“Ногоон зээлийн сан”-д 60 сая ам.доллар төсөвлөнө

Х.Дэлгэрэх


Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монголын банкны холбоо хамтран Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форумыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн форумаар ногоон санхүүжилтийн талаарх асуудлыг голчлон хэлэлцэж байгаа бөгөөд БОАЖЯ, МБХ, Сангийн яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагууд нэгдэн байгальд ээлтэй эдийн засгийг дэмжих, бий болгохоор “Монгол Улсын ногоон зээлийн сан”-г байгууллаа. Тус санг байгуулах талаар 2015 оны тогтвортой санхүүжилтийн форумын үеэр яригдаж эхэлсэн бөгөөд ийнхүү ажил хэрэг болж байна. Сангийн санхүүжилтээр эхний ээлжинд 60 сая ам.доллар төсөвлөх бөгөөд дараах гурван төрлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

 -Гэр хорооллын бүсийг иргэдийн агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдлийн хөнгөлөлттэй зээл олгох,

-Байгальд ээлтэй шинэ тутам технологи бүхий байгууламжийн барилгын ажилд хөнгөлөлттэй зээл олгох,

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаан хэрэглэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажлыг дэмжин санхүүжүүлэх аж.

Форумын үеэр БОАЖ-ын сайд үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Ногоон сангийн эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж,  дээр нь  Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийтдээ 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаад баяртай байна. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын илрэл юм” гэв.

Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форумд зочноор оролцож буй НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхаймаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар шийдэмгийгээр томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байгааг харж байна. Ингэхдээ НҮБ-тай хамтран ажиллах санал тавьсныг бид баяртайгаар хүлээн авсан. Үүний хажуугаар Улаанбаатар хотын гол асуудал болсон агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ногоон эдийн засгийг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Ингэснээр эерэг өөрчлөлт авч ирж, амжилттай хэрэгжинэ гэж харж байна.

-Ногоон эдийн засгийг хөгжүүлэхээр хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн талаар юу хэлэх вэ?

-Засгийн газар болон аж ахуй нэгжүүд хамтран эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд үүнийг хийх шаардлагатай харагдаж байна. НҮБ-аас энэ ажлыг дэмжин тенхик технологийн шийдлийг нэвтрүүлэхэд бэлэн байна. Мөн бид эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт хийх шаардлага хэрэгцээ их байна. Нүүрснээс эрчим хүч гаргаж авдагтай адилхан нарнаас эрчим хүч гарган авах талаар их яригдах болсон энэ үед агаарын бохирдол ихтэй Монгол Улс энэхүү шийдллийг эх орондоо нэвтрүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах боломж байх болно. Нөгөөтээгүүр хамгийн том асуудал нь байгаль орчны асуудал болж байна. Тиймээс ногоон орчинг нэмэгдүүлж байгаль орчинг сүйтгэхгүй байхыг анхаарч автомашиныг цахилгаанжуулах технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол Улс ногоон байдлыг хадгалахад эерэг нөлөө бүхий үйл ажиллагаа хийх нь чухал.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)