Дэлхийн хамгийн баян эмэгтэй Лилиан Бетанкур нас баржээ

Ш.Самбуу


Тэрээр “L'Oreal” гэх гоо сайхны концерний хамтран эзэмшигч бөгөөд 39,5 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ.Дэлхийн хамгийн баян эмэгтэй, “Forbes” сэтгүүлийн даяарчлалын чансааны №14-т 39,5  тэрбум доллараар үнэлэгдсэн хөрөнгөтэй хэмээн эрэмбэлэгдсэн Лилиан Бетанкур баасан гаригт Парис хотноо 95 насандаа нас барсныг түүний охин Франсуаза Мейерс-Бетанкур мэдээллээ. Бетанкур ба түүний гэр бүлийнхэн “L'Oreal” концерны 33 хувийг эзэмшдэг. Тэдний компанийн хувь  хэрхэн хуваагдах нь одоогоор тодорхойгүй байна. “Би гэр бүлээ төлөөлөн  бидний “L'Oreal” компанид хандах хандлага хэвээр, итгэл төгс байгаа гэдгийг компанийн Ерөнхийлөгч Жан-Поль Агон ба түүний дэлхийн багийнханд илэрхийлье” гэж Бетанкур-Мейерс мэдэгдсэн байна.

Эцгийн охин

Лилиан Бетанкур 1922 онд Парис хотноо “L’Oreal” гоо сайхны концернийг үндэслэгч Эжен Шюллерийн гэр бүлд төржээ. Компанийн анхны бүтээгдэхүүн нь хортой дагавар  үйлчилгээ үзүүлдэггүй, 1907 онд бүтээгдсэн, Парисын гоо сайхны салонуудад зарагддаг   “Schueller” гэдэг  үсний будаг байжээ. Хоёр жилийн дараа буюу 1909 онд залуу химич өөрийн бизнесээ “Safe Hair Dye Company of France” нэрийн дор бүртгүүлжээ.

Бетанкурыг нялх байхад эх нь  нас барсан ба Лилиан эцгийн охин болон хүмүүжсэн байна.  Тэрээр 15 настайдаа эцгийнхээ нэгэн заводод  ажил хийж эхлэн савны хаяг наадаг байжээ. Ирээдүйн бизнес бүсгүй 1950 онд хэт консерватив улстөрч, “La Cagoule” гэдэг  франц фашист группын Андре Бетанкуртай гэрлэжээ. Дэлхийн дайны үеэр тэр  группыг Лилианы эцэг санхүүжүүлдэг байсан гэдэг.

Лилиан 1957 онд эцгийгээ нас барсны дараа “L’Oreal” компанийг өвлөн авч  гол хувьцааг атгаж байв. 1963 онд  компани нь хувьцаагаа худалддаг компани болсон ч Бетанкур компанийн хяналтын багцыг  атган үлдсэн байна. Тэрээр 1974 онд өөрийн хувийн тал хувиар “Nestlé” компанийн хувьцааны гурван хувийг худалдан авчээ.

Бетанкурын үед л  “L’Oreal” гоо сайхны бүтээгдэхүүний дэлхийн томоохон компани болж чадсан ба өнөөдөр ч тус компани мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэглээний бараа, lux сегментын барааг худалдсаар байгаа юм.

“Forbes” сэтгүүл  2017 онд компанийн хөрөнгөжилтийг 107,5 тэрбумаар үнэлсэн нь түүнийг дэлхийн томоохон 2000 компанийн чансааны 198-д оруулжээ. Өнөөдөр “L’Oreal” компанид бараг 90 мянган хүн  ажилладаг ба өнгөрсөн оны компанийн худалдаа нь 28,58 тэрбум доллар болжээ.Бетанкурын удирдлага нь компанийг том амжилттай болгосон ч түүнийг гэр бүлийн элдэв дуулианууд дагалдаж байжээ.  Бетанкур  ба түүний цорын ганц  охин  Франсуаза Бетанкур-Мейер хоёрын хоорондын  зөрөлдөөнийг Бетанкурын найз нэртэй гэрэл зурагчин, зохиолч, зураач 61 настай Франсуа-Мари Банье өдөөсөн юм. Тэр үед нас нэлээд өндөр болсон  эмэгтэй тэр найздаа 1,4 тэрбум долларбн өртөгтэй элдэв бэлэг барьжээ. Тэр бэлгэнд нь хэд хэдэн үнэтэй даатгал, урлагийн бүтээлүүд орсон байлаа.

Бетанкур-Мейер эхийнхээ найзыг Лилиан Бетанкурын биеийн байдал болон ухаан санаа нь сул дорой байсныг хувийн зорилгоор ашигласан гэж заргалдсан юм. Лилиан Бетанкур өөрөө эмнэлэгийн үзлэгээс татгалзан Баньег хамаалж байлаа. 2010 онд охин нь гомдлоо эргүүлэн татсан байна. 2007 онд бизнес бүсгүйн шилтгээний  харгалзагч түүнийг Николя Саркозийн сонгуулийн кампанид оролцсоныг гэрчлэх нууц бичиг баримтыг нийтлүүлсэн юм. Бетанкур түүнийг эрс үгүйсгэж байлаа. 2011 онд ухаан муудсан  Бетанкур охиныхоо асрамжид орсон байна. Лилиан Бетанкурын ач хүү Жан-Виктор Мейерс 2012 хойш компанийн тэргүүн болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)