Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд 300 мянган иргэн саналаа өгчээ

С.Бүжин


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг орон даяар явуулж байгаа. Энэ хүрээнд 63 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, 12797 иргэнийг хамруулжээ. УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэ ажлын явцтай өнөөдөр танилцсан юм. Тэрээр “Хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн иргэд төрийн өндөр албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах, төрийг төр шиг болгож, намыг нам шиг ажиллуулах, төрийн өндөр албан тушаалтны хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Иргэд, олон нийтийн саналыг программд оруулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, хуульч, судлаач, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, боловсруулах ажлыг эхлүүлнэ. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, УИХ-аар хэлэлцүүлнэ” гэлээ.

Иргэдийн саналыг нэгдсэн сервэрт хадгалах, ангилах тусгай программыг УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс боловсруулсан байна. Энэ программд мэдээллийг шивж оруулж эхэлсэн бөгөөд УИХ-ын Тамгын газрын 110 ажилтан камерын хяналттайгаар гүйцэтгэж байгаа гэсэн. Иргэдийн саналыг нэгтгэж, шивэх ажлыг есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.

Дашрамд, орон даяар зохион байгуулсан хэлэлцүүлэгтэй хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан багц асуудлаар иргэдээс санал авчээ. Ингэхдээ улсын хэмжээнд 250 орчим мянган иргэний саналыг цаасаар хүлээж авсан байна. Үүнээс гадна шуудан, цахим хуудсаар санал авсан бөгөөд нийт 300,000 орчим хүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд саналаа өгчээ.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)