Д.Дорлигжав: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл байгаа оносонгүй

Eagle.mn


“Ийгл ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг  урин улс төр, цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Засгийн газар огцорсон нөхцөл байдлыг та юу гэж үзэж байна. 65 суудалтай эрх баригч хүчин гарч ирээд дотроо нэлээд бужигнаж байгаад огцорлоо?

-Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас аваад үзэхэд Засгийн газар огцрох нь дээр болсон. Яагаад болсон гэж байгаа гэхээр хэрвээ Засгийн газар ямар нэгэн байдлаар аргалаад үлдсэн бол цаашаа улс төрийн их хүнд нөхцөл байдал үүснэ. Учир нь, нөгөө цөөнх болсон тал Засгийн газрын асуудлыг УИХ дээр явуулахаа байчихна. Тэгээд хоорондын ил далд тэмцэл өрнөөд улс орон маань тодорхойгүй улс төрийн хүнд нөхцөл байдал ужиграад явах байсан. Тиймээс нэгэнт үүсэн нөхцөл байдал дээр Засгийн газраа солиод дараагийн хувилбарыг гаргах нь зөв байсан байх. Бүхэлдээ Засгийн газар огцрох нь зөв үү, буруу юу гэдэг асуудал байдаг. Мэдээж хэрэг тогтвортой байдал хэрэгтэй гэдэг бол ерөнхий зүйл. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас аваад үзэхэд огцрохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

-Өмнөх бүрэн эрхийн хугацаанд парламент олон намын төлөөллөөс бүрдсэн. Засгийн газар ч гэсэн олон намын төлөөллийг оролцуулсан байсан. Тухайн үед эвслийн Засгийн газар, олонхгүй парламент байхаар улс төрийн тогтворгүй байдал бий болдог юм байна гэж нэлээд ярьж байлаа.  Дараа нь нэг нам үнэмлэхүй олонхи болоод одоо л тогтвортой байдал бий болох нь дээ гэж олон хүн харж байсан боловч дахиад л Засгийн газар огцорлоо. Асуудлын гол учир шалтгаан парламентын бүтэцдээ ч биш юм шиг байна. Асуудлын гол учир зангилаа болсон цаад зүйл нь юу гэж та бодож байна?

-Би өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн марафонд явж байх үеэс эхлээд л үүнийг ярьсан. АН дангаараа засаглаж үзсэн. МАН-тай хамтарч Засгийн газар байгуулж үзсэн. Одоо МАН дангаараа 65 суудал авлаа. Дахиад л дотроо хагардаг бутардаг зүйл үргэлжлээд байна. Үүнд зарим талаар хүмүүс буруу дүгнэлт хийж байна лээ. УИХ-д дандаа л үл бүтэх, болохгүй муу хүмүүс цугласан юм байна гэж ярих гээд байгаа. Үүнд сайн, муу тал аль аль нь байгаа юм. Улс төрийн энэ тэмцэл дунд өөрийн байр суурийг товойлгох, санасандаа хүрэх гэсэн хүн сайн, муу бүх аргыг хэрэглэж байгаа.

Хүн муу аргуудаа хэрэглээд зорьсондоо хүрч болох боломжийг манай тогтолцоо нээж өгсөн. Тиймээс хэн нэг нь олонхи болоод ч болж өгдөггүй, нийлээд ч болж өгдөггүй, гайгүй юм уу гээд сонгоод гараад ирсэн хүмүүс нь хамгийн муу юм шиг харагдаад байдаг.

Уг чанартаа төрийн тогтолцооны мөн чанар бол энэ хүмүүс муу арга гаргаж улс төр явуулахыг хааж, хязгаарласан тогтолцоо байх ёстой юм. Түүнээс биш ертөнцөд бурхан багш шиг сайн хүнийг хайж сонгоно гэдэг бол болохгүй.  Аль ч улс оронд янз бүрийн л хүмүүс сонгогдсон байдаг. Дуучин, биеэ үнэлэгч хүртэл сонгогдсон байдаг. Тийм тогтолцоотой газар яагаад голдирлоороо зөв яваад байдаг юм бэ гэхээр тэр хүмүүсийн өөрийнхөө хувийн арга араншинг гаргах боломжийг олгодоггүй тогтолцоотой холбоотой юм. Манайх үүнийгээ эргэж харахгүй л бол энэ тойргоос гарч чадахгүй. Энэ бол сургамж гэж бид үзэх ёстой. Түүнээс биш МАН 65-уулаа байж Засгийн газраа огцрууллаа гээд баярлаад байх зүйл биш. 65-уулаа болдоггүй, хамтраад болдоггүй, нөгөө нам нь гараад болдоггүй гэдэг чинь цаанаа нэг юм хэлж байгаа юм.

