Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны IV цахилгаан станцын хашаан доторх под станцад гал гарсан талаар бид мэдээлсэн.  Тодруулбал, “ТЭЦ-4-ийн хашаанд под станц шатаж байна“ гэсэн дуудлага 12:21 цагт ирснээр НОБГ-ын таван анги ажиллаж байгаа юм.

Энэ талаар “ТЭЦ-4” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарч гал гарсан. Гэхдээ онцгойгийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авсаны хүчинд галыг тархуулалгүйгээр бүрэн унтрааж чадсан. Одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэв.