“Мөнхийн Канцлер”-ийн тухай бидний мэдэхгүй баримтууд

А.Анар-Эрдэнэ


ХБНГУ-ын Бундестагийн сонгуульд ялалт байгуулж 4 дэх удаагаа Германы Канцлераар сонгогдож буй Ангела Меркель хатагтайн улс төрийн замнал, үзэл баримтлалынх нь тухай мэдээлэл олон. Физикч мэргэжлээ улс төрөөр сольж, намынхаа анхны шинэчлэгч, шүүмжлэгч нь болсон гэдэг. “Мөнхийн Канцлер” хэмээх цолоо бататган энэ сонгуулиар ялалт байгуулсан Ангела Меркелийн талаархи сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.

1954 оны долдугаар сарын 17-нд шашин судлаач, номлогч Хорст, Херлинд  Каснер нарын гэр бүл ууган охиноо өлгийдөн авч Ангела Дороте Каснер хэмээн нэрлэжээ. Баруун Германд төрсөн ч Зүүн Германд өссөн Ангела охин онц сурлагатан байгаад зогсохгүй математик, шинжлэх ухааны хичээлдээ толгой цохидог сурагч байв. 1968 онд 14 настай Ангела Ардчилсан Герман улсын орос хэлний олимпиадад нэгдүгээр байр эзлэн ЗХУ-д аялах эрхээр шагнуулж байжээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай тун нөхөрсөг, дотно харилцаатай байдгийнх нь гол нууц ус, цас мэт эзэмшсэн орос хэл гэх нь бий. Тэрээр англи хэлээр ч ярьж, ойлгодог.

1973 онд Лейпцигийн Их сургуульд элсэн орж 1978 онд физикч болж төгсөн Ангела Каснер химийн квантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч, химич нэгэн. Аливаа асуудлыг бүх талаас нь шинжлэн дүгнэсний үндсэн дээр зөв шийдвэр гаргаж чаддаг түүний занг судлаж байсан шинжлэх ухаанаас нь эхтэй гэж магтдаг.

Улс төрд орох эхлэлийг нь Германы Канцлер асан Хельмут Коль эхлүүлж, Колийн Канцлер байх үед Германы парламентад сонгогдож, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайдад нэр дэвшиж байв. Түүний улс төрийн карьерийн эхэн үед “Колийн охин” гэх хоч дагалдаж байсан. Гэсэн ч Христийн Ардчилсан холбооны хууль бус санхүүжилтийн шуугиан хүчтэй шүүмжлэлд өртсөн 1999 онд Меркель “Хельмут Коль, Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн удирдагчдаас болж манай нам хохирч байна. Тэд намаа бодож байгаа л бол өөрсдөө орхих хэрэгтэй ” гэсэн санаанд багтамгүй шуугиант мэдэгдэл хийжээ. Амжилттай эхлүүлсэн улс төрийн карьер, хувийн амьдралаараа дэнчин тавин байж хийсэн Ангела Меркелийн уг зоримог мэдэгдлийг Хельмут Коль “Би өөрийн гар дээрээ өөрийгөө хөнөөх могойг тэвэрч байжээ. Тэр могой-Меркель намайг эргэж хатгасан” хэмээн дурссан нь бий.

Ухаалаг бүсгүй Ангела Каснер 1974 онд ЗХУ-ын Оюутан солилцооны үдэшлэг дээр Ульрих Меркельтэй танилцаж 1977 онд хуримаа хийн албан ёсоор эхнэр нөхөр болов. Харамсалтай нь тэдний амьдрал 5 жил л үргэлжилж хүүхэдтэй болж чадаагүйн улмаас салалтаар төгссөн байна. Экс нөхөр Ульрих нь дахин гэрлэж, тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох гэж буйг дуулсан Ангела тээгч эхийн асуудалд хориг тавьсан гэж ярих нь ч бий. Харин тэрээр анхны гэрлэлтийнхээ талаар “Залуу насны хөнгөн хуумгай зангаар гэр бүлтэй болох ёстой гэсэн бодолдоо хөтлөгдсөндөө хийсэн гэрлэлт байсан” гэж дурсчээ. Анхны гэрлэлтээ бүтэлгүйтсэнээс хойш ахин хайр дурлалтай учирсан Ангела квантийн химийн салбарт алдартай Иохем Зауертай гэрлэсэн нь 1982 он байлаа. Хоёр дахь гэрлэлтээ өнөөг хүртэл амжилттайгаар хадгалж яваа ч анхны нөхрийнхөө овгоор яваа нь улс төрд Ангела Меркель гэх нэрээр танигдсантай нь холбоотой гэдэг. Түүний хоёр дахь нөхөр Иохим Зауер олны нүдэнд өртөх тун дургүй бөгөөд эхнэртэйгээ хамт явж харагддаггүй, тэр бүү хэл тангараг өргөх ёслолд нь ч байлцдаггүй. Германы канцлерийн нөхрийн зардал улсын төсвөөс гардаггүй. Иохим Зауер эхнэрийнхээ гадаадын айлчлалд нэгдэх бол хамт явалгүй энгийн онгоцонд өөрөө тооцоогоо хийн, очих газрынхаа зочид буудалд л уулзалддаг гэдэг. Улс төр, улс орныхоо хувьд Эх буюу mum, mutty  хэмээн нэрлэгддэг хатагтай Меркель харамсалтай нь аль ч гэрлэлтээсээ хүүхэдтэй болж чадаагүй аж.

Даашинз, банзалыг бус өмдтэй хослолыг таашаадаг Меркель хатагтайн хослолыг Гамбургийн алдартай загвар зохиогч Беттина Шенбах урладаг. Германчуудын яс, цусанд байдаг гэж хэлж болох тооцоотой зангаар хатагтай Меркель хувцасныхаа төлбөрийг хувиасаа гаргадаг байна. Беттина Шенбах Ангела Меркелийг 2005 онд анх Канцлераар сонгогдож, тангараг өргөх ёслолдоо өмсөх хослолыг нь урласнаас хойш өнөөг хүртэл түүнийг гоёж буй гэдэг. Түүний хувцаслалт, үс засалт үргэлж шүүмжлэл дагуулдаг ч дэлхийн загварын ертөнцийн хаан гэгддэг, герман гаралтай загвар зохион бүтээгч Карл Лагерфиелд хатагтай Меркелийн хувцаслалтыг “Ок” хэмээн дүгнэсэн нь бий. Европын холбооны хүчирхэг бүрэлдэхүүний нэг болсон улсыг удирдаж, амжилттай, ашигтай байлгаж, ард түмнийхээ төлөө ажиллаж буй хүнд маргааш өглөө юу өмсөхөөс илүү хэнтэй хэрхэн харьцаж, ард түмэн улс орныхоо төлөө хийж чадах зүйлд илүү анхаардаг биз. Ээмэг, зүүлт гэх энгийн зүйлсээр ч гоёдоггүй, үнэртэн түрхдэггүй хатагтай Меркелийг хэтэрхий хайнга эмэгтэй, бараг эрэгтэй гэж шүүмжлэх хүн олон.

Хөл бөмбөгийн фанат Меркель хатагтай Bastain Schweinsteiger-ийн талынх төдийгүй FC Energie Cottbus-ын хүндэт гишүүн юм. Тэртээ 1974 оноос хойш дурласан хөлбөмбөгтөө өнөөг хүртэл үнэнч буй хатагтай Меркелийг хөлбөмбөгийн тэмцээн дээр багаа дэмжин, гоол оруулахад нь баяр хөөрөө багтааж ядан суудалдаа тогтож ядан байхыг харж болно.

Түүний өөр нэг сонирхол нь сонгодог хөгжим гэдэг. Бах, Бетховений симфонид уярч, Вагнерийн дуурийг үзэн сэтгэлээ сэргээдэг хатагтай Меркелийн ажлын өрөөний ширээнээ Герман гаралтай, Оросын хатан хаан II Екатеринагийн хөрөг залардаг байна.

Улс орныхоо ирээдүйд санаа зовниж, эрчүүд шиг хүчирхэг, шударга зангаараа бусад улс орны тэргүүнүүд, улс төрчидтэй учраа амархан олдог хатагтай Меркелийн гарын хоол нь төмсний зутан, шницель, загасны махаар хийсэн төрөл бүрийн хоол аж. Балтийн тэнгисийн загасыг таашаадаг хатагтай Меркель гэрийнхээ ойр байрлах хүнсний дэлгүүрээс хүнсээ өөрөө худалдан авч, нутгийн хоолны жор цуглуулж зав зай гарган дотнын хүмүүсээ гарынхаа хоол, бялуугаар дайлах дуртай.

Бусад улс орны удирдагчид шиг харшид амьдарч, амралтаараа дарвуулт завиар зугаалдаггүй хатагтай Меркель энэ бүх тансаглалыг өөр шиг нь удирдах албан тушаал эрхэлж буй хүний хувьд зохисгүй гэж үздэг бөгөөд өөрт нь ямар ч хэрэггүй зүйлс гэж тайлбарладаг. Гадаад улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд авсан бэлэг дурсгалын зүйлсээс 150 еврогоос дээш үнэтэйг улсдаа тушаадаг нь ч түүний эгэл даруу, элдэв шуналгүй занг илтгэнэ.

Зөвхөн германчууд ч бус дэлхий нийтийн удирдагчид дунд нэр хүндтэй, өөрийн зөв бодлогоороо хүндлэгдсэн Ангела Меркель хатагтайн “Мөнхийн канцлер” цолны эзэн болсон шалтгаан эгэл бус, бодит түүх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. aguu udirdagch emegtei yumaa.

    0 0 Хариу бичих
  2. Сайн харахаар яг Хитлер шиг нүд нь бол яг Хитлер.

    0 0 Хариу бичих
  3. Gaihaltai Helen ug alga.

    0 0 Хариу бичих
    • Huuhedgui n uruvdchluu em hun

      0 0
  4. Германчуудад манай Монголдчуудад байдаг шиг Тэнгэр заяа Босоо цагаан хийморь байхгүйл дээ.

    0 0 Хариу бичих
    • Тэр нь яг юу байдаг билээ хө? Нүдэнд харагдаж гарт баригдтал баримт сэлттэй нь хуучлаач хө

      1 0
  5. гүүт, Дойче Фрау, Хайлль,,,, Канцлер Ангела Меркель, Дойчланд Мутти,

    0 0 Хариу бичих
  6. Aguu udirdagch yum aa. Tsagaachlaliin asuudlaas bolj haraaliin bai bolj baisan ch, germanchuud uhaantai ard tumen uchraas uhaantai udirdagch gej dahin songojee.

    0 0 Хариу бичих