-Яг энэ асуудлыг 2007 онд АТГ дөнгөж байгуулагдаж байхад одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Магнай нар иргэний хөдөлгөөний дуу хоолой болон гудамжинд тэмцэж байхдаа ярьдаг байсан. 10 жилийн дараа өнөөдөр та бид хоёр яг энэ асуудлыг яриад сууж байна. Үүнийг яриад мэдрээд хараад байгаа мөртлөө яагаад хийхгүй байна вэ. Одоо цаг үеийн нөхцөл байдлыг аваад үзэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл яригдаж байна. Энэ бол тогтолцоон дээр нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулъя гэдэг санаа. Гэхдээ сонгодог парламентын загвар руугаа илүү дөхье, Ерөнхий  сайдын эрх мэдлээ нэмье гэдэг зүйл явж байх шиг байна. Та бол өөр санал дэвшүүлж байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байсан. Одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр хувьдаа ямар бодолтой байна. Хэлэлцүүлгүүдийг анхааралтай ажиглаж байгаа байх?

-Ажиглаж байгаа. УИХ-ын ажлын хэсгээс хэлэлцүүлээд байгаа төсөл бол үнэндээ ямар ч шаардлага хангахгүй төсөл. Би хүмүүсийн хийж хичээж чармайж байгаа зүйлийг үгүйсгэж байгаа юм биш. Үүнийг энгийн хүмүүст ойлгогдохоор ярихад УИХ-д сонгогдож, нэг нам олонхи болон гарч ирээд нэг бодлого гаргаж ирж байна. Жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тэр Ерөнхийлөгч бас нэг хөтөлбөр дэвшүүлээд ялаад гараад ирлээ. Тэгэхээр энэ Ерөнхийлөгч өөрийнхөө бодлого, хийе гэсэн зүйлээ тавихаар Засгийн газар, УИХ хүлээж авахгүй  байх тохиолдол зөндөө байдаг. Үүнээс болоод Монголын Ерөнхийлөгч нарт хоёр хувь тавилан оногддог. Нэгдүгээрт, тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Түүнээс болоод нам хагалах, засаг огцруулагч гэх мэт. Эсвэл тухайн УИХ, Засгийн газрын аяыг хараад юу ч хийхгүй суугаад байдаг хүн болж хувирдаг. Энэ чинь манай тогтолцоог хоорондоо зөрчилтэй, хоёр толгойтой болгоод байгаа зүйл. Миний ажигласнаар 20 гаран жил Монголын төр засгийн явсан замналыг хараад байхаар Ерөнхийлөгчийн засаглал гэж буруу томьёолж яриад байгаа. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа байгуулаад түүнийг бодлого чиглэлээр нь удирдаад явах ёстой. Гүйцэтгэх засаглалаа Ерөнхийлөгч тэргүүлье гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр толгойг нэг тийш нь болгоё гэж байгаа юм. Нөгөө талд хүмүүс Ерөнхий сайдад түлхүү эрх өгөөд Ерөнхий сайдаар толгойлуулсан сонгодог засаглалтай больё гэж байна. Энэ зарчмын хувьд аль нь ч байж болох талтай. Миний бодлоор Ерөнхийлөгчийн толгойлсон Засгийн газар гэдэг бол давуу тал их бий.

Одоо явж байгаа төслийг яагаад би болохгүй байна гэж яриад байна гэхээр энэ үүсээд байгаа төрийн амьдралд болоод байгаа зүйлийг шийдэж чадахгүй байгаа юм. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө шууд томилдог болгоно гэж байгаа. Тэгж болно. Ерөнхий сайд хүссэн хүсээгүй УИХ-аас томилогдоно. УИХ-д ажлаа тайлагнана. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулна гээд хэдэн гишүүд гарын үсэг зураад олонхиороо Засгийн газар унагах боломж нэг талаас хэвээр хадгалагдаж байгаа. Нөгөө талаасаа Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдож гарч ирээд Засгийн газар УИХ-тай зөрчилд орох энэ хоёр асуудлыг шийдээгүй байгаа. Тиймээс одоо яваад байгаа төсөл мөн чанараа нарийн судлаад яг хаана асуудал нь байна, яаж шийдэх үү гэдгийг олж харж чадаагүй. Нөгөө талаас энэ хоёр эрх мэдлийг бүрэн нэг тийш нь болгож чадахгүй байгаа. Хэрвээ сонгодог парламентын засаглалтай болъё гэвэл Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог биш тусгай хөтөлбөр дэвшүүлдэг биш парламентаас сонгоод явдаг байх ёстой. Эсвэл Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож гарч ирээд гүйцэтгэх засаглалаа байгуулаад хууль, бодлого хэрэгжүүлэх асуудлаа хэнтэй ч хариуцлага хуваалцахгүй өөрөө хариуцаад явах зүйлийн аль нэг хувилбарыг сонгох ёстой.

Сая Засгийн газар огцруулж байгаа асуудал одоогийн Үндсэн хуулийн зарчмаас хазайсан хэлбэрээр явсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хариуцлага тооцоод байгаа юм уу эсвэл бодлогын алдаатай үйл ажиллагаа явуулсан учраас шаардлагагүй гээд огцруулж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Гадаадын хэвлэл мэдээлэл ч бичээд байна. Монголд бодлогын өөрчлөлт шинэ Засгийн газраа дагаад гарах уу, үгүй юу гэдэг асуудал их яригдаж байна. Хэрвээ нэг намынхан олонхи болоод Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа Засгийн газар нь бодлогын хувьд алдаа гаргасан, хийх ёстой ажлаа хийгээгүй тохиолдолд Засгийн газар огцруулах асуудал яригдсан бол Ерөнхий сайд Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хурааж өгөөч ээ гэж УИХ-д хүсэлт тавих ёстой. Энэ нь Үндсэн хуульд байдаг заалт. Ингээд огцруулах юм бол дараагийн Засгийн газарт бодлогын том өөрчлөлт хийх юм байна гэж дүгнэлт хийх ёстой. Засгийн газартай хариуцлага тооцно гэх юм бол ёс зүй болон хууль зүйн алдаа гаргасан эсвэл ажлаа хийж чадахгүй байна гэж үзээд хариуцлага тооцоод огцруулна гэх юм бол Засгийн газрыг солих гэж байгаа юм байна, бодлогын том өөрчлөлт явахгүй юм байна гэдэг дүгнэлт хийх ёстой.

Төрийн үйл ажиллагааг ямар зарчим тавиад шийдэх гээд байгаа нь ойлгогдохгүй холион бантан хийж байгаа юм. Тэгэхээр одоогийн байгаа хуулийн хүрээнд асуудлаа зөв тавиад шийдэж чадахгүй болчхоод байна.

-Дараагийн Засгийн газар нь бодлогын өөрчлөлт хийх юм уу, эсвэл бодлогын өөрчлөлт гарахгүйгээр солигдоод явуулах юм уу гэдэг нь тодорхой бус байна. Яг энэ асуудлыг олон улсын хэвлэл бичиж, бизнесийн хүрээнийхэн хүлээлттэй байна. Одоо яах вэ?

-Үндсэн хуулиа болохгүй байна гээд бид өөрчлөх асуудлыг ярьдаг. Гэхдээ 100 хувь Үндсэн хуулиас болоогүй гэдэг нь эндээс харагдаж байгаа. Одоо байгаа Үндсэн хуулийн зарчмаар аваад үзэх юм бол өөрийнх нь олонхи болоод байгуулсан Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэсэн өөрсдийнх нь лидерээр удирдуулсан Засгийн газартаа асуудал хоёр янзаар л тавигдах ёстой. Бодлогын алдаатай байна, хий гэсэн асуудлыг хийж чадахгүй байна гэвэл Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал тавигдах ёстой. Эсвэл ёс зүйгүй, хууль зөрчсөн, хариуцлагагүй байна гэх юм бол хариуцлага тооцох л асуудал байх ёстой. Үүний цаана улс төрийн бодлогын өөрчлөлт гарах уу, үгүй юү гэдэг асуудал л яригдаж байх ёстой. Энэ бол манай хуулиар зохицуулсан асуудал.

