Хөдөө аралд “Адуутай намар" боллоо

А.Санчир


 

Түүхэнд мөнхөрсөн алдарт тал Хэрлэнгийн Хөдөө арал, мянган бууцат Хэрлэнбаян-Улааны уулс, Долоод, Шилхэнцэг, Хэрлэн тооно хайрхан гээд “Монголын нууц товчоо” зохиогдсон түүхт сайхан нутагт Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан зохион байгуулсан “Адуутай намар” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. 

Эзэн богд Чингис хаан болон түүний залгамж хаадын үед ч Монголын таван төрөл мал дотроос адуун сүргийг онцгойлон ахуй амьдрал, аян дайн, стратегийн ач холбогдол өндөртэйд тооцож иржээ. Адууны яам хүртэл байгуулж байсан нь дэлхийн талыг эзлэхэд адууны гүйцэтгэсэн үүрэг ямархан их байсныг тодорхойлно. Монголчууд гурван сая гаруй адуутай ард түмэн. Дэлхийд 250 гаруй үүлдрийн 60 орчим сая адуу байдаг бөгөөд манай улс адууны тоогоороо тавдугаарт бичигддэг. Тиймээс ч дуран авайгаараа өвч “зэвсэглэсэн” гэрэл зурагчид хамтран энэ аугаа соёлоо залуус хүүхдүүддээ төдийгүй монголчууддаа, улмаар дэлхийд таниулахад өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар зорьсон нь энэ ажээ.

Монгол адууны араншин, онцлог харуулсан бүтээл гаргахаар тэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө арлыг зорин очсон нь энэ. Уг гэрэл зургийн ялалд нийт 30 гаруй мэргэжлийн гэрэл зурагчин ,адууны гэрэл зураг  сонирхогч залуус оролцжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гэрэл зурагчин С.Цацралт гэрэл зурагчдадаа хандан адуун зургийг хэрхэн авах талаар өөрийн зөвлөгөөг өгснөөр аялал эхэлсэн байна. Гэрэл зурагчдыг “World Learning” ТТБ-ийн захирал Я.Ариунбаатар хүлээн авч газар орноо танилцуулан, ойролцоох Долоод багийн адуучин айлд дөрөө мултлуулжээ.

Хэрлэн голын хөвөөнд намаржих малчин Г.Лхагважав, Г.Цэгмид нар ах дүүсийн нийлсэн мянга шахуу адуу бөөгнүүлэн хураасан дэнжид гэрэл зурагчид бүтэн өдөржин саатаж, адууны тоосонд орж, ардаг тарган, эмнэг хангал хүлгүүд хийгээд хурдан хурц хүлгүүдээ адуулж маллаж буй эрэмгий дайчин адуучидтай нь хамт сүүдэрлэжээ.

Уг гэрэл зургийн аялалд Өвөр Монгоын гэрэл зурагчид оролцсон нь арга хэмжээг илүү сонирхолтой, илүү бүтээлч болгосон байна. ӨМӨЗО-ы гэрэл зургийн  холбооны гишүүн, Шилийн гол аймгийн адууны нийгэмлэгийн тэргүүн Алтанбуян, Баруун үзэмчин хошууны гэрэл зургийн холбооны дарга Соёлт, Хөх хотын гэрэл зурагчин Болд, Зүүн сөнөд хошууны гэрэл зурагчин Цэнгэлбаяр нарын зургаан уран бүтээлч энэхүү гэрэл зургийн аялалд оролцжээ. Мөн орон нутгаас Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудаас гэрэл зурагчид ирж хотын зурагчиддаа бүл, хүч нэмсэн байна.  

Энэ үеэр Хэнтий  аймгийн Дэлгэрхаан сумаас МҮОНТ-ын уран бүтээлчид “Адуучин” нэвтрүүлэг бэлтгэжээ. МҮОНТ-ийн 50 жилийн ойдоо зориулсан энэхүү “Адуучин” нэвтрүүлэгт 21 аймгаас  шалгарсан шилдгийн шилдэг адуучид цугларч, адууны эрдэм ухаан, эр бяраа уралдуулжээ.

            

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)