Есдүгээр сарын 22 дэлхийн түүхэнд

Ш.Самбуу


Авто машингүй дэлхийн өдөр

Дэндүү олон машин зөвхөн хотуудын төдийгүй дэлхий нийтийн даяаршсан асуудал болоод удаж байна. Авто тээвэр дэлхийн био орчинг эвдлэн хүнд хор учруулж байдаг. Автомашинаас болж дэлхийд өдөртөө 3000 хүн амь насаа алдаж байна. Минут бүрт үйлдвэрийн дамжлагаас нэг “алуурчин” гарч байна. Тоо баримт ийм ажээ. Үүний зэрэгцээ машины үйлдвэрлэл өсөн архи, тамхины дараа хамгийн ихээр рекламдуулдаг барааны гуравдугаарт оржээ. Авто машингүйгээр нэг ч б олтугай өдрийг (World Day Without Car) үдэх уламжлал анх Францад 1998 онд гарч ирсэн байна. Тэр үед хориод хот энэ өдрийг тэмдэглэсэн бол 2001 он гэхэд энэ хөдөлгөөнд дэлхийн 35 орны мянга гаруй хот нэгдсэн байв.Орчин цагийн амьдралд авто машинаас татгалзана гэж үгүй учир хотын мэрүүд болон бусад  төр захиргааны байгууллагын удирдлага энэ өдөр автомашины гаргаж байгаа сөрөг асуудалд олон нийтийн анхаарлыг татахыг хичээдэг. Энэ өдөр том хотуудад олон нийтийн тээврийг ашиглахыг илүүд үздэг. Сануулахад, Америкийн инженер, үйлдвэрийн эзэн Генри Форд 1908 онд Форд-Т гэдэг  анхны машиныг үйлдвэрлэж эхэлжээ.

Америкийн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өдөр

АНУ-д Америкийн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өдрийг  (American Business Women"s Day) өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс өргөн тэмдэглэж эхэлжээ. Баярыг санаачлагч болох ажил хэрэгч эмэгтэйчүүдийн байгууллага Америкийн эдийн засгийн хөгжил, сайн сайхан амьдралд тэдний оруулсан хувь нэмрийг үнэлж ирсэнгүй гэж үзжээ. Ингээд тэрхүү шударга бус явдлыг засч залруулахаар бизнесийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн өдрийг бий болгосон байна. Канзас хотын  Хилари Буфтон (Hilary Bufton) ба гурван бизнес эрхлэгч эмэгтэй 1949 оны есдүгээр сарын 22-нд бизнест ажилладаг Америк эмэгтэйчүүдийн эвслийг байгуулсан нь эмэгтэйчүүдийн үндэсний мэргэжлийн эвсэл болсон байна. Уг баяр олон улсын болж чадаагүй ч энэ өдөр Америкийн 57 сая ажилчин эмэгтэйчүүдийг хүндэтгэсэн том баяр болдог.

Болгарын тусгаар тогтнолын баяр

Младо туркийн хувьсгал гэгчийн дараа Турк суларсныг далимдуулан 1878 оны Берлины баримтаар Туркийн дагуул байхаар заагдсанаас Болгар татгалзан 1908 оны есдүгээр сарын 22-ны өдөр бүрэн тусгаар тогтнолоо зарлажээ. Болгарын ван   Фердинанд  урьд өдөр нь Тырново хотын сүмд хааны титмийг авч Болгар хаант улс болон зарлагдаж, Фердинанд нь “болгаруудын хаан” гэж нэрлэгдэх болжээ.

Филип Дормер Стенхол Честерфилд төржээ

Английн улс төрийн зүтгэлтэн, зохиолч Филип Дормер Стенхол Честерфилдын дөрөв дэх гүн 1694 оны есдүгээр сарын 22-нд төржээ. “Хүүдээ бичсэн захидлууд” номоор тэрээр түүхэнд үлджээ. Дипломат Честерфилдын зүйр үгс эрээ цээргүй бөгөөд хүний төрхийг хэтэрхий сайн мэдэрснээр бичигдсэн учир өөрөө амьддаа хэвлүүлж зүрхлээгүй гэдэг. “Честерфилд бүжгийн багшийн авир ба биеэ үнэлэгчийн ёс зүйг сургадаг” гэж Сэмюэль Жонсон үнэлж байв.

Честерфилдын номоос "Манай найз нарын яс муутай нь бидэнд багагүй таашаал өгдөг” 
 “Хэрэв чадаж байвал бусдаас ухаантай бол, харин түүнийгээ хэнд ч бүү ярь”
“Гэрлэлт ба шашны асуудалд би зөвлөх биш. Надаас болоод хүмүүс тэнгэр, газарт зовоод яахав”
“Согтуу хүн өөрийгөө эрүүл гэдэг шиг нь залуу хүмүүс өөрсдийгөө ухаалаг гэх юм” 
“Эмсийн гоо үзэсгэлэн, эрчүүдийн ухаан нь ихэнхдээ эзэддээ хөнөөлтэй”
“Хэрэв илтгэгч танхимд таалагдана гэвэл түүнийг тэрээр үзэн ядах ёстой” 

Aвраам Линкольн боолчуудыг чөлөөлж буйгаа зарлав

Өнөөгөөс 155 жилийн өмнө энэ өдөр АНУ-ын 16 дахь бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн анхны ерөнхийлөгч, Америкийн боолчуудыг чөлөөлөгч Авраам Линкольн (1809-1865) “1863 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх боолчууд үргэлжийн турш чөлөөтэй болно” гэж зарлажээ. Aвраам Линкольн шинэ газар нутагт боолчлолыг өргөжүүлэхийн эсрэг байсан ба АНУ-ын Бүгд найрамдах намыг байгуулан намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм.Линкольныг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа боол эзэмшигч өмнөд мужууд холбооноос гарч Америкийн конфедератив улсыг байгуулан иргэний дайн үүсгэсэн юм. Линкольн албан тушаалдаа ороод “бид дайснууд байх ёсгүй” гэж мэдэгдэж байсан ч өмнөдийнхний эсрэг байлдааны ажиллагааг удирдан  1861-1865 онд иргэний дайнд конфедеративыг ялсан юм. Түүнийг ерөнхийлөгч байх үеэр гүйцэтгэх засаглал хүчирхэгжсэн ба боолчлолыг устгалгүйгээр Америкийн холбоог байгуулж болохгүй байсан юм.Тэр жилийн энэ өдөр тэрээр боолчлолыг халж буйгаа зарлан бүх мужуудад боолчлолыг устгасан тунхаглал нь Америкийн бүх хэвлэлд нийтлэгдэж байлаа. 1862 оны арванхоёрдугаар сарын 30-нд ерөнхийлөгч “Боолчуудыг  чөлөөлсөн тухай тунхаг хуудсанд” гарын үсгээ зургаад тэр нь шинэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)