Кристиан Штренгер: Сайн засаглал монголчуудын цусанд бий

А.Санчир


Германы нэрт засаглал судлаач, профессор Кристиан Штренгер манай улсад ирж сайн засаглал, компанийн засаглалын талаар уулзалт, ярилцлага хийж, лекц уншаад буцав. Ноён Штренгэр Компанийн засаглалын асуудлаархи Германы Засгийн газрын комиссын гишүүнээр 2001-2016 оны хооронд ажилласан бөгөөд  Лейпцигийн их сургуулийн менежментийн их сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Мөн Германы хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох “Deutsche Asset Management Investment”-ийн менежерээр ажиллаж байсан аж. Компанийн засаглалын талаар түүний хэлсэн үгнүүд дараахь гол санаануудад зангидагдаж байлаа.

-Монголчууд том  эзэнт гүрэн байгуулсан гайхамшигт түүхтэй ард түмэн. Ийм хүчирхэг байсны үндэс нь сайн засаглал.

-Өнөөгийн монголчуудад маш их нөөц, бололцоо, давуу талууд байна.  

-Сайн засаглал монголчуудын цусанд бий.

-Сайн засаглал гэдэг ил тод, шударга, хараат бус байдлыг хэлнэ.  

-Монголчуудын хувьд сайн засаглалын талаар ярих цаг дууссан. Одоо ажил хэрэг болгох л үлдсэн.

-Монгол Улс сайн засаглал, компанийн засаглалын асуудлаар үндэсний хэмжээний think tank буюу бодлогын судалгааны төв байгууллага байгуулах хэрэгтэй.

-Сайн засаглалын түлхүүр үг нь ил тод байдал.

-Нээлттэй зүйл ямагт хариуцлага дагуулдаг.

-Монголын компаниуд тайлангаа англи хэл дээр хийхгүй бол хөрөнгө оруулагчид сонирхохгүй.

-Компанийн засаглалыг амьдралд хэрэгжүүлэхгүй бол онол төдий л болж үлдэнэ.

-Компанийн ТУЗ-ийн гишүүд байнгын ажиллагаатай биш. Тиймээс төлөвлөгөө батлах, санал оруулах төвшинд л ажилладаг. ТУЗ-ийн гишүүдийг байнгын, үндсэн орон тоогоор ажиллуулж болох уу?

-Мэдээж компанийн ТУЗ-ийн гишүүд өндөр чадвартай, бас ажилдаа цагаа бүрэн зарцуулдаг байх хэрэгтэй. Оюун ухааны хувьд бие даасан, өндөр ёс зүйтэй байх ёстой. Тэд ТУЗ-ийн гишүүний ажилдаа нэг сар, гурван сарыг зарцуулах нь чухал биш. Чадамж нь л чухал. Шийдвэр гаргах уулзалтаас өмнө ТУЗ-ийн гишүүдэд хангалттай цаг өгч, тэднийг мэдээллээр хангах ёстой. Мөн мэргэжлийн хүнийг авчирч уулзуулж, тэднээс асуулт тавих, тодруулга хийх боломжоор хангах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улс орнуудад компанийн ТУЗ-ийн гишүүд хангалттай ажиллахгүй бол хариуцлага хүлээлгэдэг. Мөн хэвлэл мэдээлэл их чухал үүрэгтэй байдаг. Хэвлэл мэдээллээр гарна гэдэг компанийн удирдлагуудын нэр хүндтэй холбоотой асуудал.

-Монголд мэдээлэл, харилцаа холбоо, банк зэрэг салбаруудад компанийн сайн засаглал нэвтэрсэн. Хувийн хэвшлийн томоохон компаниудын удирдлагын хувьд тэдний хоёр дахь үе нь гарч ирээд байна. Гэр бүлийн эзэмшлийн компанид сайн засаглалыг хэрхэн төлөвшүүлэх вэ?

-Гэр бүлийн эзэмшлийн компанид ил тод байдлыг дээд зэргээр хангах хэрэгтэй. ТУЗ-ийн гишүүддээ ч гэсэн ил тод шалгуур, зарчим тавих ёстой. Би энэ гэр бүлийн  гишүүн тул давуу эрхтэй гэдэг зарчмыг халах хэрэгтэй. Би 15 жилийн өмнө Бээжинд очиход тэндэхийн компаниудын ТУЗ нь бие даасан  захирлуудтай болж чадсан байсан. Гэхдээ ТУЗ-ийн гишүүдээ унадаг дугуй өгөөд тэр дугуйгаараа хуралдаа ир гэдэг гэж байсан. Тэр бол зохисгүй. Тэднийг компанийн удирдагч байх хэмжээнд урамшуулах хэрэгтэй.

-Монголын хувьд төрийн өмчит компаниудад шийдэгдээгүй, адармаатай асуудлууд их байдаг. ТУЗ-ийн гишүүдэд нь шууд албан тушаал заагаад л, квотоор хүмүүс ороод ирдэг. Энэ мэтээс болоод төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаг. Ийм компаниудын худалдан авалт мөн ойлгомжгүй байх нь бий. Үүнийг олон улсын жишгээр хэрхэн шийдэх вэ?

