Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг "Сүхбаатарын одон"-гоор шагналаа

С.Цолмон


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгчээ. 

МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "... Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг гардуулж байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, МҮОНТВ анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн халуун мэндийг цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа нийт Монголын ард түмэндээ хүргэе.

МҮОНТВ-ийн түүх бол улс орондоо телевиз хэмээх бие даасан салбарыг хөгжүүлэн төлөвшүүлсэн, хүн зоныг улс орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрэл, эрдэм боловсролоор тэтгэн соё гэгээрүүлсэн Монголын ард түмний оюун санааны амьдрал хийгээд үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн бахдам түүх юм.

МҮОНТВ нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээнт хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх өндөр хариуцлага, нэр хүндтэй бөгөөд онцгой үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм.

Эх орныхоо хөгжлийн хагас зууныг хамтдаа бүтээлцэхдээ энэ түүхэн замналыг тодоор бичиж, өндөр үүрэг хариуцлагыг нэр төртэйгээр биелүүлсэн танай хамт олныг Монгол Улсын төрөөс өнөөдөр өндрөөр үнэллээ.  

МҮОНТВ-ийн түүх зуун зуунаар бичигдэж, та бүхний эхлүүлсэн ажил цэнхэр дэлгэц шигээ улам тунгалаг байхыг ерөөе” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ арай дэндэнээ нөгөгөө ард түмнийг цагаан цаас гэж хэлсэн хүүхэн чинь шагнуулаад зогсож байх шивдээ

    0 0 Хариу бичих