“Их эвслийн төгсгөл” ба Бундестагт орж ирсэн хэт баруунтнууд

Ш.Самбуу


Ням гаригт Герман парламентын сонгуулиа явуулж Канцлер Ангела Меркелийн нам 33 хувийн саналтайгаар ялалт байгуулжээ.

Ангела Меркелийн консерваторуудын эвсэл Бундестагийн ням гаригийн сонгуульд 33 хувийн санал аван яллаа. Хоёрдугаар байранд нь өөрийн түүхэндээ хамгийн бага 20 хувийн санал авсан социал демократууд оров. “Германы альтернатив” нам дэлхийн хоёрдугаар дайнаас хойш парламентад баруунтнуудын нам суудалгүй байсныг эвдэн энэ сонгуулийн гол дуулиан боллоо. ARD телевизийн захиалгаар явуулсан экзитполын дагуу, 19 дэх удаагийн Бунтестагийн бүрэлдэхүүнд 1953 оноос хойш анх удаагаа зургаан улс төрийн хүчин гарч ирлээ. Христийн ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбооны нэгдсэн эвсэл 33.2, Германы социал демократ нам 20.8, Германы Альтернатив нам 13.1, Чөлөөт ардчилсан нам 10.4, "Ногоонтнууд" 9.2, Зүүнтний нам 8.7 хувийн санал авч суудалтай болж байна. Германы социал демократ нам сөрөг хүчин болохоор шийдсэн учраас,  эрх баригч  "Ямайка" эвсэл байгуулах ганцхан боломж үлдээд байна. Гэхдээ тийм засгийн газар нь  эвсэлд орж байгаа намуудын гол асуудлаархи зөрөлдөөний улмаас эмзэг, тогтворгүй байж болох талтайг шинжээчид хэлж байна.

Меркелийн дөрөв дэх хугацаа

Сонгуулийн дүн нь консерваторууд ба Канцлер Меркелийн хувьд сүүлийн 12 жилийн дотор хамгийн тааруугаар гарсан ч тэр нь Ангела Меркельд  дахин  эрх баригч эвсэл байгуулах боломж өглөө. Энэ тухай  Канцлер намын дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ. “Бид стратегийн үүргээ биелүүлж, томоохон хүчин байгаагаа харууллаа. Бидэнд Засгийн газраа байгуулах үүрэг ирлээ. Засгийн газар бидэнгүйгээр байгуулагдахгүй” хэмээн Меркель онцлон хэлэв.Мөн тэрээр ойрын дөрвөн жилийн  гол үүргээ тодорхойлжээ. Гэхдээ тэр хамгийн чухал үүрэг нь эдийн засаг биш харин Европын холбооны эв нэгдэл ба дүрвэгчдийн  хууль бус урсгалд хязгаарлалт тавих, намаас холдсон сонгогчдын итгэлийг сэргээх явдал гэлээ. "Германы альтернатив нам Бундестагт суудалтай болсон нь  бидний өмнө тавигдсан томоохон дуудлага юм. Бид  дэлгэрэнгүй  дүн шинжилгээ хийж, алдаагаа засан  тэднээс сонгогчдоо эргүүлэн авах” гэж Канцлер хэлжээ.

Социал демократуудын засаг барилцсан хугацааны төгсгөл

Социал-демократууд дайнаас хойшхи түүхэнд  өөрсдийн хувьд хамгийн муу үзүүлэлтийг харуулсан учраас  сөрөг хүчин болохоор шийдсэн байна. “Энэ өдөр  та бүгд тайлбар хүлээж буйг би ойлгож байна. Бид  сүүлийн жилүүдэд нийгмийн бодлогод олон ололтыг гаргасан ч энэ удаа сонгогчдын уламжлалт баазыг дайчилж чадсангүй” хэмээн Германы социал демократ намын лидер Мартин Шульц мэдэгдлээ. "Немецийн социал демократуудын хувьд энэ бол гашуун өдөр”  гэж тэр нэмэн хэлжээ. Тэрээр өөрөө сонгуульд бүтэлгүйтсний улмаас  намын даргаас огцрохгүйгээ мэдэгджээ.  Харин бундестагт тэдний жигүүрийг өөр улстөрч толгойлох гэнэ. Тийм хүнээр өнөөгийн танхимын Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Андреа Налесыг шинжээчид нэрлээд байгаа.

Германыг "Ямайка" захирах уу?

Тоон талаас аваад үзвэл Германы эрх баригч эвслийг “Ямайка” гэж нэрлэгдсэн хүчин бүрдүүлэх цорын ганц боломжтой болж байна. Эвсэл байгуулах консерваторууд, Чөлөөт  ардчилсан намын либералууд ба “ногоонтнууд” нарын  билгэдлийн өнгүүд нь Ямайка улсын далбааны өнгөтэй таарч байгаагаас  ирээдүйн эвслийг ингэж нэрлэжээ. Бүс нутгийн төвшинд бол "Ямайка" эвсэл Шлезвиг-Гольштейн мужид засаг барьж байна. Ийм эвсэл хамгийн анх Саар мужид 2009 онд  үүсч орон нутгийн сонгууль эхэлтэл тэсч чадаагүй.  Холбооны төвшинд  ийм эвсэл огт байгаагүй юм. Баварийн Христийн нийгмийн холбоо, Чөлөөт ардчилсан нам, “ногоонтнуудын” эвсэл нь холбооны төвшинд улс төр, нийгмийн асуудлаар зөрөлдөөнтэй, тогтвор муутай  учраас  улс төрийн  хямралд хурдан хүргэж магадгүйг  шинжээчид хэлж байгаа.

Германы Альтернатив бодит байдал

“Германы альтернатив” нам Бундестагт орж ирсэн нь Германы нийгэмд том сюрприз болоогүй. Сүүлийн жилд баруунтан популистуудын чансаа  хэтэрхий тогтвортой байлаа. Экзитполын анхны дүн гарч ирэн “Германы альтернатив” нам гурав  дахь жигүүр болж байгаа нь тодорхой болсны дараа тус намын лидерүүдийн нэг Александер Гауланд хэлэхдээ “Ангела Меркелийн намыг “авлах" аянаа эхлүүлнэ” гэсэн байв. Канцлер  харин  баруунтнуудад алдсан гэх  өөрсдийн бараг сая сонгогчдоо эргүүлэн авна гэсэн билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Afd ene songuulid nileen gaigui oroltsloo. 13 garui huviin Sanal avsan baina. Hoishid ene baidlaar yavbal ontsgui l baih bolno. NPD mayagiin uzel zuhalzaad baidag.

    0 0 Хариу бичих