-Хамгийн оновчтой шийдэл бол төрийн өмчит компаниудын захирлууд өндөр ур чадвартай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэднийг улс төрийн шийдвэрээр томилоод байвал ажил урагш явахгүй. Улстөрчид бол хэзээд өөрсдийн төлөөллийг төрийн өмчит компанийн ТУЗ-д оруулах гэж зүтгэнэ. Германд ч ийм жишээ байдаг. Төрийн өмчит компанийн ТУЗ-д улс төрийн томилгоотой хүмүүсийн тоог хязгаарлах, төрийн албаны, мэргэшсэн, тогтвортой ажиллах хүмүүсийн ажиллах нөхцөлийг хангах нь зөв. Улстөрчид орж ирлээ ч зөв хүмүүсийг оруулах хэрэгтэй. Мэдээж зөв хүнийг олох хэцүү. ТУЗ нь төрийн өмчит компанийг урт удаан хугацаанд удирдан чиглүүлдэг. Тиймээс тэнд хамгийн чадвартай, өндөр ёс зүйтэй хүмүүс л ажиллах ёстой.

-Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулахын тулд тодорхой хувийг нь үнэт цаасны зах зээлд гаргаж болох уу. Ингэснээр ил тод байдал нь сайжрах уу?

-Надад энэ шийдэл сайхан санагдаж байна. Гэхдээ ингэснээр бүх юм сайхан болохгүй. Төрийн өмчийг завшиж амташсан хүмүүс тэр зүйлээ хийнэ. Танай мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хувьчлал төгс сайхан болоогүй юм байна. Хувьцаа  тараасан нь амжилттай болоогүй юм байна. Том компаниудыг цаашид хөрөнгийн биржид гаргаж, улс  төрийн нөлөөг  хумих хэрэгтэй. Төрийн өмчит компани бол урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байж ашиг олно. Ингэхийн тулд ирээдүйд чиглэсэн алсын хараа чухал. Тэднийг хувьчилснаар бүх юм сайн сайхан болохгүй.

-Германд Компанийн засаглалын кодекс гэж байдаг. Монголд ч гэсэн ийм кодекс бий. Үүнийг компаниуд хэрхэн мөрдөх ёстой вэ?

-Танай Үндэсний хөгжлийн газар үүнийг анхаарах нь зүйтэй. Компанийн засаглалын кодексыг олон улсын жишгийг дагаж боловсруулсан гэж би сонссон. Энэ бол сайн дураар дагаж мөрдөх баримт бичиг. Гэхдээ сайн дурынх гээд дагаж мөрдөхгүй бол ямар хэрэг байх вэ. Германд Компанийн засаглалын кодексыг хэрхэн дагаж мөрддөг вэ гэвэл тухайн компаниуд кодексыг хэрхэн мөрдөж байгаа талаараа цахим хуудсандаа тавих ёстой байдаг. Төрийн болон хувийн хэвшлийн бүх компани кодексыг хэрхэн яаж хэрэгжүүлж байгаагаа тайлагнах үүрэгтэй байдаг. Ер нь засаглал гэдэг бол хэрэгжилт, мөрдөлт юм.

-Та Монголын компаниудад, бизнесийнхэнд компанийн сайн засаглалын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний өгөх зөвлөгөө бараг бүгд дээрх хариултуудад шингэсэн байна. Нэмж хэлэхэд Компанийн засаглалын эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх хэрэгтэй байх. Мөн гэр бүлийн компаниудын эзэн хэн бэ гэдгээ ил тод болгох. Танай Монгол Улсад Компанийн засаглалын төв гэж байгууллага байдаг юм билээ. Дахин шинэ бүтэц бий болгохын оронд тэр байгууллагаа ашиглах хэрэгтэй. Мөн компанийн засаглал, сайн засаглалын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Засаглалыг кодексыг гаргасан гэлээ. Тэрийгээ мөрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Компаниуд нь англи хэл дээр тайлангаа гаргаж байвал сайн. Засаглалын мониторинг score code буюу онооны системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хууль дүрмийг мөрдүүлж, хэрэгжилт нь муу бол хариуцлага тооцож байж засаглал сайжирна. Зөрчил гаргасан л бол тэр хүн зүгээр өнгөрөх ёсгүй. Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж, компаниудад банкууд зээл өгөхдөө компанийн засаглалыг хангасан эсэх шалгуур тавих хэрэгтэй. Хамгийн гол нь компанийн засаглал, сайн засаглалын асуудлаар судалгаа хийдэг үндэсний хэмжээний think tank байгууллага байгуулах нь зөв. Ерөнхийлөгч нь түүнийг дэмждэг байх хэрэгтэй. Тэр think tank байгууллагадаа оюуны өндөр чадавхитай, мэдлэг, чадвартай хүмүүсийг ажиллуулах нь зөв. Эцэст нь хэлэхэд сайн засаглал, компанийн засаглал бол улс орны хөгжлийн үндэс юм шүү. Монголчуудын хувьд сайн засаглалын талаар хангалттай ярьсан. Одоо ажил хэрэг болгох хэрэгтэй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ok

    0 0 Хариу бичих