“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2017” болж байна

Eagle.mn


Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2017” арга хэмжээ Шангри Ла зочид буудалд эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ жилийн форум “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож, ногоон санхүүжилтийн асуудлыг хөндөж ярилцах юм байна.

Тодруулбал уг форумаар тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг боловсруулах, ТоС-ийн талаарх бодлого, хууль журмын зохицуулалт, банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, Ногоон зээлийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд боловсруулсан төслүүдийг боломжит хөрөнгө оруулагч нарт танилцуулах, оролцогч талуудын үүрэг оролцоог баталгаажуулах, Ногоон төсөл бэлдэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зэрэг гол сэдвүүдийн хүрээнд санал солилцох юм. Энэ жилийн хувьд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форумд 350 гаруй өндөр түвшний гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцох аж.

Тэгвэл тогтвортой санхүүжилт гэж юу вэ?

Тогтвортой хөгжлийн тогтолцооны суурийг бэхжүүлэх, хэрэгжилтийг хурдасгахад санхүүгийн хөшүүрэг чухал нөлөөтэй учир банк, санхүүгийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалаар дамжуулан улс орныхоо зөв хөгжлийн явцад хувь нэмрээ оруулах боломжтой байдаг. Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай ойлголт юм. Иймээс гадаадын олон улс тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж, тэдгээрийг хөрөнгө оруулалт, зээл, санхүүгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр

Монгол улсын банкууд улс орныхоо эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй салбарын төлөөлөл болохын хувьд банк, санхүүгийн системд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийн дагуу Монголын Банкны Холбоогоор ахлуулсан, нийт банкууд, Монголбанк, БОНХАЖЯ болон СЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон салбарын удирдамжууд (уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр)-ыг боловсруулсан бөгөөд нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн 8 зарчим

Зарчим 1 | Байгаль орчноо хамгаалах

Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй, шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

Зарчим 2 | Хүний эрх, нийгмийг хамгаалах

Бид хүний эрхийг хүндэтгэж, хөдөлмөрийн стандартыг мөрдөнө. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Зарчим 3 | Соёлын өвийг хамгаалах

Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана.

Зарчим 4 |”Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих

Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Зарчим 5 | Санхүүгийн хүртээмжийг дэмжих

Бид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.

Зарчим 6 | Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана.

Зарчим 7 | Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

Зарчим 8 | Манлайлан үлгэрлэх

Бид харилцагчиддаа тавьж буй шаардлагыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, салбарын хувьд Монгол Улсыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд эерэг хөгжилд чиглүүлэн ажиллана.

ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж эхэлснээс хойш ямар ажлууд хийгдэв?

Монгол Улсад тулгамдаж буй байгаль орчин, нийгмийн асуудлыг банкны салбар дангаар, нэг дор шийдвэрлэх боломжгүй тул ТоС-ийн зарчмуудыг үр дүнтэй, шат дараалалтайгаар хэрэгжүүлэхийг зорин банкууд “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-т гарын үсэг зуран,эхний ээлжинд хэд хэдэн тодорхой ажлыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Юуны түрүүнд банкууд өөрсдийн тогтвортой санхүүжилтийн бодлого, журам, хариуцсан бүтэц орон тоог батлахаас гадна, банкны ажилтнуудад тогтвортой санхүүжилтийн чадавхи бүрдүүлэх сургалт, уулзалтууд болон харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудад чиглэсэн мэдээллийн ажлуудыг өргөнөөр зохион байгуулж байна. Түүнчлэн ТоС-ийн 8 зарчмын нэг болох “Санхүүгийн хүртээмжийг дэмжих зарчим”-ыг нэн тэргүүнд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор АТМ болон цахим хуудсыг харааны бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй үйлчлэх болон эдгээр иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх асуудалд илүү анхаарал хандуулан энэ талаарх сургалтыг теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад шат дараатайгаар зохион байгуулж байна.

Цаашлаад ТоС-ийн гол зарчим болох “Байгаль орчноо хамгаалах зарчим”-ын хүрээнд ТоС-ийн гишүүн банкууд зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, мөн уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад чиглэсэн тусгай шаардлагуудыг тавьдаг болох гэж байна. Ингэхдээ мэдээж тухайн бизнесээ аль болох дэмжих, зөвлөгөө өгөх, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг эрэлхийлэн хамтран ажиллана.

Банкууд харилцагчийн эрсдэлийг тооцоолохоос гадна өөрсдөө нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор “Үлгэрлэн манлайлах зарчим”-ыг баримталж, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулах санал санаачлагуудыг төрөл бүрээр хэрэгжүүлж, “Банкны төгөл” мод тарих аян, “ТоС 7 Хоног” зэрэг олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн зохион байгууллаа.

Банкууд үүний ижил байгаль орчин, нийгэмд ээлтэй олон санаачлага, үйл ажиллагааг цаашид ээлж дараатай зохион байгуулах бөгөөд бодлого тодорхойлогчид, бусад бизнесийн салбарууд, олон нийт, иргэдтэй хамтран ажиллаж бодлого, чиглэлүүдээ уялдуулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Банкны захирлууд өөрсдөө эхлээд шинэчлэгдэх ёстой

    0 0 Хариу бичих