Чоно борооноор, хулгайч шуурганаар

А.Анар-Эрдэнэ


Шуурган мангас хэмээн нэрлэгдээд буй Ирма хуй салхинд АНУ-ын олон хот өртөж сүйдээд байгаа билээ. Цахилгаан эрчим хүч тасарч, цэвэр усны хомсдол, барилга байгууламжууд нурж, усанд автаад байгаагийн хажуугаар хулгайчдийн балаг ч нэмэгдэх болжээ.

Флорида мужийн Майами, Форт Лаудердэйлийн хэд хэдэн дэлгүүр халдлагад өртжээ. Ирма хуй салхины улмаас үйл ажиллагаагаа хэсэг зогсоон, түгжиж явсан спорт барааны дэлгүүрт зэвсэглэсэн этгээдүүд халдаж бараа бүтээгдэхүүнийг нь хулгайлжээ. Дэлгүүрийн хяналтын болон гудамжны камерт бичигдсэн дүрсээр гэмт хэрэгтнүүдийг таниж баривчилсан байна. Хэдийгээр дэлгүүр дохиоллын системтэй ч бүлэг хулгайчид дэлгүүрийн шилэн цонхыг буудаж хагалан нэвтэрч, цагдаа нарыг ирэхээс амжуулахаар шийдсэн бололтой.

Флоридагийн Форт Лаудердэйлийн Simon`s спорт барааны дэлгүүрт нэвтэрсэн хулгайчид 9-үүлээ байсан. Тэдний заримыг дэлгүүрээс гарч байх үед нь баривчласан байна. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр гэмт хэрэгтнүүд 18-38 насныхан байсны 6 нь том хүн, 3 нь өсвөр насны хүүхэд байжээ. Дэлгүүрээс гутал хулгайлж шоронд орно гэдэг амьдралдаа хийж буй хамгийн муу сонголт юм гэж Флоридагийн цагдаагийн газрын ахлах хэлжээ.

Майами хотод ч мөн ижил төрлийн хулгай гарсан нь дүрс бичлэгт буужээ. Дүрс бичлэгт харагдаж байгаагаар Adidas брэндийн гутал хайрцаг хайрцгаар нь тэвэрсэн залуус дэлгүүрээс гарч зугтан, зарим нь хайрцагтай телевизор тэргэнцэр дээр түрэн замаар явж байх аж. Халдлагад өртсөн дэлгүүрийн цонх хагарч, гадаа талбайд нь гутал пүүз хөглөрч, дэлгүүрийн лангуу хоосорсон байгаа нь харагдана.

Флорида мужийн Цагдаагийн газар, Майами, Форт Лаудердэйлийн цагдаагийн газрууд дэлгүүрт нэвтэрч хулгай хийсэн сэжигтнүүдийг эрэн сурвалжилж, эхнээс нь баривчилжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. hoorhii

    0 0 Хариу бичих