Хуулийг ойлгож, яг хуулийн дагуу асуудал тавих зүйл алга болчихоод байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр бол Ерөнхийлөгчийн хууль санаачилдаг эрх, Засгийн газарт чиглэл өгдөг эрх бүгдээрээ байхгүй болох юм билээ. Ингээд аваад үзэхээр Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг рүүгээ орох уу. Дараа нь сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөр дэвшүүлэн түүнийгээ хэрэгжүүлэх гэж явдаг байдал арилах юм байна гэж ойлгосон.

-Арилахгүй шүү дээ.

-Та болохоор өөр зүйл яриад байгаа?

-Би биш. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгоно гэж байгаа. Тиймээс ард түмнээс сонгохын тулд би юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ. Сонгогдоод гарч ирээд түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн чинь одоо байгаагаас нэлээд хэдэн хэсэг нь хасагдчихаар яах юм бэ. Яаж энэ хүн ард түмнээс дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм бэ. Гэтэл нөгөө талд нь жилийн өмнө сонгогдоод мөрийн хөтөлбөр батлуулчихсан Засгийн газар үүнийгээ хийнэ гэнэ. Ерөнхийлөгч нэг зүйл ярина. Тэгээд энэ бүхнээ хэрэгжүүлэх гэхээр зөрчил үүсч байна. Энэ зөрчлийг хараад нэг тийш нь болгох ёстой.

-Та Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дээр энэ саналаа хэлсэн үү?

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гээд энд тэнд явж байна гэж телевизээр ярих юм. Ямар ч төвшинд яваад байгаа юм би сайн анзаарахгүй байна. Голдуу хэдэн захиргааны төрийн албан хаагчид оролцож байх шиг байна. Тэр нь хамаагүй. Хамгийн гол нь асуудлаа зөв тавьж хүмүүст хэлэлцүүлэх ёстой. Энэ хүмүүс чинь төрийн тогтолцооны утга учрыг ойлгохгүй байна шүү дээ. Хүмүүсийн ярьж байгааг уншаад байхад зөв л юм шиг. Гэтэл цаана нь төрд байгаа гол зөрчлөө шийдэж чадаж байна уу гэдгийг төр эрх зүйн үүднээс үндэслээд хараад дүгнэлт хийж байгаа хүн үүнд хэд байгаа юм бэ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр та нэмэх саналтай байна гэсэн үг үү. Яаж засах вэ, шийдэл нь юу вэ?

-Эхний ээлжид хоёр мөрийн хөтөлбөрийг зэрэг сонгож хооронд нь мөргөлдүүлдгийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Миний санал болгоод байгаа зүйл бол Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож гарч ирээд Засгийн газраа толгойлоод явъя. Ерөнхийлөгч толгойлдог улс оронд түүнийг хянадаг ардчилсан төрийн механизмууд байхад түүнийг манайхан ерөөсөө олж харахыг хүсэхгүй байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. yamarch hunees ug sonsohod iluudne gej baidaggui huniig uguisgeh c shig amarhan zuil gej ugui

    0 0 Хариу бичих
  2. энэ ч гэсэндээ бас нэг үл бүтэх нөхөр даа

    0 0 Хариу бичих
  3. odoo ene metiin humuus bolimoor um.

    0 0 Хариу бичих
  4. За Дорлиг минь ний нуугүй хэлэхэд хийх цагтаа юу хийв юу ч хийгээгүй тэхээр одоо дуугай бай даа

    0 0 Хариу бичих
  5. yes

    0 0 Хариу бичих
  6. huuli zuin said baihad ni huuliiin tosol oruulj baisan yostou huvia hicheesen chadvargui hun gevel zui yosniii hun ene mon

    0 0 Хариу бичих