sonirholgui bh shig bn. duudee ichij amidar gej zuudend n irj heleerei erhem ...... min

    0 0 Хариу бичих
  6. s.zorigiin hergiig goktoi holbootoi uildegdsen gedegiig da.ganbold shuud helj l bsn shuudee. ene ih mongotoi holbootoi hergiin zahialagch nar odoo ch shees n goijih geed sandar ch bga bh. chaawaas hoorhii

    0 0 Хариу бичих
  7. NYAMDORJOO MENGEE AWHUULAACH LALARIIN URWAGCH HUJAAGIIN TAGNUUL MIN. CHI L ENE HERGIIG ZAHIALCHIHAAD ODOO OORIIGOO BARIGDAHAAS AIJ BAAHAN JUJIG TAWIJ BGAA BIZDEE. MUU DURWUDIIN SHEES

    0 0 Хариу бичих
  8. С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖ, ТЕХНИКИЙН БӨГӨӨД ШИНЖЛЭХ УХААНЫ БҮХ БОЛОМЖ БИЙ. ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ УЛС ТӨРИЙН ЭРМЭЛЗЭЛ, ХҮСЭЛ ЗОРИГ ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮДЭД АЛГА. ЯЛАНГУЯА, АН, МАН, ТЭР ТУСМАА ИЗНН-Д.

    1 0 Хариу бичих
  9. Za ta nar odoo ene hergiig zadalj zahialagch nariin zugtaalgah sanaatai yu. Zahialagch nariig olj togtooj yaliin ogsonii daraa harin hergiig il bolgoh ni zov bh daa6 ODOO BOL UGUI SHUU HERHEVCH BOLOHGUI

    0 0 Хариу бичих
  10. Huulia barimtlan shuu Mongolchuudaa. Yah araggui zahialagch nartai neg tald bdag humuusin yaritslagiig end bichsen bna. Eag;e.mn iihen bas mundag bn shuu ain. Zahialagch nariin olood ogchij bga yum bishuu

    0 0 Хариу бичих
  11. БИТГИЙ ДАВАР......... ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАРЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ, ТЭД НАРТАЙ ХОЛБООТОЙ ХҮМҮҮСИЙН ХУЦСАН НИЙТЛЭЛҮҮДИЙГ НЭГ ГАЗАР НЭГТГЭЖ ТАВЬСАН БАЙНА. ИНГЭД ХЭН ХЭН ЗАХИАЛАГЧ НАРЫН МӨНГӨНИЙ ХҮҮХЭД БОЛОХ НЬ ИЛ БОЛЛОО ДАА. Ц.НЯМДОРЖ, Г.БАНЗРАГЧ, Л.БОЛД, О.АЛТАНГЭРЭЛ ГЭХ МЭТИЙН ДАН БАГАБАНДИЙН ХҮМҮҮС

    0 0 Хариу бичих
  12. Ene ulsad chin huuli durem juram gj bdag yum. Neg muu 3 aluurchnii talaar delgerengui medeelel avahiin tuld toriin nuutsiig il bolgoh uu tgd. Bitgi ta nar balai yum yarij bai. Ene niitlel deet ner durdagdaj bga humuus bugd zahialagch nartai yamar negen baidlaar holbootoi humuus bga. Ted nar zgr l hergiin guitsetgegch nariig omoorch bgadaa bish zahialagch naraa nuuh gsn oroldlogo l hj bgag ta nar yoroosoo oilgohgui bn gejuu

    0 1 Хариу бичих
  13. ЮУ ГЭЖ ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГАЖ БАЙХАВ ДЭЭ. АЛУУРЧИД ЗАХИАЛАГЧАА АЛЬ ХЭДИЙН ЗААГААД ӨГСӨН БАЙГАА ШДЭЭ. ЭНЭ ОЛОН МӨРДӨН БАЙЦААГЧ БОЛОХ ГЭСЭН НЯМДОРЖ МЭТИЙН НОВШНУУД ДАН ХЭРГИЙГ БИТГИЙ ИЛРЭЭСЭЙ ГЭСЭН БОДОЛТОЙ ХҮМҮҮС.

    0 0 Хариу бичих