“Ят-Ха” хамтлаг Монголд ирлээ

А.Санчир


Тувагийн алдарт “Ят-Ха” хамтлагийнхан өчигдөр Улаанбаатарт иржээ. Тус хамтлагийн ахлагч Альберт Кувезин болон хамтлагийн гишүүн Шолбан Монгуш, дуучин Сайлык Оммун нар Монголд анх удаа зохион байгуулах тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 24 буюу ням гаригийн орой 19 цагт “On’Off Production Music House”-д болох энэхүү тоглолтыг Дэлхиийн хөөмийн холбоо санаачлан “On’Off Production” болон “Bro’s records”-той хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Фольк рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Ят-Ха” хамтлаг 1992 онд байгуулагдсан бөгөөд Тувагийн хамгийн алдартай хамтлагийн нэг юм. Тус хамтлаг үндэсний язгуур урлагийг орчин үеийн этно, панк рок хэлбэрт оруулан тоглож олон улсад нэрд  гарчээ. “Ят-Ха” хамтлаг тува, урианхай түмний уламжлалт язгуур урлагийг дэлхийн олон улс оронд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал тус хамтлагаас “Хун Хуур Тү”, “Алаш” гэх мэт баруунд нэрд гарсан хамтлаг, уран бүтээлчид төрөн гарчээ.

“Ят-Ха” хамтлагийнхан 1990-ээд оны сүүл үеэс Европ болон бусад тивд айлчлан тоглож, алдарт  ”Irish” хамтлаг болон “Грэмми” шагналыг долоон удаа хүртэж байсан “The Chieftans”  хамтлагтай хамтран Америкийн олон хотуудад уригдан тоглож байжээ. Түүнчлэн Алма-Атыд болдог “Voise of Asia”  наадмы тусгай байр, “Rock-Pereteria” наадмын шилдэг хамтлагийн шагналыг хүртэж, OХУ-ын “Golden Music” наадмын шилдэг дуучны шагнал гэх мэт олон нэр хүндтэй шагнал хүртжээ. Тус хамтлагийнхан нийт 14 цомог гаргасан байна.

Дэлхийн хөөмийн холбооноос монгол угсаатан нүүдэлчин ард түмнүүдийн язгуур урлаг, хөөмийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийн голомт Монгол Улсад тэднийг авчирч тоглолтыг нь зохион байгуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. “Ят-Ха” хамтлагийн Монголд хийх тоглолт уг төслийн нэг хэсэг гэдгийг тус холбооны тэргүүн, “Hosoo & TransMongolia” хамтлагийн ахлагч Д.Хосбаяр онцоллоо. “Ят-Ха” хамтлагийн тоглолтод манай улсын “Дэлхий” хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм байна. Ийнхүү эртний уламжлалт уриа дуудлага бөөгийн сүр хүч, хөөмий, икэл хөгжмийн уянга орчин цагийн рок хөгжимтэй хэрхэн хоршин уусахыг ням гаригийн орой сонсч, мэдрэх боломжтой. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гурван сармагчинл бна

    0 0 Хариу бичих
    • turul ni turuluu tanij gej oilgov.

      1 0